Хүнсний барааны сав, баглаа, боодол нь барааг тээвэрлэх хадгалах, худалдах явцад чанарыг нь хамгаалах гол ач холбогдолтой. Савлалт нь барааг ус, чийг, нар салхи зэрэг гадны нөлөөнөөс хамгаалах, барааг бүртгэж тоолох өрж хураах ажлыг эмх цэгцтэй, хөнгөн шуурхай болгоход зохих хэмжээгээр нөлөөлдөг.
Хүнсний сав баглаа боодол нь тухайн хүнсний бүтээгдэхүүний талаар заавал мөрдөх стандартад заагдсан мэдээллийг багтаасан шошготой байх ёстой.
Хүнсний сав, баглаа, боодлын шошгод тавих ерөнхий шаардлагыг стандартаар тогтоосон байдаг бөгөөд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, шошго хэвлэх, олшруулах ажил эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, тухайн стандартыг мөрдөж ажилласнаар иргэд хүнсний бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээлэл авах, хүнсний аюулгүй байдлаа хангах ач холбогдолтой юм.
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 64 дугаар тогтоолоор "Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгод тавих шаардлага” MNS 6648 : 2016 стандартыг өмнө нь мөрдөж байсан MNS CAC 1:2007 стандартын оронд шинэчлэн батлажээ.
Энэхүү стандартын бүх шаардлагыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн заавал мөрдөхөөр заасан ба зайлшгүй сав, боодол хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтын шаардлагад хамаарна. Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошго нь дараах мэдээллийг агуулна.
Үүнд:
- Хүнсний бүтээгдэхүүний нэр
- Бүтээгдэхүүний найрлагыг бүрдүүлэгч ийн жагсаалт
- Цэвэр ба хуурай жин
- Үйлдвэрлэгчийн нэр, хаяг
-Үйлдвэрлэсэн орон
-Цувралын дугаар
- Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн огноо болон хадгалах заавар
- Хүнсийг зөв хэрэглэхийг нийтэд сургах зорилгоор хэрэглэх зааврыг шошго дээр товч, тодорхой бичнэ.
- Уг бүтээгдэхүүний шимт бодисын мэдээлэл, агууламж, мэдэгдэл
- Эрүүл мэндийн мэдэгдэл
- Ионжуулагч цацрагаар боловсруулсан хүнс
-Хувиргасан амьд организмаас гаргасан хүнс
-Органик хүнс зэрэг болно.
Хэрэв уг бүтээгдэхүүн "Үндэсний тохирлын тэмдэг” авсан бол түүний тэмдэглэгээг байршуулж болно.
Стандартыг авах шаардлагатай бол дараах хаягаар ирж үйлчлүүлнэ үү.
Стандарт, хэмжил зүйн хэлтэс. Стандартын салбар сан.
Хаяг: Уурхайчдын гудамж, 3-р бичил хороолол-ДГТ 3
Лавлах утас: 99919402