Цахим ертөнцийнхний дуу нэгтэйгээр "хэлэлцэж” байгаа асуудал бол хүүхдийн мөнгө. Эдийн засгийн хямралаас үүдэлтэй төсвийн таналт жирэмсэн эх, хүүхдийн мөнгөөр эхэлсэн. Сошиалд LCD зурагттай, угаалгын машинтай бол хүүхдийн мөнгө авах боломжгүй. Мөн байрны зээлтэй байх нь огт хамаагүй, орон гэртэй нь баянд тооцогдож, хүүхдийн мөнгө тэдэнд хүртээлгүй гэсэн мэдээлэл ч цацагдаж байна.
Энэ бүхний аль нь үнэн бэ?
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас 2013 онд судалгаа хийн айл өрхүүдийг амьжиргааны 20 бүлэгт хуваажээ. 1-17 бүлгийн айл өрхүүдийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгохоор заасан байна. Уг бүлгийг хуваахдаа өрхийн орлогыг тооцоогүй бөгөөд тухайн хүн хөдөлмөр эрхэлдэг эсэх, боловсролын түвшин, хашаа байшин болон орон сууцны зээлд хамрагдсан зэргийг хамруулжээ.
1-17 бүлэгт хэн хамаарах вэ?
Нийгмийн халамжийн ерөнхий газрын мэдээллийн санд өнөөдрийн байдлаар 700 гаруй мянган хүүхэд бүртгэгджээ. Улсын хэмжээнд 2016 оны хүүхдийн мөнгөнд 144 тэрбум төгрөг баталсан нь 2015 оны төсвөөс 40 хувиар буурсан дүн юм. Гэхдээ хүний хөгжил сангаас орлого орж ирэх юм бол тодорхой хэмжээний төсвийн тодотголоор мөнгө нэмэх боломжтой гэж Засгийн газраас үзсэн. Ингээд үзэхлээр хүүхдүүдийн 88 хувь нь хүүхдийн мөнгөө авна гэсэн тооцоог гаргажээ. Харин үлдсэн 100 гаруй мянган хүүхэд амьжиргааны түвшин өндөр тул авахгүй байх. 1-17 бүлэгт хамрагдаж байгаа өрхийн хүүхдүүдэд ямар нэгэн чирэгдэл учруулахгүй олгоно. Харин 2013 оны судалгаанаас хойш тухайн өрхөд хүүхэд төрсөн бол шууд программ дээр нь бүртгэж аваад мөнгийг нь олгох юм. Эх сурвалжийн мэдээлснээр энэ онд 246 тэрбум төгрөгийг хүүхдүүдэд олгосон байгаа. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хүүхдийн мөнгөний олголт зорилтод чиглэл рүү чиглэнэ. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн 1-17 бүлгийн хүүхдүүд хүүхдийн мөнгө авах эрх нь үүсч байгаа юм. 18-20 бүлэгт багтсан өрхийн хүүхдүүдэд дээрх мөнгө олгогдохгүй байхаар УИХ тогтоол гарсан.
Энэ нь хэр оновчтой шийдэл вэ?
Хүүхдийн мөнгийг хүүхдээс харамлан, ялгаварлан гадуурхах эрх хэн гуайд ч байхгүй. Тэр бүү хэл хууль тогтоох байгууллага ч ийм эрх мэдэлгүй баймаар. Учир нь, Үндсэн хуульд зааснаар баян хоосноор нь ялгаварлан гадуурхсан үйлдэл. Хүүхдийн мөнгийг хүүхдэд зориулж байгаа болохоос эцэг эх нь ямар орлоготой байх, хэний хүүхэд байх нь ямар ч хамаагүй. Хэн нэгэн эрхтэн дархтан, ямба язгуур өндөртэй хүний, бизнесмэний хүү, охин болж мэндэлсэн нь тэр хүүхдийн буруу огтоос биш. Тиймээс хүүхдийн эрх ашгийг ялгаварлалгүй мөнгийг өгдгөөрөө өгснөөр улсын төсөвт тийм ч их ачаа болохгүй. Харин ч ирээдүйдээ хийж байгаа маш том хөрөнгө оруулалт баймаар. Үүнийг зогсоож байгаа нь тун харамсалтай. Хүүхдийг баян хоосны ангилалд багтаах нь бүр эмгэнэлтэй. Магадгүй уг хуулиа эргэн харах боломж бололцоо эрхэм түшээдэд маань хэр байдаг юм бол.