УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихээр горилж буй төрийн албан хаагчид хуулийн дагуу албан тушаалаа түрүүчээсээ өгөөд эхэллээ. Эхнээсээ зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар ажлаа өгч буй. Тухайлбал, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ирэх сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр горилж буй. Тиймээс оны өмнө хүсэлтээрээ чөлөөлөгдөн, яамныхантайгаа үдэлтээ хийжээ. Гэхдээ улс төрийн хүрээнийхэн түүнийг өөрийнхөө чадлаар бус жүжигчин дүүгийнхээ буянаар ганцхан ширхэг шүдэнз зуруулаад өндөр албан тушаалд томилогдсон гэж ярьдаг.
Төрийн албанд ажиллаж байхдаа хувь хүний төлөвшил, биеэ авч явах байдал, ёс зүй гээд олон зүйлээрээ хамт олондоо гоочлуулж байсан удаатай. Боловсролын сайд Ц.Цогзолмаа, төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар өөр хоорондоо муудалцаж нэгнийхээ эсрэг хэвлэлээр "байлдаж” байх үеэр Б.Баярсайхан багш нарынхаа өмнө дотоожоо тайлсан эсэх яриа хүртэл хөвөрсөн удаатай. Ямартай ч Б.Баярсайхан гэх эмэгтэй шүдэнз зуруулж олж авсан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга гэх албан тушаалаа орхиж, УИХ-ын гишүүний зөөлөн суудлыг хүсэмжилж, ажлаа өгөөд байна.
Дараагийнх нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл. Түүний ажлаа өгсөн шалтгаан нь мөн л сонгуультай холбоотой. Гэхдээ түүнийг энэ удаа нэр дэвшихгүй, намынхаа улс төрийн томилгоот албан тушаалыг авахаар болсон гэх яриа гарсан. Тодруулбал, түүнийг намын нарийн бичгийн даргаар ажиллаж, МАН-ын сонгуулийн штабыг ахлах хүмүүсийн нэгээр томилох тохиролцоог удирдлагатайгаа хийсэн гэх мэдээлэл байна. Мэдээж сонгуулийн үр дүн нааштай гарвал Засгийн газрын сайдын албан тушаалд очих эхний эгнээнд Ц.Цэнгэл зогсоно. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын бүрэлдэхүүний дөрвөн сайдаас бусад нь давхар дээлгүй ажиллах эрх зүйн орчин үйлчилж буй. Тиймээс сонгогдох эсэх нь баталгаагүй, сонгогдсон ч сул гишүүнээр ажиллахын оронд намын "гал тогоо”-г хариуцаж ажиллаад албан тушаал авах нь илүү ашигтайг Ц.Цэнгэл тооцоолсон байх нь.
Тэгвэл намын нарийн бичгийн даргын албан тушаалаа Ц.Цэнгэлд уламжлуулах хүн нь Ц.Бат-Энх. Тэрбээр ирэх сонгуулиар Орхон аймагт нэр дэвшихээр эртнээс бэлдэж буй бөгөөд өнгөрсөн сарын 25-нд Орхон аймагт ажиллах үеэрээ эрдэнэтийнхэнд бэлэг сэлт тараагаад иржээ. Тэрбээр "Энх-Эрдэнэтийн хөгжил” ТББ-ыг байгуулсан бөгөөд түүгээрээ дамжуулан тойргоо хэдийнээ услах ажилдаа орсон. Ингэхдээ Эрдэнэтийн 20 мянган иргэнд нүдний дусаалга өгчээ. "Эрүүл нүдээр Энх Эрдэнэтийнхээ хөгжлийг харцгаая” уриатай уг нүдний дусаалгыг тараахдаа 2020 онд Эрдэнэтээс нэр дэвшинэ гэдгээ ч ил цагаан зарлажээ. "Ц.Бат-Энх гэдэг хүн 2020 онд Эрдэнэтээс УИХ-д дэвшихээр сэтгэл шулуудан ажиллаж байгаагаа хэнээс ч нуухгүйгээр хэлье гэж бодож байна. Хэрэв надад итгэл үзүүлээд Эрдэнэтийнхээ ард түмний дуу хоолой бол гэвэл татгалзах зүйл байхгүй” хэмээгээд намын Бага хурал, Удирдах зөвлөлөөс дэмжих байх гэдгээ дуулгасан сурагтай.
