|

Хаан суудлын ЭРХ ОЛГОГЧИД буюу халамжид АЛГА ТОСДОГ монголчууд

mart 2019/12/10 492 0

Гуя дагаж хүзүү гэж үг бий. Сонгууль дагасан далд эдийн засгийн хэлбэр олширч эхэллээ. Энэ нь юу гэсэн үг болохыг бид бараг зөнгөөрөө мэдэрдэг, ойлгодог болжээ. Ямар сайндаа л "Өвлийг өнтэй давья гэвэл идэшээ бэлд, ордонд гишүүн болж тухлая гэвэл халамжаа бэлд” гэх шинэ хэлц гарчихсан байгаа юм. Шинэхэн энэ хэлцийнхээ ном журмаар гишүүд ч өөр өөрсдийн тойргоо хэдийнэ услаад эхэлчихсэн бөгөөд сонгогчдынхоо ард хэдийн гарчихсан, ганцхан хавирч унагах сүүлчийн мэхээ хийх хугацаагаа хүлээж сууцгаана. Тэгэхээр гэмгүй царайлсан, юу ч мэдээгүй, ойлгоогүй, жаахан тэнэгдүүхэн харцаар биднийг хуурчихсан яваа нөхөд цөм тойргийн гаднаас сурталчилгаагаа хэдийн эхэлсэн гэдгийг энд онцлоё. Учир нь улам бүр ухаажсаар байгаа сонгогчдынхоо итгэлийг олохын тулд халамжлахаас өөр зам үлдээгүйг мэдэж байна. Халамжлахдаа аргаа улам бүр нарийсгасан бөгөөд иргэдийнхээ гар дээр ил тод 20 мянган төгрөг тавьчихдаг хуучинсаг арга ул болжээ. 

 

Хэрхэн, ямар арга замаар сонгогчдынхоо өмнө бурхан мэт шүтэгдэж буянтан мэт аашлахаа тэд мэддэг болсны жишээ олон байна. Хаан болохын тулд халамжийн бодлого хэрэгжүүлнэ. Ингэхдээ мөнгөнд дургүй хэн байх билээ гэх монголчуудын дунд түгээмэл болчихсон технологийг өчиггүй дагаж байна. Өөрөөр хэлбэл, хаан суудлын эрх олгогчид буюу халамжид алгаа тосдог монголчуудын сул талыг тэд тас базна.

Халамж нэгэнтээ сонгуулийн сонгодог технологи болчихсон юм бол үүнийг арилгах ямар ч аргагүй нь даанч үнэн. Гэхдээ сонгогчдоо халамжлахад учир бий.

"Бэлэн мөнгө, гурил, будаа, бидон сав тараасан хэнийг ч сонгохгүй байя” гэх мессэж эрх баригч намуудын идэж уусан гэх, албан тушаал наймаалцсан гэх, томоохон орд газар зарсан, үрсэн, лиценз, худалдсан, тендер булхайцуулсан асуудал босох бүрт хонх мэт жингэнэдэг. Гэвч нэдэр дээрээ халамж гэх хөх инээд хүргэм багахан шоунд нийтээрээ цадаж алгаа тосоод авчихдаг. Дээр хэлсэнчлэн гуя дагаж хүзүү гэгчээр саналыг нь авах арга, ажиллагаа далд хэлбэрээр сонгогчдын гэрт нэгэнт орчихсон өнөөх жаал зугаахан халамжтай нь хамт бонус болон дагалддаг нь гунигтай. Ийм л өнгө 2020 онд ч  парламентыг бүрдүүлэх нь тодорхой болчихлоо.

