1. Байгалийн хийн ач холбогдол хийгээд эрэлтийн хандлага
Байгалийн хий бол шатдаг төрлийн энергийн эх үүсвэрүүдээс хамгийн байгаль орчинд ээлтэй түүхий эд юм. Шаталтаас ялгарах СО2 нь нүүрснээс даруй 50 хувь бага байдаг. Тодруулбал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх НҮБ-ын хүрээний конвенц хийгээд Европын энэ чиглэлийн хөтөлбөрүүдийн үзэл баримтлалтай нийцдэг цор ганц түлш гэж тодорхойлдог. Тиймээс дэлхийн хэмжээнд байгалийн хийн эрэлт хэрэгцээ эрчимтэй өсөн нэмэгдсээр байна. Бодит жишээ дээр үүнийг авч үзье.
Оросын Холбооны Улсаас Европын Холбооны Улс орнууд руу байгалийн хий нийлүүлэх "Умард урсгал-1” хос хийн хоолойн барилгын ажил 2011 онд дуусаж, нээлтээ хийсэн байдаг. Балтын тэнгисийн ёроолоор Орос-Герман Улсыг шууд холбосон уг хос хоолойн нэг жилд нийлүүлэх хийн боломжит хүчин чадал 55 тэрбум куб.метр. Энгийнээр илэрхийлбэл энэ нь 14 атомын цахилгаан станц, эсвэл 50 нүүрсний цахилгаан станцын жилд үйлдвэрлэх эрчим хүчийг бий болгох боломжтой энергийн эх үүсвэр юм.
"Умард урсгал 1”-ийн Оросоос Евро бүс руу нийлүүлсэн хийн хэмжээг авч үзвэл 2012 онд 11,5 тэрбум куб.метр буюу хийн хоолойн боломжит хүчин чадалын 33 хувийг ашиглаж байсан бол энэ үзүүлэлт эрчимтэй өссөөр 2018 онд хийн нийлүүлэлтийн хэмжээ 58,8 тэрбум куб.метр болж, хийн хоолойн ачаалал боломжит хүчин чадлаас давж 106,9 хувьд хүрэв. Дээрх нөхцөл байдал нь "Умард Урсгал 2” хос хийн хоолойн барилгын ажлыг идэвхжүүлсэн юм. "Умард урсгал 2” хос хийн хоолой нь мөн л Балтын тэнгисийн ёроолоор Орос-Герман Улсыг шууд холбож байгаа бөгөөд нэг жилд нийлүүлэх боломжит хийн хүчин чадал нь 55 тэрбум куб.метр юм. 2019 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар барилгын ажил 83 хувьтай явж байна. 2035 он гэхэд Европын Холбооны Улс орнуудын жилийн байгалийн хийн хэрэгцээ 200 тэрбум куб.метр хүрэх төлөвтэй байна.
2. Хятадын байгалийн хийн хэрэгцээ хийгээд Монголын боломж
Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудыг тэргүүлж байгаа эхний 50 хот дотор БНХАУ-ын 10 хот багтаж байна. Агаарын бохирдлыг буруулах нь Хятад Улсын тэргүүлэгч зорилтуудын нэг болоод байна. Дэлхийд аман хүзүүддэг супер эдийн засагтай энэ улсын бахархал НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хурлууд дээр хэдэн "ногоон идэвхтнүүдэд” загнуулж дарагдаад байгаа нь гашуун үнэн билээ.
2017 онд БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн улсын хороо цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү шилжиж, нүүрний үйлдвэрлэл болоод импортын хэмжээг үе шаттай бууруулах төлөвлөгөөг баталсан байдаг. Төлөвлөгөө ёсоор нүүрсээр ажилладаг 20 ГВт-ын дулааны цахилгаан станцуудыг татан буулгаж, 2020 он гэхэд Хятадын эрчим хүчний балансад байгалийн хийн эзлэх хэмжээг 10 хувь хүртэл нэмэгдүүлэх ёстой. Үр дүнд нь Хятад Улсын 2018 оны байгалийн хийн хэрэгцээ 2017 оны үзүүлэлтээс даруй 17,3 хувь өсөж 280,3 тэрбум куб.метрт хүрсэн бол 2019 оны урьдчилсан мэдээгээр 310 тэрбум куб.метрт хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтийн динамикаас үзэхэд төлөвлөгөө яс биелэх төлөвтэй. Төлөвлөгөөг яс биелүүлэх нь Хятадын уламжлал шахуу юм даа.
Талууд 2020 онд Хятадын байгалийн хийн хэрэгцээ 360 тэрбум куб.метр орчим болж өснө гэж таамаглаж байна. Тус хэрэгцээний 80-110 тэрбум куб метрийг Оросын хийн хоолойнууд нийлүүлнэ гэж тооцсон байгаа юм. 2025 он гэхэд "Газпром" нь баруун ба зүүн маршрутын хоолойгоор дамжуулан жил бүр 60 тэрбум куб метр хий Хятад руу экспортолж байхаар төлөвлөөд байгаа. Тус төлөвлөгөө ёсоор зүүн маршрутын "Сибирийн Хүч” нэртэй байгалийн хийн хоолой энэ сард үйл ажиллагаагаа эхлүүлэв. "Сибирийн Хүч” хос хоолойн жилийн боломжит хүчин чадал 38 тэрбум куб.метр.
