|

Нийгмээ балмад хүмүүсийн гарт өгөх нь Монголын ард түмний хүсэл мөн үү!

batdorj 2019/11/09 487 0

"Монголын Үндэсний фронт” гэх хөдөлгөөн "Эх орон дуудаж байна” нэртэй жагсаал зохион байгуулахаа мэдэгдэн, хоёр дахь өдрөө Төв талбайд цуглав. Хөдөлгөөний толгойлогчоор генерал Б.Баярмагнай тодорч араасаа 2013 онд Төрийн ордны гадна галт зэвсэгтэй баригдсан иргэн Ц.Мөнхбаяр, зураач Л.Өнөрчимэг, Төрийн соёрхолт Н.Нацагням, Тоймч Ш.Гантулга, Босоо хөх Монгол, Даяар Монгол ТББ-ынхан, Ж.Эрдэнэбаяр, Б.Жагар тэргүүтэй "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн” гээч газруудын нөхдийг дагуулжээ.

Тэд юуны төлөө жагсаж байгаа вэ гэдгээ Монгол Эх орондоо хайртай, өөрчлөлтийг хүсэж байгаа, Монгол Эх орноо хүчирхэг болгохыг хүссэн, амьдралаа сайжруулахыг хүсч буй, хайртай хүмүүс, үр хүүхдүүдээ эрдэм боловсролтой болгохын төлөө хэмээн тодорхойлж, үүнийг хүссэн хүн болгон фронт гээчид нэгдэж болно хэмээн уриалж байна.

Жагсаал цуглаан анх моодонд орсон 1990 онд иргэд шинэ үйл явцыг дэмжин нэг нийгмээс нөгөө рүү Монголчууд нэг ч хүний хохиролгүй эв зүйтэй шилжсэн. Харин аливаа цуглааны дундуур тодорхой зорилго агуулсан, үймээн самуун дэгдээгчид орж ирвэл ямар гамшиг нүүрлэдэг вэ гэдгийг 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдал гэрчилсэн юм.

Өнгөрсөн хугацаанд болсон жагсаал цуглааныг толгойлогчид мэргэжлийн хэмжээнд хүрч, алгуурхан албан тушаал дэвшин, зөөлөн суудалд сууцгаан амаа хамхиж эхэлсэн. Тэд сандал ширээнээсээ салахгүйн тулд иргэдийг болох бүтэхгүй зүйлд дахин дахин уриалж, залхааж байгаа нь ч бас үнэн.

Ингэхэд генерал Б.Баярмагнай тэргүүтэй хүмүүс юу хүсч байна вэ. Тэмцэгч хэмээн өрсдийгөө цоллогчдийн ярьдаг зүйл юу өгүүлнэ вэ. Энэ асуултын хариу, хэрвээ Засгийн эрх тэдний мэдэлд шилжвэл нийгэмд юу үүсэх вэ гэдгийг зураглая.

Зураач Л.Өнөрчимэг хувьсгалд хууль байхгүй гэх алдарт үгээ хэлж, бусдыг тамд аваачих, хүмүүсийг цаазаар авах тухай балмад яриагаа хэрэгжүүлнэ. Олон улсын тоймч гэгддэг Ш.Гантулга гуай Монголын нийгмийг цэвэрлэхийн тулд 200 хүний толгойг тасдаж, Монголчууд түүнийгээ тойрон бүжиг хийх хэрэгтэй гэсэн аймшигтай бодлоо хэрэгжүүлнэ.

Төрийн соёрхолт Н.Нацагням авлигын хаант улсын гишүүдийн эрүүг нь хуга цохино хэмээн гараа зангидаад босох байх. Даяар Монгол, Босоо хөх Монгол зэрэг ТББ-ууд гадна дотны аж ахуйн нэгжүүдийг дарамтлан хөлжиж, Б.Жагар, Ж.Эрдэнэбаяр нарын тэргүүлдэг Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн гээч байгууллагынхан Оюутолгойн гэрээ болон бусад гэрээг зогсоон, үндэсний эдийн засаг, нийгэм тэр чигээрээ хямрах нөхцөл бүрдэх биз ээ.

Нийгмээ ийм балмад хүмүүсийн гарт өгч, ийм хямрал амсах нь тэгээд Монголын ард түмний хүсэл мөн гэж үү!

Монголын нийгэмд болох бүтэхгүй олон асуудал хуримтлагдсан нь үнэн. Ард иргэдэд өнөөдөр шийдвэрлүүлэх ёстой, ирээдүйнхээ төлөө санаа зовних олон асуудал бий нь бас үнэн. Гэвч үүнийг шийдэх арга зам нь өөрсдийгөө сайн дураараа тэмцэгч хэмээн нэрлэсэн балмад хүмүүсийн бодлого, чиглэлгүй улайрал биш билээ. 

Үндэсний язгуур эрх ашиг гэсэн үгээр халхавч хийсэн гоё үгэнд иргэд хууртахаа больсон. Үүнийг командлагч генерал Б.Баярмагнай мэдэхийн ихээр мэдэж байгаа. Эндээс харин тэднийг юу нэгтэв гэсэн асуултын хариуг иргэд хайж байна.

Эдгээр хүмүүст бүгдэд нь нэг ижил гомдол, цөхрөл байна уу. Эсвэл хэн нэгэнтэй тооцоо бодох өш хонзонгийн асуудал нуугдаж байгаа юу. Үгүй бол үнэхээр эх орон, ард түмний эрх ашгийг төлөөлж, төртэй заалдах гэж явна уу. Бүүр эсвэл эцсийн дүндээ буюу том зургаараа нийгмийн, төрийн тогтворгүй байдал, эмх замбараагүй, үймээн самуун хэн нэгэнд хэрэгтэй, ашигтай болсон уу?

Х.Балхаа

Эх сурвалж: sonin.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top