Бизнесийн өсөлт, менежментийн мэдлэгээ хуваалцах "Erdenetx2019” уулзалт Орхон аймагт боллоо. Бизнесийн байгууллагын захирлууд оролцсон уг уулзалтыг аймгийн ЗДТГ, "Мобиком” корпораци, "Тогтох трейд” ХХК хамтран зохион байгуулсан юм. "GROWTH SUMMIT GLOBAL”-ийг үүсгэн байгуулагч болон "Мобиком” корпорацийн санаачилгаар Орхон аймагт анх удаа болсон уг үйл ажиллагаанд салбар салбарын төлөөллийн захирлууд оролцож дэлхийн эдийн засгийн ирэх оны чиг хандлага, бизнесийн шинэ боломж, өсөлтөө нэмэгдүүлэх арга, дэлхийн хэмжээний менежментийн мэдлэгийн талаар сонирхолтой илтгэлүүдийг тавьса
н юм.
Ч.Мэргэн: Ажилтандаа оруулсан хөрөнгө оруулалт хоёр дахин их ашиг авчирдаг
"Дэлхийн эдийн засаг 2020” илтгэлийг "Тогтох трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал, "GROWTH SUMMIT GLOBAL”-ийг үүсгэн байгуулагч Ч.Мэргэн уулзалтын эхэнд танилцууллаа. Түүний илтгэлийн гол агуулга нь дэлхийн эдийн засгийн цаашдын чиг хандлага нь хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ, худалдаа, маркетинг, менежментын арга барил, АНУ, БНХАУ хоорондын худалдааны дайн болон Хятад улс бизнес эрхлэгчиддээ таатай нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байгаа, энэ нь дэлхийн эдийн засагт яаж нөлөөлж байгаа талаар ярилаа. Мөн Хятадад бизнес эрхлэхэд улам амар болж байгаа бол Монголд харин ямар байгаа талаар санал солилцсон юм. Хятад улс дэлхийн "хиймэл оюун ухаан”–ны зах зээлийн 30 хувийг эзэлж байгаа нь худалдааны салбартаа хийсэн томоохон инновац гэдгийг онцоллоо.
Тэрээр мөн хувь хүний хөгжлийн талаар ярихдаа, эхлээд өөрийгөө, дараа нь компаниа удирд, ажилтандаа оруулсан соёл, боловсролын хөрөнгө оруулалт техник, тоног, төхөөрөмждөө хийсэн хөрөнгө оруулалтаас чинь хоёр дахин их ашиг авчирдаг гэлээ. Иймээс байгууллагынхаа асуудал бүрийг эхлээд хэмжиж дараа нь удирдаж, ингэхдээ сайн ажилтнаа алдахгүйн тулд түүний тавьсан санал, хүсэлт, байгууллагын ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтын саналыг цаг тухайд нь дэмжих хэрэгтэйг санууллаа.
Бэнжамин Ли Рой: Монгол Улс "Хөнгөлөлтийн ерөнхий систем”-ийн хүрээнд 3.2 сая ам.долларын экспорт хийсэн
Монгол Улс "Хөнгөлөлтийн ерөнхий систем” буюу АНУ-Монгол Улсын стратегийн түншлэл, экспортын боломжийн талаар АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Бэнжамин Ли Рой илтгэл тавилаа. Тэрээр, хоёр улсын хоорондын хэлэлцээрийн дагуу Монголоос арьс, ширэн эдлэл, аялал жуулчлалын бэлэг дурсгал, үнэт эдлэлийг экспортлоход үзүүлдэг гаалийн хөнгөлөлтийн талаар мэдээлэл хийсэн юм. Монголоос АНУ руу "Хөнгөлөлтийн ерөнхий систем”-ийн хүрээнд 3.2 сая ам.долларын экспорт хийгээд байгааг ч онцоллоо. МөнOPICбуюу Америкийн хөрөнгө оруулалтын корпорациас дэмжлэг авах талаар зөвлөгөө өглөө. Уг корпораци техник, технологийн дэмжлэг үзүүлэх, зөвхөн хүү төлөх нөхцөлтэй болон бага хүүтэй зээл олгох, гарааны, шинэ төсөлд санхүүгийн дэмжлэг олгодог талаар мэдээлэл өгсөн юм.