ХАЛАМЖ ХҮРТЭЭХ АРГА АЖИЛЛАГАА НАРИЙСЧ БАЙНА

Өдийд шоргоолж мэт бужигнаж байх ёстой гишүүд нэг л чимээгүй, нам гүмхэн байна. Гэхдээ Улаанбаатарт л нам гүм ноёлж байна. Гартаа хайр барьж халаасандаа халамжийн бүхий л хэлбэрийн арга ажиллагааг түнтийтэл нь чихчихсэн нөхөд үе үе орон нутаг руу жирийлгээд эргээд Улаанбаатарт ирэхдээ юу ч болоогүй мэт гэмгүйхэн царайлаад ороод ирдэг болсоор лав сүүлийн нэг жилийг үдлээ. Дэндүү алсын хараатай ханддаг болжээ, манай гишүүд. Цагийг нь тулгачихаад "Намайг сонго” хэмээн айл айлын хаалга савлаж явдаг үе өнгөрч. Тэрүүхэн хэсэгт нь хэд хэдэн баг болгож сонгогчидоо хуваагаад далдхан, чимээгүйхэн өнөө хэдтэйгээ тулж ажиллачихаад ирцгээдэг болжээ. Ингэж сонгогчидоо халааслачихсан байгаа нөхөд УИХ-ын 50:26 гэх холимог тогтолцоог хүлээн зөвшөөрөхгүй, 76 жижиг тойрог болж тоглоно хэмээн хошуугаа унжуулаад хөлөө жийж суучихаад хөдөлдөггүй ээ. Яг л тоглоомын тасаг дотроос нүдэнд харагдсан бүхнээ авахаар уйлагнах жаахан хөвгүүд шиг. 
Тэгэхээр гишүүдийн эрх ашгийг хангахын тулд сонгууль хуучин загвараараа болох нь тун ч тодорхой болчихлоо. Бүтэн жилийн хугацаанд эргэж ирсэнээ зарлаж, тойргийнхоо иргэдийг халамжилсныхаа хариуг тэд ингэж л авахаар зэхэж байгаа нь тодорхой. Хэрэв 50:26 гэх холимог тогтолцоогоор сонгууль хуульчлагдвал өнөөгийн гишүүдийн хэнд нь ч ашиггүй юм. Тиймээс Сонгуулийн хууль хэрхэн гарахаас хамаарч сонгогчдынхоо хөлд хэрхэн суух, ямар мэхээр тонгорч унагахаа эцсийн байдлаар шийднэ. Тэгэхээр иргэдийн тухайд дараагийн дөрвөн жил даралтанд орж хэвтэх үү, өчүүлж элдвээр бууж өгөх үү гэдгийг ч шийдэх юм. Одоогоор барьцаа хангалттай авчихсан зөвхөн эцсийн мэхээ хүлээн байгаа гишүүд хаана, хаана, хэрхэн ямар халамж өрнүүлж сонгогчдоо энхрийлээд байгааг цухас дурдая. 

ГИШҮҮД ТОЙРГОО ХАЛАМЖЛААД ХЭДИЙН ЭХЭЛСЭН

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ж.Энхбаяр, Д.Амарбаясгалан, М.Билэгт, Б.Чойжилсүрэн, Г.Занданшатар, Н.Цэрэнбат, М.Оюунчимэг, Н.Учрал гэх мэтээр үргэлжилнэ. Хамгийн гоё нь тойрог услах арга, халамж хавтгайруулах арга улам бүр нарийсаж байгаа нь сонин. Тухайлбал, Хэнтийн Батноров сумын Бэрх тосгонд Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа аялал жуулчлалын төв барихад таван тэрбумыг төсөвлөсөн байна. Гэтэл энэ нь Л.Оюун-Эрдэнэ сайдын тойрог. Мөн Архангайн сумдын оюутнуудад зориулан дотуур байр барихад зургаан тэрбумыг төсөвлөжээ. Энэ Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарын тойргоо услах арга байх жишээтэй. Харин МАХН үнэгүй байр өгнө хэмээн томорсон. Хэт итгэл үнэмшилгүй ийм халамж хэрхэн өр болж эдийн засгийг хөөсрүүлж, барилгын үнэд хэрхэн нөлөөлж дуусдаг болохыг та бид мэдэх учраас энэ яриа газар аваагүй нам жим болсон. Халамжийн хамгийн трэнд болсон 10 кг будаа, гурил, ахмадуудад зориулдаг 20, 50, 100 мянган төгрөгийн хадгаламж нээх арга, багш, оюутнуудын дунд өндөр төсөвтэй тэтгэлэг зарлах, тойргийнхныхоо тоглох хүсэл дээр тоглосон элдэв тэмцээн уралдаан зохион байгуулах, жалга довоор нь шилдэг болгож зарлах, битон сав тараах өөрийн хөрөг зураг бүхий элдэв хоолны сав, данх тараах нь 2020 оны сонгуулийн сурталчилгааны брэнд байхаасаа нэгэнт өнгөрсөн билээ. 

ХАЛАМЖЛАХАД УЧИР БИЙ...

