|

Хүүхэд нэг уут бэлэгнээс 300-400 грамм сахар авдаг

saikhnaa 2019/12/19 669 0

Шинэ жилийн баярын энэ өдрүүдэд эцэг эхчүүд болоод сургууль, цэцэрлэгийн зүгээс хүүхдүүдэд бэлэг өгдөг уламжлалтай. Хүүхдийн бэлгийг сонгохдоо сахарын агууламж багатай бүтээгдэхүүн болох ааруул, сүү, тараг гэх зэрэг цагаа идээ болон цэвэр жимс жимсгэнэ сонгохыг Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн, хоол судлаач зөвлөж байна.
 
 
Хүүхдийн бэлгийг сонгохдоо сахарын орцтой бүтээгдэхүүнээс татгалзаж, хүүхдийн дархлааг дэмжих бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй юм. Сахарыг тогтмол их хэрэглэснээр шүдний өвчлөл үүсэхээс гадна хүүхдэд шаардлагатай эрдэс бодис, амин дэм, үүрэг гэх мэт шимт бодисуудыг хүүхдэд өгөхгүй харин ч хоосон илчлэг үүсгэдэг байна.
 
Нэг уут бэлгэнээс хүүхэд 300-400 грамм сахар авдаг. Тэгэхээр нэг өдөрт авах ёстой илчлэгийг нэг уут бэлгэнээс авч байгаа гэсэн үг. Ингэснээр хүүхдэд таргалалт үүсэх эрсдэлтэй. Учир нь илчлэг илүүдсэнээр өөх тос болон хувирч таргалалт үүсдэг байна. Тиймээс хүүхэддээ аль болох сахар багатай бэлэг сонгохыг зөвлөлөө.
 
Харин хүүхдийн сахарын стандарт хэрэгцээ 25 грамм орчим байдаг аж. Хүүхдийн бэлгэнд хайрцагтай болон лаазтай ундаа багтаах нь элбэг. Тэгвэл 500 миллитр чихэрлэг ундаанд 36 грамм сахар агуулагдаг байна. Энэ мэтчилэн чихэрлэг, хийжүүлсэн ундаанууд сахарын агууламж ихтэй байдаг. Мөн 90 грамм шоколоданд 54 грамм сахар байдаг. Энэ нь хүүхдийн сахарын хэрэглэх ёстой сахарын хэмжээнээс хоёр дахин их гэсэн үг. Тиймээс шоколад, чихэрлэг ундаа зэргийг хүүхдэд бэлэглэхгүй байх нь зөв юм.
 
Харин ундаа, чихэр, шоколадны оронд дараах бүтээгдэхүүнийг сонгохыг мэргэжлийн хүмүүс зөвлөлөө. Үүнд:
 
Сүү /кальци, Д аминдэмээр баялаг/
 
Тараг
 
Ээдэм /Кальци, уургаар баялаг/
 
Цэвэр жимсний шүүс /Сахарын агууламжтай ч жимсний шүүс учраас хүүхдийг аминдэмээр тэтгэж, дархлаа дэмжинэ/
 
Ногоон алим /А аминдэмээр баялаг/
 
Ааруул /кальцаар баярлаг/
 
Мөн хүүхдийн тоглох дуртай тоглоом, унших дуртай үлгэрийн ном гэх мэтчилэн оюун ухаан хөгжүүлэх сэтгэн бодох чадвар дээшлүүлэх ач холбогдолтой бэлэг, мөн эрүүл, эрдэс бодис аминдэмээр баялаг бэлэг сонгохыг зөвлөж байна.
 
 
Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл хүнсээр хүүхдийн бэлэг бэлтгэхдээ бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах хугацаа хэтэрсэн эсэх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг  иргэд анхааруулж байна:
 
Хүүхдийн бэлгэнд орох хүнснийг худалдан авахдаа юу анхаарах вэ?
 
Ø  Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхой эсэх;
 
Ø  Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэх;
 
Ø   Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх;
 
Ø  Хүнснийг шинжилгээ, баталгаажуулалтанд хамруулсан эсэх; 
 
Ø   Хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн бэлгэнд байгаа эсэх;
 
ХЭРЭВ:
 
-  Өнгө - /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан бол/;
 
-  Хэмжээ - /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон/
 
-  Хэлбэр - /бяцарсан, бутарсан, үйрсэн/
 
-  Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн /тунадас, булингар үүссэн эсэх/
 
-  Сав баглаа боодол бүрэн бүтэн байдал - /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан/
 
-  Үнэр - /эвгүй үнэр байвал/
 
-  Амт - /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон/
 
-  Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал;
 
- Хүнсний бүтээгдэхүүнийг шошгонд тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалаагүй бол;
 
- Хүнсний бүтээгдэхүүний шошгонд агуулагдах мэдээлэл шаардлага хангаагүй,  буруу шошголсон бол;
 
- Хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалаагүй, бэлтгээгүй, боловсруулаагүй, хуурамч бүтээгдэхүүн байвал;
 
- Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.
 
Хүүхдийн бэлгэнд дараах хүнсний битгий сонгоорой
 
Ø  Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс
 
Ø  Амталсан төмс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, амт оруулагч ихтэй хүнснээс татгалзах
 
Ø  Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн
 
Ø  Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн
 
Ø  Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)
 
Ø  Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
 
Ø  Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)
 
Ø  Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн
 
Та дээрх зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлж, үр хүүхдээ эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.
 
Иргэн таны хүүхэд эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нь гагцхүү танаас шалтгаална.
 
Г.Сүрэн
SHUUD.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top