Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан тухай хэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл арилжааны банкуудад төвлөрч байгаа аж.
Нөгөө талаас ҮАБЗ хууль эрх зүйн талаасаа ийм эрхтэй юу гэдэг яриа ч гарч байна. Тэгвэл уг зөвлөлд багтдаг хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын институцийнхэн ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Г.ЗАНДАНШАТАР: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ НЬ ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ ГЭСЭН
УИХ энэ долоо хоногт Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж буй. Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатараас тодрууллаа.
-Тэтгэврийн зээлийг тэглэх талаарх яриа нийгэмд маргаан дагуулж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Зээл тэглэснээр эдийн засагт гарах эерэг, сөрөг үр дагаврын талаар тайлбарлая. Энэ асуудал дээр макро эдийн засгийн шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг ажилласан. Тэд үзэхдээ, тэтгэврийн зээл тэглэх нь эдийн засагт эерэг нөлөөтэй гэсэн. Яагаад гэвэл, үүгээр Төв банкны гадаад валютын албан нөөц нэмэгдэж байгаа юм. Ойрын хугацаанд Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлын нэг нь гадаад өр, төлбөр байгаа. Үүнийг төлөхийн тулд гадаад валютын албан нөөцөө нэмэх ёстой. Тэгвэл Салхитын мөнгөний ордыг ашиглаад, олборлосон мөнгөө Төв банкинд тушааснаар нөөц нэмэгдэнэ. Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ-г Эрдэс баялгийн зөвлөл гаргасан. Үүгээр 808 тонн мөнгө, 1100 кг алтны нөөцтэй гэж тооцсон. Хайгуул, судалгаагаар нөөц нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Одоогийн байгаа нөөцийн тооцоогоор тус орд 2.4 их наяд төгрөг буюу тэрбум орчим ам.долларын борлуулалт хийх юм. Энэ хэмжээгээр валютын нөөц нэмэгдэнэ. Нөгөө талдаа ордын татварын өмнөх цэвэр ашиг нь 1.1 их наяд орчим төгрөг байх тооцоо гарч байгаа. Энэ цэвэр ашиг болох 1.1 их наядаараа бонд гаргана. Зургаан хувийн хүүтэй бондыг Хөгжлийн банк баталгаа гаргаад, арилжааны банкуудад байгаа 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг хаана. Гүйлгээнд бэлэн мөнгө гаргаад, мөнгө хэвлэх юм шиг ойлгож болохгүй. Зарим тооцоог Төв банкны мэргэжилтэн, эдийн засагчид хийсэн. Хамгийн муугаар тооцоход инфляц нэг хувиар л өсөх магадлалтай гэсэн тооцоо бий. Ирэх долоо хоногт энэ асуудлыг хуулиар хэлэлцэнэ. Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой хүлээлт үүссэн. Иймд нэгдүгээр сард багтаан хуулиа баталж, хоёрдугаар сараас тэтгэврийн зээлтэй ахмадууд тэтгэврээ авч эхэлнэ.
-Халамжийг хэт хавтайруулсан шийдвэр биш гэж үү?
-Халамж бол байх ёстой зүйл. Дэлхийн бүх улсад байдаг. Гагцхүү хавтгайруулж болохгүй. Зорилтот бүлэгтээ очиж байх ёстой. Нэг зүйл ойлгох ёстой. Энэ бол халамж биш. ҮАБЗ-ийн энэ шийдвэр сонгууль, улс төрийн ямар ч зорилгогүй. Нийгэм, эдийн засгийн шийдлийг гол болгож, гаргасан шийдвэр. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө амь оруулж байгаа шийдвэр гэж ойлгож болно.
