-Хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт олгоно-
Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор болсон. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн барьж оны өмнөхөн батлагдсан хуулийн дагуу хүсэлт гаргасан хүүхэд бүр сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж авах боломж бүрдлээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд олгоход 205.10 тэрбум төгрөг зарцуулж байна. Харин 90 хувь буюу 114 мянган хүүхдэд олгоход 27.36 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгахаар болсон. Эцэг, эхчүүд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ харьяа хорооны нийгмийн ажилтанд гарган, шаардлагатай материалыг бүрдүүлснээр авах эрх үүснэ.
-Тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмлээ-
Тодорхой шалгуур хангасан 21208 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Ингэснээр хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүд буюу төрүүлсэн хүүхдийн тоогоор 1990 онд тэтгэвэрт гарсан ээжүүдийн тэтгэвэр нэмэгдэж байгаа юм.
Тодруулбал, төрүүлсэн болон гурав хүртэлх настайд нь үрчлэн авч, зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох, нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс, сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох юм.
-Орон сууцны албан татварт 6 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ-
Татварын багц хуулийн шинэчлэл хэрэгжиж эхэллээ. Шинэ хуулиар гадаад оронд төлсөн татварыг Монгол Улсад төлсөн татвараас хасаж тооцдог болов. Мөн орон сууцны албан татварын хөнгөлөлт гурав хүртэлх сая байсныг зургаан сая, 1000 км зайд алслагдсан аймаг суманд бизнес эрхэлдэг бол 90 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Мөн иргэн хүн хувиараа бизнес эрхэлж, хөрөнгөө түрээслүүлж, орлого олсон бол ашгаасаа татвараа төлөх, дулаалгын материал зэргийг худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхээр болов. Чөлөөт уран бүтээлчид орлогоосоо зардлаа хасуулж, ашгаасаа татвар төлж болохоор зохицуулжээ
-Хавдрын шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж эхэллээ-
Энэ оноос хэрэгжиж буй Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэс гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой боллоо. Тухайлбал, 40 ба түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хоолойн хорт хавдрын эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа, 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах юм.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болов-
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн дагуу цалингийн доод хэмжээ 100 мянган төгрөгөөр нэмэгдэж 420 мянган төгрөг боллоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа нэмэгдүүлж өнгөрсөн жил 320 мянга болгоод байсан юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болсноор нийт ажиллагсдын найман хувь буюу 80 мянган хүний цалин нэмэгдэх тооцоо гарчээ.
Мөн төрийн алба хаагчдын цалинг найман хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газар оны өмнөхөн гаргасан. Ингэснээр 190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин 1070.0 мянган төгрөгт хүрэх юм.
-1995-2019 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол нөхөн төлнө-
Нийгмийн даатгалын сангийн шимтгэл нөхөн төлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Энэ хуулиар жил бүр оны эцсээр Үндэсний статистикийн хорооноос явуулдаг А тооллогод бүртгэгдсэн малчин өрх мөн татварын албанд бүртгүүлж, дангаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлж буй хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол нөхөн төлж, ажилласан жилээ нэмэгдүүлэх боломж олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төг болж байгаа тул шимтгэлийг сарын 42.000 төгрөгөөр тооцож 10 жилийнхийг буюу 5 сая төг төлснөөр хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх үүсэх аж. Хууль нэг жил хэрэгжинэ. 100.000 орчим иргэн хуульд хамрагдаж, 133 тэрбумын орлого төвлөрнө гэж хууль санаачлагчид тооцсон байна.
-Сайн дурын даатгуулагчид 56700 төгрөг төлнө-
Оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 420 мянган төгрөг болж байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож даатгалаа төлдөг иргэд сард 56700 төгрөг төлөхөөр болсныг НДЕГ-аас анхаарууллаа.
Сайн дурын даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс төлж байсан иргэдийн тухайд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420.0 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосонтой холбогдуулан энэ хэмжээнээс тооцож шимтгэлээ төлснөөр гэрээний хугацаа сунгагдсанд тооцох аж. Сайн дурын даатгалыг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс төлдөг байсан иргэд, шимтгэл төлөх хугацаа, сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоо өөрчлөх зэрэг гэрээгээ зайлшгүй шинэчлэх шаардлагатай иргэд, түүнчлэн анх удаа сайн дурын даатгалд хамрагдах бол харъяа Нийгмийн даатгалын хэлтэстээ өөрийн биеэр очих юм.