|

Бид сууж, дэлхий аялж байна

saikhnaa 2019/12/19 467 0

Мега трэнд

Швейцарийн Давост болдог Дэлхийн эдийн засгийн форум өнгөрсөн онд нэгэн анхаарал татсан сонирхолтой сэдвийг хөндсөн юм. Тус форумын үеэр улс орнуудын удирдагч нар өнөөгийн дэлхий ертөнцийн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдалд анхаарлаа хандуулж ярилцжээ. Технологийн шинэ дэвшил хүмүүсийн эрхэлдэг ажил хөдөлмөр, ахуй байдлыг маш ихээр өөрчилж байна гэдэгт Давост цугласан хүн бүхэн санал нэгдсэн байдаг. Олон улсад алдартай бодлогын судалгааны байгууллагууд ч гэсэн ийм судалгаа, таамаглал гаргадаг. Тухайлбал жил бүр мега трэндийн тайлан гаргадаг Финландын think thank байгууллага "Sitra”-гийн судлаачид өнгөрсөн оны тайландаа дижиталчлал, хиймэл оюун ухаан зэрэг мэдээллийн технологи бүх юмыг өөрчилж байна гэж дүгнэсэн юм. Энэ дүгнэлт 2019 онд бүрэн биелэлээ олсоор байна.

Тухайлбал, аялал жуулчлалын салбарт мега трэндүүд хүчтэй нөлөөлжээ. Энэ онд мэдээллийн технологийн хамгийн дэвшилтэт ололтуудад суурилсан eTravel үйлчилгээ хурдтай нэвтэрсэн аж.

Stfalcon.com цахим хуудас 2019 оны аялал жуулчлалын салбарын шилдэг 10 чиг хандлагыг нэрлэснээс харахад технологийн дэвшил, дижиталчлалын "түрэмгийлэл” аяндаа мэдрэгдэнэ. Аялал жуулчлалын салбарын зах зээлийн судалгаагаар аливаа бизнесийн 41 хувь, харин чөлөөт цагийн аяллын захиалга болон бүхий л зохион байгуулалтын 60 хувь нь онлайнаар хийгдэж байгаа гэсэн төлөв байдал гарчээ. Тиймээс аялал жуулчлалыг хурдтай хөгжиж буй шинэ технологийн чиг хандлагад нийцүүлэхээс өөр аргагүй болж буй аж.

200 саяын рекорд

БНХАУ-ын баруун хойд хэсэгт орших Шинжаан-Уйгурын өөртөө засах орон энэ жил жуулчдын хөлд дарагджээ. Оны эхний 10 сарын байдлаар дотоод, гадаадын 200 сая гаруй жуулчин тус бүс нутагт аялсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 42 хувиар өссөн үзүүлэлт гэж орон нутгийн удирдлагууд нь мэдээлжээ.

Ийнхүү тус өөртөө засах орны аялал жуулчлалын салбарын орлого 2019 оны эхний 10 сарын байдлаар 341.7 тэрбум юань буюу 48.7 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон байна. Шинжаан- Уйгурын өөртөө засах орон олон угсаатны өлгий нутаг төдийгүй, өвөрмөц ёс заншил, байгалийн үзэсгэлэнт тогтоцтой гэдгээрээ алдартай. Орон нутгийн удирдлагууд жуулчдыг татахын тулд зам харилцаа, дэд бүтцээ хөгжүүлэх тал дээр сүүлийн жилүүдэд асар их анхаарсныхаа үр дүнг ийн үзэж буй аж.

Шинжаан-Уйгурын бүс нутаг өвлийн улиралд гойд үзэсгэлэнтэй байдаг учраас "Өвлийн аялал жуулчлалын хөтөлбөр”-өө улам баяжуулж, хүйтний улиралд ч гэсэн жуулчдынхаа тоог бууруулахгүй байх бодлого барьж байгаа гэнэ.

