|

Ядуурлын “меню”

saikhnaa 2016/01/15 531 0

Төсөвт дарамттай, төлөвлөгдөж тооцоолоогүй, эх үүсвэргүй нөхцөлд ордны дотор аман хэмжээнд гэнэт гарсан шийдвэрийг төрийн 3 өндөрлөг ярилцаад гаргасан. Урагшаа явж байсан машинаа зогсоолгүй ухрах араанд хийж байгаатай адил асар муйхар шийдвэрүүдийн нэг. Үүнийг нь яаж хэрэгжүүлэх, мөнгийг нь хэрхэн босгох талаар гишүүд дөнгөж хэлэлцэж байхад доод талд нь хүүхдүүдийг дахин бүртгэх журам гарчихсан мөнгөө авах гэсэн эцэг эхчүүд учраа олохгүй уймраад эхэлчихэж. Хороо хэсэг, халамжийн төв дээр урт дараалал бий болжээ. 20 мянга ч гэсэн аваад амьжиргаандаа нэмэрлэхээр бачимдаж байгаа олон иргэдээ хараад халамж өгөөд л байвал сонгогдоно гэсэн улстөрчдийн итгэл зузаарч байгаа нь лавтай. Тэрбумыг хаяад нэг тойрог авахаар суугаа  горилогчид цөөнгүй байгаа гэсэн. 20 мянгын төлөөх нийгмийн энэ чичиргээ тэдэнд тун таатай зураглал болж харагдаж байгаа.

 

Хүүхдийн 20 мянгын хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэж байгаа чуулганы тэмдэглэлийг харахад зарим гишүүн бүр цайрчээ. Сүүлийн хагас жилийн санхүүжилтээс урагш нь шахаад хүүхдийн мөнгийг аргалья гэсэн санаачилга хүртэл гаргасан байсан. Сонгуулийн дараа юу болсон ч хамаа алга гэсэн сэтгэлгээ улстөрчдийн тархийг бүрэн манантуулсаны тод жишээ энэ. Ирэх сонгуулиар барьцаалсан халамжийн бас нэг урхи байгаа. Намрын чуулганаар Хамтын тэтгэврийн хуулийг баталчихаад дараа онд хэрэгжүүлэхээр заасан. Тайлбар нь энэ оны төсөвт эх үүсвэр санхүүжилт нь тусаагүй тул дараа оноос хэрэгжүүлэх боллоо гэсэн. Энэ нь бас л нэг сонгуулийн уяа. Хууль баталсан ч үүнийг нь дараагийн парламент нь өөрчилчихвөл ахмадууд хулхидууллаа гэхэд хэцүү. Энэ парламентын буруу биш. Тэгэхээр энэ хэдийг нь дэмжиж байгаад ирэх сонгуульд гаргахын төлөө юм бодох болж байна. Ядаж энэ хуулиа хэрэгжүүлэх болов уу гэсэн найдлагын үзүүрт саналаа өгөх болж байна.

 

Хүүхдийн мөнгөн дээр ахмадын хамтын тэтгэвэр шиг новширч арай чадсангүй. Төсөвт танагдаж суусан мөнгийг хүчээр олгохоор зүтгүүлж эхэллээ. Ард нь 5 хувьд шилжиж байгаа Ипотекийн зээлийн хөрөнгө мөнгөний эх үүсвэрийн асуудал босч ирчихээд байна. Тэтгэврийн сангийн хөрөнгийг энэ зээлтэй холбох мэргэн санааг нэг нь олж гаргаж дээ. Хөгжлийн чиг хандлагаа барьсан бодлогоор бус нэг түшээгийн тархинд нь гэнэт харвасан мэргэн санаа, эртний тооны бэлэгдэл зэргээр төрийн том шийдлүүд гардаг. Түүнийг нь дагаж эдийн засаг нь иргэдийнхээ амьжиргаатай савлаж байдаг энэ дүрэг зургаар хаа хүрч хөгжих билээ.

 

Хөгжил буюу хүний амьдрах орчны стандарт хангасан цэвэр агаартай, эрүүл эдийн засагтай, аюулгүй байдал эрх зүйн шударга тогтолцоо хангагдсан улс орон болохын тулд бид энэ хандлагаа л өөрчлөх ёстой.

 

Хүүхдийн мөнгөний эсрэг кноп дарлаа гэж С.Ганбаатар, Г Уянга хоёрыг нэр онцлон жаал доош нь хийв. Үүнийг хамгийн боловсролтой тусдаа вакуум хэсэгт өөрсдийгөө авч үздэг твиттерийнхэн гардаж өөр хоорондоо рэтвүүт хийв. Энэ мэт энгийн зүйл дээр л өнөөх эх оронч, цэцэрхэгч улстөрчдийн ялгаа тод харагдаж, ирээдүйгээ бодож кноп дарсан улстөрчдөд урам өгсөн массын дэмжлэг бэлэн баймаар. 

 

Эсрэгээрээ байна. Юм өгнө тараана гэвэл улсын сан хоосруулах байсан ч тэр талд нь бушуухан кноптоод магтуулахаа л бодохоос аргагүй болж байгаа өөрийн бодолтой цөөн хэдэн гишүүнийг бас өрөвдчихлөө. Ийм хандлагаар нүүрс, бидон нэгж мөнгө тараадаг нь ичихээ байж, эрх баригчид нь төсвөө хүндрүүлсэн цөөнх баяуудыг дэмжсэн хулхи улс төр хийгээд бүр сурчихлаа. Энэ бол иргэддээ ирэх жилийнх нь "ядуурлын меню”-г захиалж байгаа хэрэг. Энэ "меню”-д бидний өдрөө аргацаах сэтгэлгээ хандлага үндсэн зууш нь болж байна. 

 

Өнгөрсөн 4 жилд иргэдийн амьдралд хямрал уналт бодитой ирсэн ч сонгогчдын ухаарал, цаашлаад сонгогчдын боловсролд нааштай ахиц гараагүй бололтой. Сонгогчдын боловсролын тэргүүн хатагтай нь сайд болж сонгууль явуулах "халамжийн тактик” хэвээр үлдлээ. Мэдээж эцсийн сонголтын үр дүн яаж гарахыг тооцоолох эрт байна.

 

Бидэнд одоо нэг их том яриа, агуу эх орончид, хэтийдсэн амлалт хэрэггүй. Монголчуудын минь өнөөдрийнхөө уушгийг илүүд үзэж амьдраад байгаа энэ ядуу орчин, халамжийг шүтсэн хандлага сэтгэхүйг өөрчлөх цаг хугацаа төрд хангалттай байсан. Одоо уриалах бус улсаа сүйрүүлсэн алхмуудыг хяналтгүй явуулж байгаа улс төрийн намуудын үйл ажиллагааг хазаарлах, намуудыг эдийн засаг бизнесээс "тусгаарлах”  хуулийг батлуулж авахын төлөө улстөрчдөд бүхий л боломжоор нөлөөлөх цаг ирсэн.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/ 

Санал болгох

Сэтгэгдэл

top