Монгол Улсын төрийн албаны ил тод байдлыг хангах, сайн засаглал, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, төрийн албаны инноваци хөгжлийг нэмэгдүүлэх, төр, иргэн, хувийн хэвшлийн итгэлцлийг сайжруулах зорилгоор "Монгол Улсын төрийн албаны менежментийн хөгжил” сэдэвт форум эхэллээ.
Тус форумд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, зарим яам болон бусад аймаг, нийслэл, сум дүүргийн ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын 400 орчим төрийн албан хаагч оролцож байна.
Форумын үйл ажиллагааг нээж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нар үг хэллээ.
Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн тус үйл ажиллагааны үеэр "Монгол Улсын төрийн албаны хөгжил, шинэтгэл, цаашдын зорилт”, "Төрийн байгууллагад олон улсын стандарт нэвтрүүлэлт, цахим засаглал ба процессын дахин инженерчлэл”, "Тогтвортой хөгжил ба нийгмийн засаглал”, "Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа” гэх мэт илтгэлүүдийг хэлэлцүүлж байгаагаас гадна салбар хуралдаануудаар үргэлжлэх юм.
Форумын төгсгөлд нэгдсэн хуралдаан болж зөвлөмж гаргана.
"Монгол Улсын төрийн албаны менежментийн хөгжил” форумыг Монгол Улсын төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, АТГ, Орхон аймгийн ЗДТГ, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Олон улсын "Конрад Аденауэр сан”, "Lead Mongolia” хөтөлбөрийн "ТАС” төсөл, Нийгмийн итгэлцэл-Тогтвортой хөгжлийн төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Тус форумыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал ажиллав.