Мөс, тэмээ, бүргэд гурав

Манай улсын хувьд өвлийн аялал жуулчлал халуун намраар эхэлж, хавсаргатай хавраар өндөрлөдөг. Энэ жил л гэхэд намрын налгар өдрүүдэд Хэнтийн Батноровт "Талын түмэн адуу” фестиваль тав дахь жилдээ болсон нь улсын хэмжээнд албан ёсоор өвлийн аялал жуулчлалын салхийг хагалсан эвент байв. Дараагийн эвент нь календарийн дагуу бол ирэх оны гуравдугаар сарын 2-нд Хөвсгөл аймагт болох мөсний баяр. Энэ хооронд жуулчид манай шинэ жил, Цагаан сарыг сонирхож болно. Аймгуудын хэмжээнд зохион байгуулдаг аялал жуулчлалын эвентүүдэд очно.

Өвлийн аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан БОАЖ-ын сайд өнгөрсөн сарын 15-нд нэгэн тушаал гаргажээ. Аялал, жуулчлалын эвент, арга хэмжээний хугацааг тогтмолжуулах тухай энэ тушаалаар Хөвсгөлд болдог мөсний баяр, Улаанбаатарт болдог бүргэдийн баяр, Өмнөговьд болдог тэмээний баяр гэсэн гурван эвентийг жил бүрийн гуравдугаар сарын 2-ноос 6-ны хооронд тогтмол өдрүүдэд зохион байгуулж байхыг үүрэгдсэн аж. Мөн 21 аймагт зохион байгуулагддаг бусад арга хэмжээнүүдийн жагсаалтыг жил бүрийн аравдугаар сарын 1-ний дотор БОАЖЯ- нд ирүүлж байхыг Засаг дарга нарт зөвлөмж болгосон байна. Өвлийн аялал жуулчлалтай холбоотойгоор салбарын сайдын хийсэн хамгийн том "ажил” энэ жилийн хувьд нэг иймэрхүү.

Ямхын өсөлт, саяын мөрөөдөл

Эдүгээгээс дөрвөн жилийн өмнө Монгол Улс "ITB Berlin 2015” үзэсгэлэнд албан ёсны түнш орноор оролцохдоо 2016 он гэхэд жилд хүлээн авах жуулчдын тоог нэг саяд хүргэнэ гэдэг барин тавин тоог анх зарлаж байв. Гэвч өнөөг болтол энэ зорилгодоо хүрээгүй. Юутай ч У.Хүрэлсүхийн Засгийн газар 2020 он гэхэд Монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Гэвч өнгөрсөн 2018 оны эхний 11 сарын байдлаар Монголд ирсэн жуулчдын тоо анх удаа дөнгөж 500 мянгыг давсныг БОАЖЯ зарлаж байсан билээ.

2019 оны эхний 10 сарын байдлаар 518 мянган жуулчин манай улсад иржээ. 2018 оны эхний 10 сард 469 мянган жуулчин ирж байсантай харьцуулах юм бол жуулчдын тоо 50-иад мянгаар өссөн нь манайдаа л том амжилт. Энэ өсөлтийн үр дүнд аялал жуулчлалын салбарын орлого өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар нэмэгдэж 550 сая ам.долларт хүрчээ.

2017 онд манай улсын аялал жуулчлалын салбарын бүтэн жилийн орлого нь 400 орчим сая ам.доллар болж байсантай харьцуулбал энэ жилийн эхний 10 сарын орлого нь 550 сая ам.доллар даваад явчихна гэдэг бас л амжилт. Гэхдээ манайдаа л амжилт болохоос биш бусадтай харьцуулах юм бол ичмээр дамшиг. Ямхын төдий боловч өсөлт л юм даа. Харин баталгаатай хэлж чадах зүйл бол ирэх жил нэг сая жуулчин хүлээн авах Засгийн газрын зорилт биелэхгүй гэдэг нь тодорхой. Жуулчдын тоог ганц жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлэх боломж даанч үгүй. Харин энэ жилийнхээсээ жаахан нэмэгдүүлж 2020 оны эцэс гэхэд 700 мянга орчим жуулчин хүлээгээд авчихвал болох нь тэр.