Дараагийн горилогчдын нэрсийн жагсаалтыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин үргэлжлүүлж буй. Тэрбээр ирэх сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвших бол Хавдар судлалын үндэсний төвийн дарга, гавьяат эмч Ж.Чинбүрэн мөн ажлаа өгөөд Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр зэхэж байна.
Ажлаа өгөгсдийн буухиаг ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах, МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатар нар үргэлжлүүллээ. Ерөнхий сайдын туслах Н.Энхбаатарын хувьд хаана нэр дэвших нь тодорхойгүй байна. Сануулахад, Н.Энхбаатар нь өнгөрөгч долдугаар сарын 23-ны орой бусдаас 600 сая төгрөгийн авлига авч байгаад АТГ-ынханд үйлдэл дээрээ баригдсан гэдэг. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад түүний туслахаар ажиллаж эхэлжээ. Ингээд 2016 оны арванхоёрдугаар сард МИАТ компанийн дэд захирлаар томилогдсон. Түүнчлэн Ерөнхий сайдын туслахаас гадна, түүний төрсөн дүү У.Отгонбаяр Сүхбаатар аймагт нэр дэвшихээр бэлтгэл ажлаа базааж байна. Угтаа Сүхбаатар аймаг өнгөрсөн сонгуулиудын жишгээр бол ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны "нэрэмжит” нэг тойргийн жишгээр явж ирсэн. Тэгвэл Ерөнхий сайд өөрийн төрсөн дүүдээ тойрог хуваарилж өгөхийн тулд Сүхбаатар аймгийг хоёр тойрогт хуваахаар болсон гэнэ.
МАН-ын улстөрч бөхийн нэг бол Ц.Цэрэнпунцаг. Ер нь тэрээр эртнээс улс төрд орох бэлтгэлээ базааж байсан бололтой. Үндэсний бөхийн дэвжээнээс бизнесийн салбарт хүч үзэж, сэргэлэн овсгоотой нэгэн болохоо харуулсан. Харин түүний дараагийн нүүдэл нь улс төр ажээ. Үндэсний бөхийн аварга Б.Бат-эрдэнэ, Д.Сумъяабазар, А.Сүхбат нар шигээ УИХ-д сууна гээд гүйж яваа нь тодорхой боллоо. Тэрээр 2020 оны сонгуулиар Завхан нутгаас УИХ-д нэр дэвших гэнэ. Иймд тойрог услах ажилдаа орж, Завханыхаа бараг бүх байгууллагын шинэ жилийн цэнгүүнд оролцож, "Гарьд” нэртэй байгуулсан сангийнхаа нэрээр сая саяар нь мөнгө тараасан гэнэ. Харин түүний үлгэр дуурайл авдаг бөх ах буюу УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр болсныг давхар дуулгая.
Нэг хэсэг Тост, Тосон Бумбын нуруунд лиценз эзэмшиж, хамаг хүний хараалыг барж, зарим овсгоотой намын нөхрийнхөө нүдний бай болсон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хувьд Увс нутагтаа ахин хүч үзэх аж. Тиймээс одооноос сугалаа нэрээр элдэв зүйл тараан тойргоо усалж, бүр 50 мянган төгрөгийн хадгаламжийн дэвтрээр "дайлсан” сурагтай.
Харин "Оргил”-ын тодотголтой Ж.Ганбаатар гишүүн Баянгол дүүрэгт нэр дэвших бөгөөд тойргийнхоо хүүхэд бүрт сургууль дээр нь очиж шинэ жилийн бэлэг тараан, айл өрх бүрээс судалгаа авч, сурталчилгаагаа хийх замаа засаад явж байна гэнэ. Мөн тус дүүрэгт нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, НИТХ ын тэргүүлэгч Д.Мөнхжаргал өрсөлдөх аж. Түүнийг олон түмэн гал түймэртэй сэлфидэж, албан тушаалаа гайхуулдаг хотын орлогч гэдгээр нь андахгүй билээ.
