|

Мянган хятад бага тоо

batdorj 2019/10/31 398 0

Тагнуул болон цагдаагийнхан гүйцэтгэх ажиллагаа явуулж 738 хятад иргэнийг баривчилжээ. Тэдгээр иргэдийн бичиг баримтыг шалгахад 600 гаруй нь жуулчин ангиллын, 100 гаруй нь бизнес ангиллын 30 хүртэлх хоногийн визийн зөвшөөрөлтэй байсан гэж байгаа. Энэ мэдээг сонсоод  "Гүйцэтгэх ажиллагааны нөхдийг чулуу хөөлгөчихсөн юм биш байгаа” гэх хар төрөв.

Баатарлаг үйлс бүтээх гэсэн биш инээдмийн "ТҮЦ” болчихсон юм биш байгаа гэхээс яс хавталзаад болдоггүй.  Хил, гаалийнхан нь хүнд сурталд автаж, ажлаа хийхээсээ илүү авлига авахаа урьтал болгодог болчихоод эх орны маань үүд хаалга ийм байхад  энэ мянга бол юу ч биш гэж бодогдоод болошгүй. Ийн хэлэхийн учир нь Монгнол Улсад чөлөөтэй яваа  хятад иргэдийн тоо 1000-аар хязгаарлагдахгүйд байгаа юм.

Гүйцэтгэх ажиллагааныхан зөвхөн 2-3 зочид буудлаас эдгээр тооны иргэдийг шалгаж. Тэгвэл тансаг гэсэн орон сууцны хороолол, хотхонуудад  хятад иргэд тухалчихсан байдаг нь өдгөө нууц биш болсон. Тйимэрхүү хорооллуудаар явж шалгавал  дээрх тоог давсан тоо гарна.  "Бүтэлгүйтсэн” ажлаа өндөр авахуулж яасан ч их сүржигнэв. Хүмүүсийн уур уцаар, стрессийг ямар ч их хүргэв.

Монголчууд л эх захгүй, замбараагүйгээрээ ийм тийм гэж таамаг дэвшүүлж хардаж сэрдэж байхад  манай улсад суугаа   Хятадын Элчин сайдын яам  маш тайвнаар мэдэгдэл хийж "Манай иргэд Монгол Улсад цахим гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас нь өгсөн. Эл хэрэгт хуулийн дагуу зохих арга хэмжээг авна. Хятад, Монгол хоёр... энэ хэрэг дээр нягт хамтран ажиллана” гэж  мэдэгдсэн.

Гэхдээ Монгол шиг цөөн хүн амтай улсад нэг өдөр 1000 орчим нэг үндэстэн нэг дор байж байх нь  хачирхал төрүүлэхгүй байхын аргагүй. Бүгд л Хятадуудын дэндүү дээрэлхүү дураараа авирладагт дургүйцдэг, бараг үзэн ядахаас наагуур  байдаг. Тэгвэл бид яагаад Хятад улс руу тэгтлээ хошууран явцгаадгаа ч бас бодлох л хэрэгтэй. Гэхдээ  авах гээхийн ухаанаар  аливаад ханддаг монголчууд өнөөдөр яагаад ийм туйлшрамтгай, няцамхай, аймхай,  сэтгэлгүй, сэтгэдэггүй болчихов оо. Сэтгэхгүй бол бас дуурайна гэж сайхан хувилбар бий.

Биднийг Хятад улсын хилээр ороход урдаас, 2 хажуу талаас камераар хардаг,  зураг авдаг, бас хурууны хээг уншуулдаг. Хөрш зэргэлдээ улс ийм  үйлчилгээнд шилжээд 7-8 жил  байхад Монгол Улс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  дөнгөж боловсруулаад дуусч. Ирэх 11 дүгээр сарын 13-ны Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөсөн байгаа. Энэ төсөл хэлэлцэгдэж батлагдвал  Монгол Улсад 30 хоногоос их, бага хугацаагаар ирэхээс нь үл хамааран хилийн боомтоор орж ирэнгүүт хурууны хээг нь аван бүртгэдэг болох юм. Мөн тэднийг урьсан болон зочид буудал, орон байраар хангасан иргэн 24-48 цагийн дотор ГИХГ-т бүртгүүлдэг байх зохицуулалт  хийгдэх юм. Энэ нь бага боловч дэвшил. Гэхдээ хэрхэхийг эрхэм гишүүд мэднэ гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд Хятад улсад суугаа Консулын газрууд бас эргэлзээ  төрүүлж байгаа юм. Хэний татаасны хэн хэн гээч тэнд сууж байгааг цахим ертөнцөд өрнөсөн маргаанаас нь бид  саайн мэднэ. Гэтэл  тэр нөхдүүд өнөөдөр яагаад Монгол руугаа Хятад иргэдийг  хэдэн мянгаар нь "нэвтрүүлж” байна вэ гэдэг нь бас асуудал юм. Мянган хятад гэдэг бол бага тоо шүү...

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top