Хөршүүддээ "цай уулгая”

Монгол Улсыг зорин ирдэг жуулчдыг ОХУ, БНХАУ-ын иргэд тэргүүлдэг. Тухайлбал, 2018 онд ОХУ-аас 129094 жуулчин, БНХАУ-аас 163991 жуулчин манай улсад аялсан байна. Манай хоёр хөрш бол аялал жуулчлалын салбарын том зах зээл. Энэ хоёр том зах зээл харилцан бие биетэйгээ жуулчин солилцох нь сүүлийн жилүүдэд идэвхжиж байгаа аж. Энэ онд л гэхэд хятад жуулчид ОХУ-ын эдийн засагт хамгийн багадаа нэг тэрбум ам.долларын орлого оруулна гэдэг тооцоог "Хил хязгааргүй дэлхий” байгууллага урьдчилан гаргасан. 2019 оны эхний улиралд л гэхэд 342 мянган хятад жуулчин ОХУ-д аялсан байна.

Түүнчлэн ОХУ аялал жуулчлалын тэргүүлэх зах зээл болоод буй. Тус улсын онцлог нь иргэдийнх нь гадаад аялал жуулчлалд зарцуулж буй мөнгө аялал жуулчлалын салбараасаа олох орлогыг байнга давдаг аж. Тухайлбал, 2011 онд ОХУ аялал жуулчлалын салбараасаа 9.9 тэрбум ам.долларын ашиг олж, иргэд нь гадаад аялалдаа 32.4 тэрбум ам.доллар зарцуулсан дүн гарч байжээ. Улс төрийн тогтвортой байдал, хүн амын амжиргааны өсөлт, нийгмийн дундаж давхаргынхны тоо тасралтгүй нэмэгдэж байгаагаас үүдэн ОХУ-ын иргэдийн гадаад аялалдаа зарцуулах хөрөнгийн хэмжээ өссөөр байгаа гэнэ.

Гадаад аялал сонирхож буй оросуудыг эх орондоо даллан дуудаж чадах юм бол аялал жуулчлалын салбарт том хөрөнгө оруулалт орж ирнэ.

Жилд дунджаар 35-40 сая орос жуулчин даян дэлхийгээр тойрон аялж байгаагийн нэг хувийг нь л "гэрээрээ оруулаад цай уулгаад” гаргахад манай улсын аялал жуулчлалын салбар сэвхийтэл сэргэнэ.

Жил бүр 130 гаруй сая иргэн нь гадаадын улс орнуудад аялж жуулчлан, энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж буй БНХАУ-аас 160 гаруйхан мянган хүн манай улсыг зорин ирж байна гэдэг туйлын хангалтгүй. Хятад жуулчдын 0.5 хувь нь манайхаар орж цай амсаад мордоход аялал жуулчлалын салбар маань тэрбумын орлоготой үлдэнэ.

Тэгэхээр нэг сая жуулчин хүлээн авах, аялал жуулчлалын салбараас нэг тэрбум ам.доллар олдог болох гэдэг нэг бодлын ойрхон, амархан мэт. Гэтэл өнөөгийн энэ хурдаараа бол багаар бодоход 10 жил хэрэгтэй. Урд цагт дотор газрыг зорих жинчид хүнд хүчир аяны уртад сэтгэлээ зогоох гэхдээ "Би явж байна, Бээжин сууж байна” гэж ярилцдаг байсан гэдэг. Харин эдүгээ бол бид сууж байна. Дэлхий аялж байна. Үүргэвчтэй хүн төрөлхтний аяны замыг нь л амдан тосох ухаан бидэнд хэрэгтэй. Дэд бүтцээ сайжруулах, аялал жуулчлалын салбартаа технологийн дэвшлийг нэвтрүүлж дэлхий нийтэд трэнд болоод буй eTravel-ийг хөгжүүлэх гэх мэт.

Юутай ч 2020 оны дэлхий нийтийн аялал жуулчлалын салбарын төлөв байдлыг тандсан шинжээчид эдийн засаг, улс төр, нийгмийн аливаа өөрчлөлт, сорилтууд тулгарлаа ч хүн төрөлхтний аялж зугаалах хүсэл сонирхол огт буурахгүй гэсэн өөдрөг дүгнэлт гаргасан байна лээ.

Г.Сонинбаяр 

Эх сурвалж: Eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top