-Уг шийдвэрт Ерөнхийлөгч ашиг сонирхлын зөрчилтэй гэх яриа гарсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Ерөнхийлөгчийг ямар нэгэн ашиг сонирхлын улмаас энэ шийдвэрийг гаргаагүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Ерөнхийлөгчийг банк эзэмшдэг, өөртөө ашигтай шийдвэр гаргасан гэсэн яриа гарсан байна лээ. Гэтэл энэ шийдвэр банкуудад харин ч ашиггүй. Ерөнхийлөгчийн хөрөнгө оруулгын мэдүүлэгт банк байдаггүй. Хийж байгаа ажлыг нь харлуулах гэсэн цуу яриа гэж бодож байна.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗЭЭЛИЙН ДАРАМТАД ТӨР ЗАСАГ АНХААРАХААС АРГАГҮЙ БАЙДАЛД ОРООД БАЙГАА
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш нарын хийсэн судалгаагаар тэтгэврийн зээл нэгдүгээрт, нийгмийн хамгийн эмзэг хэсэгт хамаарч байгаа аж. Хоёрдугаарт, тэтгэврийн зээл тэтгэвэр авагчдын нийгмийн байдлыг дордуулж буй. Гуравдугаарт, тэтгэвэр бол ахмадын амьжиргааны гол эх үүсвэр. Гэтэл зээлийн хүү нь өндөр тул 1-2 жилээр зээл авсан ахмадууд орлогогүй болсон гэж үзжээ. Тэтгэврийн зээл авсан настнуудын 86 хувь нь хэрэглээндээ, үр хүүхдэдээ зориулсан байна. Мөн хүүхдийн сургалтын төлбөр, үр хүүхэд, найз нөхөд, хамаатан садны гуйлгаар зээл авсан байдаг. Харин 16 хувь нь машин тэрэг худалдаж авах зэрэг зориулалтаар зээл авчээ. Ийм учраас тэтгэврийн зээлийг шинэчлэх шаардлага гарсан гэж ҮАБЗ-өөс үзжээ. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
-ҮАБЗ-өөс тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар хэрхэн ажиллах вэ?
-ҮАБЗ зөвлөмж Засгийн газарт сая (өнгөрсөн баасан гараг) ирсэн. Үүнийг ирэх даваа гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Засгийн газраас хууль боловсруулах ажлыг Хөдөлмөр нийгэм, хамгааллын сайд С.Чинзоригоор ахлуулж байгуулахаар болсон. Зээлийн дарамтад төр засаг анхаарахаас өөр аргагүй нөхцөл байдалд ороод байгаа. Эдийн засгийн эргэлтэд зарим ордыг оруулах байдлаар энэ асуудлыг цэгцлэх чиглэлээр ажиллана. Хууль зүй, дотоод хэргийн яам болон Сангийн яамны саналыг авч нэгтгээд холбогдох Байнгын хороодоор хэлэлцсэний үндсэн дээр ямар байдлаар шийдвэл эдийн засагт эрсдэлгүй байх вэ гэдэг нь тодорхой болно.
-Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж тэтгэврийн зээлийг тэглэх нь хэр оновчтой гэж дүгнэж байна вэ?
-Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ гарсан. Улсад хоёр их наяд төгрөгийн хөрөнгө хуримтлуулах боломжтой, таван жилийн хугацаатай ТЭЗҮ гарсан байгаа. Үүний үр өгөөжийг иргэдэд шууд хүртээх жишиг тогтоох ерөнхий философи үйлчилж байна гэж хувьдаа ойлгосон. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар болон бүх яамны сайд, холбогдох албан тушаалтнууд ярилцана, УИХ-ын мэргэжлийн Байнгын хороодоор хэлэлцүүлнэ. Үүний өмнө тааж хариулт хэлэх боломж алга гэв.
Тэтгэврийн сан алдагдалтай, зарлага нь орлогоосоо давжээ. Тэгэхээр тэтгэврийн сангийн менежментийг шинээр хийхээр төлөвлөсөн хэмээж буй. Тэтгэврийн зээлийг Сингапурын жишгээр ипотекийн зээлийн эх үүсвэр болдог, эргэлтэд оруулдаг, байнга өсөж байдаг гэх мэт санг ашигтай байлгах шинэ зарчим бий болгохоор зорьж байгаа аж. Үүний үндсийг ҮАБЗ-ийн дээрх шийдвэр тавьж байгаа гэж холбогдох албаныхан хэлж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас ажлын хэсэг гарчээ.
Нөгөөтэйгүүр байгалийн баялгаа эргэлтэд оруулах, Салхитын мөнгөний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар авлигач, албан тушаалтны халаасны цоорхойгоор урсаж байсан Монголын баялгийг ард иргэддээ буюу нийгмийн зорилтот бүлэгт хүртээнэ гэж тооцоолжээ. "Энэ бол байгалийн баялаг, ашигт малтмалын бодлогын шинэчлэл. Шинэчлэл хийхийн тулд эхний ээлжинд тэтгэврийн зээлийг тэглэж байгаа” хэмээн албаныхан хэлж байлаа.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин