|

Үндсэн хуулийг одоогийнхоос муутгавал өөрчлөх хэрэггүй

batdorj 2019/09/02 528 0

1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуулийн гол автор Б.Чимэд "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шалтгаан байна уу гэдгийг харах хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар энэ парламент хаваржин, зунжин хуралдаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шалтгаан бол хангалттай байсан гэдгийг бид хуульч, судлаачдын амнаас сонсохоос гадна амьдрал дээр ч харсаар иржээ. Тухайлбал, УИХ-ын 20 гаруйхан гишүүн хууль баталдаг болсон. Шүүхийн хараат бус байдал алдагдаж, хэт улстөржсөн. Шүүх засаглалд Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэт их төвлөрсөн. Засгийн газрын үйл ажиллагаа тогтворгүй болсны тод жишээ бол 1992 оноос хойш ажилласан Засгийн газрын ажилласан хугацаа. 1992 оноос хойш 14 Засгийн газар байгуулагдсанаас хоёрхон нь бүрэн эрхийн хугацаандаа ажиллажээ. Засгийн газрын дундаж бүрэн эрхийн хугацаа 1.8 жил.

Ямар ч Засгийн газар гарч ирлээ гэсэн бодлогоо боловсруулж батлуулаад, түүнийгээ хэрэгжүүлж эхлэх гэж байтал огцордог. Үүнээс болоод нийгэм, эдийн засгийн асуудлуудаа шийдэж чадахгүйд хүрч ядуурал, авлига, баялгийн тэгш бус хуваарилалт дорвитой буурдаггүй. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа "Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт л өөрчлөх зүйлс байгаа” хэмээн ярьсан. Тодотговол одоогийн хуулинд байгаа "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага...” гэсэн нь төрийн эрх мэдлийг хуваарилах сонгодог онолын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн харилцан шүтэлцээтэй, эрх тэгш гурван эрх мэдлийг үгүйсгэжээ. Дээрх гурвын аль нэг нь "дээд” байх учиргүй. Парламентын тогтолцоог сонгосон хэрнээ Улсын Ерөнхийлөгчийг "сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ” сонгох заалт орчихсон. Ингэснээр "бүх ард түмнээс сонгогдсон” Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдтайгаа эрх мэдэл булаалдах эхлэл тавигдсан” хэмээн ярьсан байна.

Энэ мэт шалтгааны улмаас МАН-ын 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан билээ. Энэ удаа Үндсэн хуулийн бүх зүйл заалтын 28 хувийг өөрчлөхөөр болсон байв. Судлаачдын үгнээс харахад эхний төсөл тун чамбай болжээ гэсэн үнэлэлт хаа сайгүй хөвөрч байлаа. Монголын аль гайгүй гэсэн хуульч, эрхзүйчид, нэлээн олон хоног сууж хийсэн болохоор боломжийн болсон нь аргагүй биз.

Шинэ төсөлд Ерөнхийлөгчийн талаар "Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой гэдэг үүднээс 55 нас хүрсэн хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж, зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно. Мөн Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заагаагүй маш олон бүрэн эрхийг хуулиар нэмсэнийг болиулж, шүүгчдийг шилж олдог, ШЕЗ-ийн дарга, гишүүдийг томилох, Шүүхийн ёс зүйн хорооны дарга, гишүүнийг томилох, АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх гэх мэт олон бүрэн эрхтэй байсныг нь хумьж өгчээ.

Анхны төсөлд УИХ-ын талаар "Парламентын үйл ажиллагаа, хариуцлага, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулахын тулд УИХ хагас жил тутам ажлын 50 өдөр чуулдаг байсан бол төслөөр 70-аас доошгүй болгон нэмэгдүүлж, байнгын ажиллагаатай парламентын шинжийг хангах заалт оруулсан. Мөн УИХ-ын нийт гишүүний олонх буюу 39-өөс доошгүйн саналаар хуулийг эцэслэн баталдаг болно. УИХ-ын гишүүн Үндсэн хуульд заасан албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн гишүүн л УИХ-ын албан тушаалыг хавсарч болно гэж оруулж өгсөн. Энэ нь хэт олон сайд УИХ-ын гишүүн болж хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгаа бүдгэрэхээс сэргийлж байв. УИХ-ыг хариуцлагажуулахтай холбоотойгоор УИХ нийт гишүүдийнхээ гуравны хоёрын саналаар тарна. УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор, эсвэл шинээр Ерөнхий сайдыг томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана” гэх зэрэг заалтыг оруулж өгчээ.

Засгийн газрын хувьд Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь тавьбал УИХ шийдвэрлэнэ. Уг саналыг нийт гишүүний олонхоор дэмжсэн бол Ерөнхий сайд огцорч шинэ Ерөнхий сайд томилогдоно. Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилж, чөлөөлж, огцруулна гэх мэт оруулсан.

Шүүх засаглалын хувьд "Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн хүнийг томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, 40 хүрсэн иргэнийг томилно гэж байгаа. Энэ шалгуурыг хангасан нэр дэвшигчийг шүүгчээр томилох шийдвэрийг ШЕЗ гаргана. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор батламжлах ёстой. Үнэхээр Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж болно. Гэхдээ заавал үндэслэлээ нийтэд тайлбарлах ёстой. Улсын дээд шүүхийн шүүгчийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох, ингэхдээ ШЕЗ томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

ШЕЗ нь арван гишүүнтэй байна. Гишүүд дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана. Арван гишүүний тав нь шүүгч байна. Шүүгч таван гишүүний нэгийг нь хяналтын шатны шүүхийн, нэгийг нь давж заалдах шатны шүүхийн, гурвыг нь анхан шатны шүүхийн шүүгчид өөрсдөө дотроосоо сонгоно. Үлдсэн таван гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан хүмүүс буюу шүүгч биш байх бөгөөд УИХ эдгээрийг томилно. Ингэхдээ хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. УИХ санал хураахаасаа өмнө эдгээр таван нэр дэвшигч дээр томилгооны сонсгол заавал хийнэ. ШЕЗ-ийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэжээ. Энэ нь ШЕЗ дэх улс төрийн зүй бус нөлөөллийг сааруулж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа гэж тайлбарласан байна. Одоо бол ШЕЗ таван гишүүнтэй бөгөөд даргаас нь эхлээд гишүүдийг нь хүртэл Ерөнхийлөгч томилдог болсон.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар сар гаруй хэлэлцээд байтал Ерөнхийлөгч гэнэт өөрийн төслөө ирүүлсэн нь хэсэг гацаа үүсгэж, шуугиан тарилаа. Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах өөрийн төслөө бүтнээр нь батлуулна гэж зүтгэж байгаа. МАН-ын бүлгийн хуралд сууж, сүрхий ширүүн загнасан гээд мэдээллүүд хөвөрч байна. Эцэг хуулийн өөрчлөлтөд манлайлан оролцох ёстой Ерөнхийлөгч хууль хэлэлцээд эхэлснээс хойш бүхэл бүтэн сарын дараа өөрийн төслөө оруулж ирж байгаа нь хууль зөрчсөн хэрэг хэмээн түүнийг буруутгах хэсэг ч бий. Мөн "анхны төсөл их чамбай болсон, хэлэлцүүлгийн үеэр анхны төслийг сулруулж муутгасан ямар нэгэн заалт, өөрчлөлт шургуулж өөрчлөх вий гэсэн” хуульчдын хардлага биеллээ олж эхлэв бололтой. Учир нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд шүүх эрх мэдлийн талаарх өмнөх заалтуудын төслийг үгүй хийж чаджээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн байгууллагын томилгоонд Ерөнхийлөгч өөрөө оролцдог, эрх мэдлээ хэвээр үлдээхээр шийдсэн байна.

Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд УИХ-ын гишүүний тоог 108 болгох, сонгуулийг холимог тогтолцоогоор буюу гишүүнийхээ 50 хувийг нь мажоритар, нөгөө 50 хувийг нь пропорционал тогтолцоогоор сонгох, УИХ-ын гишүүн болон нийслэл, аймаг, дүүрэг, сум багийн Засаг даргын таван жилээр сонгоно гэсэн тун боломжийн заалтууд орж ирсэн юм. УИХ-ын гишүүний тоог олон болгох нь нэг гишүүний хэт их эрх мэдлийг багасгах, сонгуулийн хугацаа холимог тогтолцоо нь зардал хэмнэх гэх мэт эерэг нөлөөтэй юм.

Ямартай ч МАН-ын УИХ дахь бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан зарим заалтуудыг дэмжлээ. Гэхдээ 108 гишүүнийг 99 болгож, 23 гишүүнийг намын жагсаалтаар, 76 гишүүнээ жижиг тойргоос сонгох хувилбарыг дэмжлээ. Энэ заалт бол Ерөнхийлөгчийн хэлснээр "МАН-ын гишүүдийн түүнд санал болгож өргөн бариач хэмээн гуйсан санал юм. Эдгээрийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мөн дэмжив. Мөн "Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс татах үндэслэл болно”, "Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байна” гэж өөрчлөн найруулж, дэмжив. Харин шүүх болон шүүгчийн томилгоотой холбоотой саналуудыг Зөвшилцлийн ажлын хэсэг болон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх хүртэл түр хойшлуулжээ.

Ийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт анхны төслөөсөө ихээхэн өөрчлөгдөж байна. Энэ нь эцэг хуулийг сайжруулах биш, муутгах тал руугаа чиглэгджээ гэдгийг мэргэжлийн хүмүүсийн шүүмжлэлээс харж болно. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан бол найман жил дахин гар хүрдэггүй хуультай. Улстөрчид өөрсдийн эрх мэдлээ хадгалж үлдэх гэж элдэв улс төрийн тохироо, хуйвалдааны аргаар энэхүү нэмэлт өөрчлөлтийг хийх юм бол өнөөгийн засаглалын хямрал, улстөржсөн шүүхийн үйл ажиллагаа дахин арваад жил энэ хэвээрээ үргэлжлэх нь. Монгол Улсын эрх ашиг тэр хэрээр хөсөр хаягдаж, бүр л харанхуй үе рүүгээ орно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүмүүс өөрсдийнхөө эрх ашгийг хуульд нааж өгдөггүй ёстой.

Гэтэл энэ парламентад хэт олонх болсон МАН-ын 62 гишүүн, АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчтэйгээ нийлээд аль заалтыг яаж өөрчилбөл өөрсдөд нь хэдийд хэрхэн хэрэг болох улс төрийн тохироо, ашиг хонжоо харж Үндсэн хуулийг хүч түрэн өөрчлөх нь үү гэсэн хардлага төрж байна. Үндсэн хуулийн эрхзүйг одоогийн байгаа байдлаас нь муутгавал өөрчлөх тухай бодох ч хэрэггүй юм. МАН анх гайгүй сайн төсөл боловсруулж оруулж ирсэн ч замын дундаас Ерөнхийлөгчид захиалга өгөн өөр бусад саналуудыг нэмж байна. Үүний хариуд Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлээ хадгалах хуучин тогтолцоог хэвээр үлдээхээр тохирч чадсан бололтой. Ийм л бие биедээ барьцаалагдсан бохир тохирооны хүлээсэнд Монгол Улс, Монголын ард түмэн дахин 10-аад жил баригдах нь.

Өөр нэг зүйл бол Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг ингэж удааж, гацааж байгааг зориудын үйлдэл гэж хардаж байна. Учир нь эцэг хууль хэлэлцэх үед хуулиа эцэслэн баталтал УИХ, байнгын хороогоор өөр асуудал хэлэлцдэггүй хуультай. Үүнийг ашиглаж засгаа огцруулахгүй хэмээн зүгээр л цаг хожиж байна хэмээн эрх баригчдыг хардах хүний тоо олон болсоор.

Д.Оюунтуяа

Эх сурвалж: Өдрийн сонин  

Санал болгох

Сэтгэгдэл

top