Ирэх сарын 7-17-нд Төрийн албаны ерөнхий шалгалт болохтой холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
"Төрийн албаны тухай” хуулийн дагуу уг шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулах бөгөөд 2020 оны эхний шалгалтын бүртгэл энэ сарын нэгнээс 30-ныг дуустал үргэлжилнэ. Уг хугацаанд иргэд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтад хандах буюу цахимаар бүртгүүлэх юм. Шалгалтын хуваарийг ирэх сарын таванд уг сайтад байршуулж олон нийтэд мэдээлнэ.
Сонгон шалгаруулалтад оролцох иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж дээрх сайтад бүртгүүлнэ.
Үүнд:
Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт; Төрийн албан хаагчийн анкет Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг; Иргэний үнэмлэх; "4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; Шалгалтын үйлчилгээний зардал төлсөн баримт; Цэргийн алба хаасан тухай баримт бичиг; Хөгжлийн бэрхшээлтэй бол энэ тухай нотолсон баримт. Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарах хэрэгтэй.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Төрийн албаны шалгалт гурван удаа болж Орхон аймгийн 280 иргэн шалгалт өгснөөс 41 нь тэнцсэн байна. Тэнцсэн иргэд гурван жилийн хугацаанд төрийн албаны нөөцөд орж тусгай шалгалт өгөх боломжтой юм.