Одоо төлөвлөгөө ёсоор ойрын хугацаанд "Газпорм” баруун маршрут буюу Алтайн маршрутын гэгддэг "Сибирийн хүч 2” байгалийн хийн хоолойн барилгын ажлыг эхлүүлэх нь дамжиггүй гэж "Риа-Новости” агентлаг бичжээ. Баруун маршрутын хоолой "Алтайн” хоолой байх уу "Талын” хоолой байх уу шийдэл энэ саруудад гарах нь нэн тодорхой зүйл юм. Газпромын анхны төлөвлөгөө ёсоор "Сибирийн хүч 2” хийн хоолой буюу баруун маршрутыг Монгол Казахстаныг зааглан Орос-Хятад Улс шууд хиллэдэг зурвас хэсгээр дамжуулан барихаар төлөвлөсөн бөгөөд энэ "Алтайн” гэгдэх маршрут туйлын ээдрээтэй юм.
а) Тус маршрут Алтайн их уулсыг дамнуулан хийн хоолойг барих шаардлагатай нүүр тулдаг. Энэ нь төслийн барилгын гүйцэтгэлийн зардлыг асар их нэмэгдүүлээд зогсохгүй хийн хоолой ашиглалтад орсноос хойших урсгал засварын зардлыг өсгөнө.
б) "Газпром” компани нь Оросоос Хятад руу хий нийлүүлэх баруун, зүүн маршрутын хийн хоолойг байгалийн хийгээр хангах "Ямал-СПГ” төслийг аль хэдийн хэрэгжүүлсэн байгаа бөгөөд хийн нөөц хуримтлалын үндсэн бассейнаас "Алтайн” гэгдэх энэ маршрутаар Хийн хоолойг Хятадтай холбохын тулд маш их тойрч гажих болно. Энэ мөн л төслийн төсвийг нэмэгдүүлээд зогсохгүй, урсгал зардлыг өсгөнө.
Дээрх хүчин зүйлс "Газпром” компанийн анхны төлөвлөгөөг бүрэн няцааж байгаа бөгөөд Монгол Улсын дамжин өнгөрөх маршрут нь газар зүйн хувьд үнэхээр талын бөгөөд шулуун маршрут юм. Түүнээс гадна Монголоор дамжих "Талын” маршрут Хятадын хүн ам ихтэй агаарын бохирдол өндөртэй төвийн болоод хойд бүсийн хотууд руу нийлүүлэлтийн үндсэн бассейнаас шууд чиглэх юм.
3. Монголыг хэн дэмжиж байна?
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Владивосток хотод гурван удаагийн Дорнын эдийн засгийн Форумд оролцохдоо байгалийн хийн хоолойг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярьсан. Нэг удаа өөр улсад жудо үзээд явж байхад мөн төлөвлөгдөөгүй уулзалт хийж бас л шаналгасан. Монголд айлчлахад нь мөн л нөгөөхөө хүссэн. Эцэст нь Монгол дахь айлчлалын үр дүнд Оросын төрийн тэргүүний сэтгэл эргээд буцжээ. Москвад очсон даруйдаа "Газпром”-ын тэргүүн Алексей Миллерыг Кремльд тусгайлан дуудаж ирүүлээд "Хятад руу байгалийн хий нийлүүлэх баруун маршрутын хийн хоолойг Монгол Улсаар дамжин өнгөрүүлэх боломжийг судал” хэмээн лүндэн буулгав. Энэ ажилд гарсан анхны томоохон ахиц энэ байв. Энэ удаад Монгол төр уламжлал ёсоор алгуурласангүй ээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Орос Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Тус айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзах үеэрээ гайхал хийн хоолойг хөндсөн юм. Дмитрий Анатольевич Монголын маршрутыг бодит ажил хэрэг болгох эхлэлийн цэгийг хатгав. Оросын Эрчим хүчний яам Газпромд "Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх маршрутаар байгалийн хийн хоолой барих ажлын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгов”. Энэ тухай ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев сэтгүүлчдэд өнөөдөр мэдэгдлээ. Том алхам шүү. Монгол төрийн өндөрлөгүүд улсынхаа том ашиг сонирхол дээр нэгдмэл хүч болон зүтгэсний шагнал.
3. Төгсгөлд нь
Оросоос Хятад Улс руу байгалийн хий нийлүүлэх хийн хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх боломжийн үндсэн ач холбогдол нь
-Хийн транзитаас хэдэн төгрөг олохдоо биш, барилгын ажилд хэдэн мянган залуус оролцож ажилтай болохдоо ч биш юм. Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол эдийн засгийн хамгийн бага ачаалалтайгаар шийдэгдэх боломж бүрдүүлж байгаад оршиж байна. Нөгөөтээгүүр дээрх явдал нь шууд утгаар ач холбогдлыг тодорхойлсон хэлбэр. Харин илүү өргөн цар хүрээтэй далд утгаар нь ач холбогдлыг тодорхойлбоос <<Хоёр том хөршийн бодлогын дээгүүр Монгол Улсынхаа ашиг сонирхлыг нисгээд байх орон зай үүсэх "хийн хоолой” хэмээх геополитикийн тамга хөзөртэй болох түүхэн боломж>> юм.
Олон Улсын Энергийн Агентлагийн тайланд Хятад улсын байгалийн хийн хэрэгцээ 2030 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 550 тэрбум куб метр болно. Мөн 2025 он гэхэд жилийн хийн импортын хэмжээ 155 тэрбум куб.метрээс давж өсөх бөгөөд энэ нь өнөөгийн дэлхийн зах зээлийн 35 хувьтай дүйцэнэ гэж тооцжээ. Энэ тоо бидний тамга хөзрийн үнэ цэнийг хангалттай илэрхийлэх мэт.
Б.Саранцацрал /Москвагийн Улсын Их Сургуулийн онц төгсөгч/