Баян, ядуугийн ялгаа хэдхэн хоногийн дотор улам тодрох боллоо. Хэдийгээр зорилтот бүлгийн өрхийн хүүхдэд мөнгө өгнө гэж тодотгож байгаа ч энэ нь "ядуу хүүхдэд" гэж ялгаран сонстох болов.
Ёс бус ухамсартай, хүүхдээ хаяад бултдаг, зугтдаг, эргэж хардаггүй, тэтгэмж төлөхөөс зайлсхийдэг хариуцлагагүй эцэг, эхчүүд байхад хүний өөрийн олон хүүхдийг адилхан аваад л явдаг сайн аавууд ч энэ нийгэмд олон бий. Үртэйгээ хамт байлаа ч хүүхдийнхээ мөнгөөр архи уучихдаг аавууд цөөхөн ч гэлээ байдаг нь үнэн. Гэхдээ тэдний хүүхдүүд биш, эцэг, эхийн ухамсар ядуу юм.
Тиймээс Монгол төр ч, нийгэм ч хүүхдүүдээ "алагчлах” учиргүй.
Шийдлийн Засгийн газраас улс орны эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төсвийг олон талаас нь танахаар шийдсэн. Үүний дотор хүүхдийн мөнгө ч багтаад буй. Яг энэ шийдлээ "чинээлэг айл энэ мөнгийг дансанд нь орсон, үгүйг ч мэддэггүй” гэж тайлбарлана. Ийнхүү айлын амьжиргааг ялгах нь алаг үрсээ ялгаснаас өөрцгүй болоод байна. Тэгвэл хүүхдүүдийг баян, ядуу гэж ялгаж болох уу? Ер ньүндэс угсаа, арьс өнгөөр нь ч ялгаж болохгүй хамгийн эмзэг ертөнц бол хүүхэд. Тиймээс ч улсын маань эцэг болсон Ерөнхийлөгч хүний өөрийн олон хүүхдээ ялгалгүй өсгөж, хүмүүжүүлдэг болохоор асуудлыг тал талаас нь анзаарав уу, эсвэл иргэдийн гомдол түүнийг залхаав уу, ямартай ч хүүхдийн мөнгийг урьдын жишгээр өгөх нь зүйтэй хэмээн үзэж, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдтай ярилцаж, санал нэгдсэн гэх нааштай мэдээ дуулгалаа. Харин нэгэнт хэмнээд баталчихсан төсвөө хэрхэн зохицуулах нь тун сонин байна.
Мэдээж улсын эдийн засаг хүнд байгааг бүгд ойлгож байгаа. Гэхдээ бид хүүхдээсээ мөнгө харамлахаас өөр гарцгүй болсон гэж үү хэмээн бодож үзлээ. Арай ч үгүй юм аа. Олон нийт дээрээсээ бүсээ чангалъя гэж яриад, шаардаад удаж байна. Гэтэл улам доошилчихлоо. Нэг улсын төр бүү хэл, дэлхий хүүхдүүдээ алагчлахгүйн төлөө явдагийн тод жишээг бид олон улсын байгууллагуудын болон НҮБ-ын хүүхдэд чиглэсэн бүхий л үйл ажиллагаанаас тодорхой харж болно.
Айл гэр хэцүүдлээ гээд хүүхдүүдийнхээ хоолыг хасдаггүй шиг улсын эдийн засаг хүндэрлээ гээд хүүхдийн мөнгийг танах ёсгүй.
Монголчууд "хүүхдийн нүд харна” /уг нь хараана гэж хэлдэг ч хүүхдэд тийм ч зохимжтой бус/ гээд баяр ёслолоор ч, энгийн үед ч хэний ч хүүхэд байсан заавал алгыг нь дээш харуулдаг ариун заншилтай ард түмэн. Харин өнөөгийн төр хүүхдүүдээ хоёр тийш ангилж эхлэв. Энэ нь хүүхдүүдийн тархинд ялгаварлах сэтгэлгээ гэх явцгүй муу санааг суулгах сөрөг үр дагаварыг ч бий болгож мэдэхээр байна. Хүүхэд л болсон хойно хүүхдийн мөнгө авдаг, авдаггүйгээ гэнэн зангаараа ярих нь мэдээж. Ингээд л ядуу аавын "ядуу жаал” гуншин зүүнэ. Цааш яахыг бүү мэд.
Ер нь бүх асуудлын нэгдүгээрт хүүхэд гэсэн орь хүслэнтэй, тэмүүлэлтэй улс орон л цааш хөгждөг жамтай.
Ю.Халиун