Тацуяа Хамада: Бинзнестээ таван мэдрэхүйгээ ашигла
Уг илтгэлийн дараа "Мобиком” корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада "Таван мэдрэхүй болон тархины үйл ажиллагаагаа бизнест хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?” сэдвээр илтгэл танилцууллаа. Тацуяа Хамада 2016 оноос "Мобиком” корпорацийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаа бөгөөд салбартаа тэргүүлэгч "Мобиком” компанийн маркетинг, менежментийн арга барилыг өөрчилж хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэхээр хийсэн ажлаасаа танилцуулсан юм. Аливаа бизнест юуны өмнө бодит байдлыг мэдрэх хэрэгтэйг онцоллоо. Ингэхдээ таван мэдрэхүйгээ ашиглахыг зөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, хэрэв та талхны үйлдвэрийн эзэн бол сард нэг удаа талхаа өөрөө зарж худалдагчаар ажиллаж бодит байдлаа ойлго гэлээ. Тацуяа Хамада ч компанийнхаа салбар бүрээр явж үйлчлүүлэгч, хэрэглэгчидтэй уулзаж санал солилцон, нөхцөл байдлыг судалж үүний үр дүнд Мобикомын хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх чиглэлээр маркетинг, менежментийн шинэ арга барилаар ажиллах болсон тухайгаа ярьсан юм.
П.Цэеэн-Ойдов:Candyбол Монголын анхны цахим мөнгө
"Атгасан шувуу буюу Финтек” сэдвээр "Мобифинанс” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэеэн-Ойдов илтгэл танилцууллаа. Түүний илтгэлийн гол агуулга нь "Шувууг хэт чанга баривал үхнэ, хэт сул баривал ниснэ. Тиймээс атгахдаа болгоомжтой байхыг анхааруулж санхүүгийн салбарт технологи ашиглах нь атгасан шувуу шиг хэмээн зүйрлэж хэллээ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарт технологийн дэвшил ашиглаж байж хэрэглэгчиддээ хүрч чадна гэсэн юм. Ухаалаг утасны дэд бүтэц сайн хөгжиж буй энэ үед утсанд суурилсан үйлчилгээг үзүүлэхгүй л бол бизнесийн байгууллага санхүүгийн эрсдэлд орохыг санууллаа. Дэлхийн хамгийн олон хүн амтай БНХАУ-ын 1.4 тэрбум хүний 56 хувь нь ухаалаг утас ашиглаж байна. Монголд 3.2 сая хүний 80 хувь нь ухаалаг утас ашиглаж 4.3 сая утас хэрэглэж, банкинд 7.4 сая харилцах болон хадгаламжийн данс нээлгэсэн байна. Иймээс ухаалаг утсанд суурилсан төлбөрийн үйлчилгээ нэвтрүүлснээр хэрэглэгчдээ татах боломжтой гэж үзэн "Мобиком” корпораци Монголын анхны цахим мөнгө буюуCANDYүйлчилгээг нэвтрүүлжээ. Тун удахгүй цахим тоон гарын үсгийн үйлчилгээ нэвтрүүлж олон нийтийн хэрэглээнд ашиглах гэнэ. Цаашид компаниуд финтекийг ашиглахгүй, нэвтрүүлэхгүй л бол зах зээл нь хумигдана гэдгийг онцоллоо.
Ж.Дашням: Юу зарж байгаадаа биш яаж зарж байгаа нь чухал
Бизнесийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд мөн 6 сигма аргачлалыг ашиглах талаар зөвлөх багш Г.Отгон "Зургаан сигма аргачлал” сэдвээр илтгэл тавилаа. Компанидаа өөрчлөлтийг авчрахын тулд удирдлага, менежментийн баг асуудлаа тодорхойлох, оношлох, хэмжих, төсөл хэрэгжүүлэх зэрэг зургаан аргыг хэрэглэхийг санал болголоо.
Үүний дараа "BZP Design and Development” компанийн гүйцэтгэх захирал Ж.Дашням, "Дижитал маркетинг ашиглан борлуулалтаа нэмэгдүүлэх” чиглэлээр хэд, хэдэн зөвлөмж, зөвлөгөө өглөө. Дижитал маркетигийн хамгийн чухал зүйл бол Контент гэдгийг тэрээр онцолж маркетингийн салбарынхан "Контент бол хаан” хэмээн тодотгодог гэлээ. Өөрөөр хэлбэл, бизнесээ өсгөе гэвэл ухаалаг технологи ашиглан бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ хэдэн ч янзаар санал болгож хэрэгцээнд нь тулгуурласан бодит үр дүнг нь мэдрүүлсэн сурталчилгаа хий гэлээ. Тухайлбал, Юу зарж байгаадаа биш яаж зарж байгаа нь чухал гэсэн юм.
Ийнхүү нэг өдрийн турш үргэлжилсэн уулзалт, сургалтын үйл ажиллагаанд Орхон, Дархан-Уул аймгийн 70 гаруй бизнес эрхлэгч оролцож салбар, салбартаа тэргүүлэгч компаниудын маркетинг, менежементийн туршлага, мэдлэгээс хуваалцлаа.