Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Батлутын санаачилгаар хэрэгжиж буй "Бага насны хүүхдүүдийг дэлгэцийн донтолт өвчнөөс сэргийлье” аян нээлтээ хийлээ.
Уг аян сарын турш үргэлжлэх бөгөөд цэцэрлэг, сургууль, эцэг, эхчүүдэд зориулан дэлгэцийн донтолтоос хүүхэд, багачуудаа хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, хүүхүүдэд зөв дадал хэвшүүлэхэд сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах аж. Аянд 37 цэцэрлэгийн 5000 гаруй хүүхэд хамрагдана. Аяны нээлт Монгол-Турк сургуулийн хурлын танхимд боллоо.
Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэхийн тулд эцэг, эхийн дадал хэвшил нэн чухал. Ялангуяа монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон арга барил, ном товхимлыг ашиглах аж. Үүнийг "Эерэг өөрчлөлтийн түүчээ” ТББ-аас эрхлэн гаргаж буй "Дэлгэцээс холдуулах дадлууд” номыг хүүхэд, багачуудад өгч ойлгосноо зургаар илэрхийлж сарын дараа үзэсгэлэн гаргах гэнэ.
Хүүхдүүд гэлтгүй томчууд ч дэлгэцийн донтолтод өртөж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, харилцаа, хандлагад өөрчлөлт орж буй энэ цаг үед хүн амын эрүүл мэнд, сэтгэхүйг хамгаалах, бүтээлч чадварыг хөгжүүлэх аян болж байгааг нээлтэд оролцогчид хэлж байна.
Мөн уг аяныг аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Сэтгэлийн анир” төсөлтэй уялдуулж ажиллах гэнэ.