|

Билл Гэйтсийн хөрөнгө оруулсан компани нарнаас асар өндөр температуртай дулаан гаргаж чаджээ

batdorj 2019/11/20 549 0

Өнөөдрийг хүртэл нууц байдалд байсан Heliogen нэртэй компани технологийн шинэ дэвшил хийж чадсанаар өчигдөр олны анхаарлын төвд орж ирсэн байна. Цэвэр эрчим хүч үйлдвэрлэх зорилготой тус компанид дэлхийн тэргүүн баян Билл Гэйтс хөрөнгө оруулсан юм. Heliogen компани нарны гэрэл ойлгогч толинууд болон хиймэл оюуны систем ашиглан анх удаа Цельсийн 1,000 хэмээс дээш температур гаргаж авснаа зарлажээ.

Өөрөөр хэлбэл тус компани нарны гадаргын халууны дөрөвний нэг орчимтой тэнцэх хэмжээнд халдаг тогоог бүтээсэн гэсэн үг юм. Ингэснээр ямар ч хүлэмжийн хий ялгаруулалгүйгээр цемент, ган, шилний үйлдвэрүүдийг ажиллуулдаг болох ажээ. Хүнд үйлдвэрийн салбарууд нь агаар мандалд маш их хүлэмжийн хий ялгаруулдаг бөгөөд цэвэр эрчим хүчний хувьсгалд хараахан хөндөгдөөгүй байгаа юм. 

"Бид шатдаг түлшнээс бага зардалтай, бас CO2 агаарт ялгаруулдаггүй технологийг бий болгож чадлаа” гэж Heliogen компанийн үүсгэн байгуулагч, гүйцтгэх захирал Билл Гросс ярьжээ. Зөвхөн цементийн үйлдвэрлэл дэлхийн нийт хүлэмжийн хийн 7 хувийг бүрдүүлдэг тухай Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг мэдээлсэн байна. Тус компанийн толины тусламжтай нарны гэрлийг нэг цэгт төвлөрүүлдэг технологи шинэ зүйл биш. Өмнөх технологиудын үүсгэсэн дулаан нь хүнд үйлдвэрт ашиглах хэмжээнд хүрээгүй байсан юм.

Heliogen компанийн технологи нь хиймэл оюун дээр суурилсан программын тусламжтайгаар нарны гэрлийг хамгийн өндөр үр дүнтэй төвлөрүүлж чаддагт байгаа ажээ. "Хэрвээ мянган толиноос ойх гэрлийг яг нэг цэгт жигд төвлөрүүлж чадвал асар өндөр дулаан гаргаж авч болно” гэж Билл Гросс тайлбарлаж байна. Үүнээс гадна Heliogen-ий технологийг ашиглан устөрөгчийг их хэмжээгээр гарган авч болох юм. Ингэвэл устөрөгчөөр ажилладаг автомашин, нисэх онгоцнууд түлшний найдвартай эх үүсвэртэй болно. Одоо тус компанийн өмнө тулгарч буй хамгийн том асуудал нь том үйлдвэрлэгчдийг ятгаж, шатдаг түлшнээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх юм байна. Heliogen хэд хэдэн үйлдвэрлэгчидтэй энэ талаар ярилцаж байгаа бөгөөд удахгүй анхны хэрэглэгчээ зарлана гэж Гросс ярьжээ.

Р.Түвшин

Эх сурвалж: CNN

Санал болгох

Сэтгэгдэл

top