УИХ-аас Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Төсвийн төсөлтэй хамт цөөнгүй хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэн шийдвэрлэсэн ба тэдгээрийн талаар иргэдэд тодорхой ойлголт, мэдээлэл хүрч амжаагүй байгаа юм. Тухайлбал, төсвийн дүйвээн дунд батлагдсан шийдвэрүүдийн нэг нь хүүхдийн 20 мянган төгрөгийг амьжиргааны түвшнээр ялгавартай олгохоор болсон явдал. Энэ шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн Г.Алтайхүүгээс тодрууллаа.
-Ирэх 2016 оноос эхлэн хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшингээр буюу 1-17 дугаар бүлэгт хамаарагдах өрхийн хүүхдүүдэд олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү түвшинг хэрхэн тогтоосон бэ?
-Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас 2013 онд анх өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг 21 аймаг 9 дүүрэгт явуулсан. Үүнийхээ үндсэн дээр өрхийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, эндээс 1-20 хүртэлх амьжиргааны түвшинг эрэмблэж гаргасан. Үзүүлэлтийг гаргахдаа ямар цалинтай вэ гэхээсээ илүүтэй орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашигласан. Энэ аргачлал нь хүн ам зүйн мэдээлэл, нийгмийн үзүүлэлт, өрхийн аж ахуйн байдал гэсэн гурван бүлгийн нийт 53 асуулт 100 гаруй дэд асуултаас бүрдсэн байгаа.
-Тэгэхээр иргэдийн дунд эцэг, эх нь нийгмийн даатгал төлөгч бол хүүхдэд нь мөнгө олгохгүй гэсэн ойлголт тархсан байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Энэ бол буруу ойлголт. Нийгмийн даатгал төлдөг байснаараа тэр хүн өндөр хэрэглээтэй хүнд тооцогдохгүй. Хүүхдийн мөнгөнд хамрагдахгүй 18-20 дугаар бүлэгт ерөнхийдөө өндөр хэрэглээтэй өрхийг багтаасан.
Өөрөөр хэлбэл, 1-4 дүгээр бүлэгт бага хэрэглээтэй өрх, 5,6 дугаар бүлэгт эрсдэлд ойрхон өрх, 7-15 дугаар бүлэгт дундаж хэрэглээтэй өрх орж байгаа бол 16-20 дугаар бүлэгт боломжийн амьжиргаатай өрх хамаарагдаж байгаа. Дээр хэлсэнчлэн 3 бүлгийн 53 асуулт 100 гаруй дэд асуултаас бүрдсэн судалгаанд тухайн өрхийн хүн ам зүйн мэдээлэл, өрхийн гишүүдийн ажил эрхлэлт, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын төлөлт, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн судалгаа, орон байрны нөхцөл, мөн урт удаан хэрэглээний бараа, интернет, орон сууц гэх зэрэг үзүүлэлтийг авсан. Үүнийгээ дотор нь нэлээд хэд задлан ангилж, түүнийгээ орлогыг орлуулан тооцох аргачлалаар гаргасны үндсэн дээр тухайн өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлсон. Тийм учраас энэхүү өрхийн амьжиргааны түвшинг зөвхөн нийгмийн даатгалын төлөлт болон авдаг цалин, мөнгөн орлогоос хамаарч тогтоосон гэж ойлгох нь буруу ойлголт юм.
–Зарим иргэд ийм судалгаанд хамрагдаж байснаа ч мартсан бололтой. Амьжиргааны түвшний үзүүлэлтээр аль ангилалд яваагаа мэдье гэвэл хаана хандах ёстой вэ?
-Хэрвээ иргэн өөрийн амьжиргааны түвшингээ мэдэхгүй бол өөрийн харьяа дүүрэг, хорооноосоо очиж мэдээллээ авах хэрэгтэй. Мөн энэхүү тогтоосон түвшинг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин үнэлгээнд хамрагдах боломжтой юм.
Түүнчлэн тухайн өрх "Өрхийн мэдээлийн сан”-д хамрагдаагүй бол 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж хамрагдах боломжтой.
Ийнхүү 2012 оноос эхлэн олгогдож эхэлсэн хүүхдийн мөнгөнд өнгөрсөн 2014 онд 239 тэрбум, 2015 онд 246 тэрбумыг төсөвлөж байсан бол ирэх 2016 онд 144 тэрбумыг олгохоор төсөвлөсөн байна.