Хааны суудал "худалдаж” авахад учир бий, гишүүд ээ. Халамж нэгэнтээ сонгуулийн сонгодог технологи болчихсон юм бол үүнийг арилгах ямар ч аргагүй нь даанч үнэн. Гэхдээ сонгогчдоо халамжлахад учир бий. Дөрвөн жил усанд хаясан чулуу шиг алга болчихоод сонгуулийн өмнөх жилийн хавраас эхлэн таван ширхэг ул боов бариад гэрт ороод ирдэг шившигт үзэгдлээ болио. Тэгснээс дөрвөн жилийн хугацаандаа тэнцвэртэйгээр тойрогтоо анхаарал тавь л даа. Ингэхдээ иргэдийнхээ амьжиргаанд үнэхээр хэрэг болох, сэвхийтэл өөд нь татах ажил хийдэг болчихвол сонгууль хаяанд тулчихсан эцсийн мөчид элдэв аргаа барахгүй шүү дээ. Гишүүний мандат авсан л бол ахиж уулзахгүй мэт аашилдаг хуурамч багаа тайлчих аа. 
Гэхдээ энэ удаад саналаа өгч хэн нэгний нэр дугуйлах насныхандаа хандаж хэлэхэд, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон, энэ нь шүүхээр тогтоогдсон, шоронд орж уучлагдсан, элдэв сангуудаас боломжит бүхий л нөхцөлөөр нь мөнгө авч шамшигдуулсан, АТГ-т дуудагдсан, хавтаст хэрэгтэй гэх мэт албан тушаалтныг дахин төрд оруулдаггүй, сонгодоггүй байя. Бид алив гэмийг амархан мартаж, тэгсгээд л уучилчихдаг налгар ард түмэн. Тиймээс өөрийн тойрогт таны саналыг авахаар морилсон хэнбугайг ч тал бүрээс нь сайтар судлан байж шийдвэрээ гаргахыг хүсмээр. Хаана хаанаа ийм үүрэг, хариуцлага байхгүйгээс өдгөө хэдэн парламент дамнасан бүдүүн бүдүүн дарга нарт хууль ёс үйлчлэхээ байх нь ээ. Тэд ч амташсан хэрээ 13 дахина гэгчээр төрийн хулгайд гаршлаа. Залилан хийж, бүлэглэн хулгайлах төрөлд албан тушаалтан, гишүүдийг гүйцэх хүнгүй шоронжсон нийгэм боллоо. Халамжлахад учир бий.  МСҮТ-ийн 80 орчим мянган суралцагч cap бүр 200 мянган төгрөгийн цалин авах, цалин нэмэх, өндөр настнуудын тэтгэвэр нэмэх, өрх толгойлсон аав, ээжүүдээ халамжлах, хүүхдүүдэдээ зориулж эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж халамжилбал түүн шиг сайн үйл алга хэмээн алгаа ташихсан. ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийг төр нь 100 хувь халамжлан анхаарч цэцэрлэгт үнэгүй хамруулъя гэвэл үүн шиг хэрэгтэй халамж алга хэмээн дэмжихсэн. Улс эх орондоо хийдгээ хийчихсэн ахмадуудынхаа тэтгэврийг нэмье, тав, арван жилээр өвлүүлэн үлдээдэг болъё гэвэл ийм таатай бодлогыг хоёр гараа өргөөд ч болов дэмжье гэхсэн. Насанд хүрээгүй хүүхдүүдээ төр эрүүл мэнд, боловсролынх нь чиглэлээр бүхий л түвшинд анхаарна. Ирээдүйн иргэндээ эмнэлэг, сургууль төлбөргүй боллоо гэвэл хашгиран баярлахсан. Үүнийг дагаад хэчнээн ажлын байр бий болох вэ.  Даанч ийм халамж өнөөдрийг болтол алга. Иргэнийхээ амьдралд хэрэгтэй, бодитой тус дэм болох бодлогын хэлтэрхий ч алга. Ашиглах, ашиглахгүй нь мэдэгдэхгүй байшин барилга, хөшөө, угтах хаалга, хэн үзэж сонирхох нь мэдэгдэхгүй загвар хийц тааруу, алс холд, талын нэг хэдэн хөшөө босгох шиг хэрэггүй зүйл үнэндээ өнөөдрийн монголчуудад алга. Иргэндээ, хүндээ, хүүхэддээ, ахмад үеийнхэндээ ус агаар шиг хэрэгтэй амьжиргааг нь өөд нь татах ажилд төсвөө зарцуулдаг болчихвол  УИХ-д сууж байгаа бүхнийг чичлэх сонирхол алга. Тэгэхээр сонгуульдах, сурталчилгаа хийх технологио өөрчлөхгүйгээр гишүүн болно гэдэг хайч барьж байгаад нүдээ сох хатгахтай ижил үйлдэл болж байгааг сануулъя. 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин


Санал болгох

Сэтгэгдэл

top