ЖДҮХС-гаас ээжийнхээ мэдлийн "Говь” сауны газарт 700 сая төгрөгийн зээл авч өгч, эрх мэдэл албан тушаалаа ашигласан залуу гишүүний нэгээр Г.Тэмүүлэн нэрлэгдэж буй. ЖДҮ-чин гишүүн энэ удаад Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр яригдаж байгаа бол мөн дүүрэгт Ц.Мөнх-Оргил горилж, оны өмнөхөн тойргийнхоо оюутнуудад тэтгэлэг тараажээ.
БСШУС-ын сайдаар ажиллаж байсан Ц.Цогзолмаа гишүүн Ховд нутгаасаа нэр дэвших санаатай байсан ч хотын тойрог руу явах магадлал байна. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хамт 2016 онд гарч ирсэн Сүхбаатар, Багануур дүүрэгт дахин хүч үзэх бололтой. Тэгвэл МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан хэдийнэ Говь-Алтайд нэр дэвшихээ зарлаж, тойргоо услах ажилдаа эртнээс ханцуй шамдан оржээ. Мөн саяхан сэтгүүлч Б.Мөнхбаясгаланд урд зүгийн хольцтой гэдгээрээ нэгэн номын нээлтийн үеэр дуудуулсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан төрөлх Хөвсгөл нутагтаа нэр дэвших гэнэ. Чуулган завсарласан өнгөрсөн өдрүүдэд нутгийнхаа ихэнх шинэ жилд оролцож, нийгмийн идэвхээ харуулсан гэнэ. Харин хотын мээр С.Амарсайхан улс төрийн жишгийн дагуу УИХ-д өрсөлдөх нь тодорхой. Ингэхдээ Налайхад нэр дэвших нь бүр ойлгомжтой.
Тэгвэл МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших хүмүүсийн таамаг хөвөрч байна. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Учрал, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Р.Дагва, дүүргийн засаг ноён Ж.Сандагсүрэн нар өрсөлдөхөөр дуулдаж байгаа бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Ундармаа нарыг намын бодлогоор нэр дэвшүүлэхгүй гэж шийджээ. Хүн ам ихтэй тус дүүрэгт нэр дэвшихээр горилж буй эрх баригч намын гишүүд бүгд өөр өөрийн гэсэн асуудалтай. Тухайлбал, залуу гишүүн Н.Учрал ЖДҮХС-аас аавынхаа "Хүннү” компанид 950 сая төгрөгийн зээл авч өгсөн бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшлийн "Монполимет” ХХК Монголбанкинд 10 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ч хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэх дуулиан хэвлэлээр тархсан.
Сонгуулийн жил гарахаас өмнө улс төрийн нүүдэл хийж буй дараагийн хүмүүс нь төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга, дэд дарга нар. Уг нь "Сонгуулийн жилээс өмнө ажлаа өгсөн байх” шаардлага тэдэнд хамаагүй. Гэвч маргаантай хэд хэдэн заалттай Сонгуулийн хууль Үндсэн хуулийн цэц дээр бүдрэх магадлалтайг улс төрийн хүрээнийхэн тооцоолжээ. Хүний өөрийнгүй нэг тойрог дээр өрсөлдөх хуулийн орчинтой өнөө үед гишүүд төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагуудыг гарцгүй болгож, "Ажлаа өгсөн байх ёстой” гэх заалтыг нэмчих талтай. Өрсөлдөгчөө унагахын тулд "цус үзэх”-ээс бусдыг хийдэг улстөрчид тийм увайгүй зан гаргаж хангалттай чадах хойно, болгоомж хаана ч илүүдэхгүй. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нарыг ажлаа өгч магадгүй гэсэн мэдээлэл гарч байна. Яг ийм шалтгаанаар "Эрдэнэс Монгол”-ын дэд захирал О.Одбаяр ажлаа өгчхөөд буй. Тэрбээр аавынхаа нэрэмжит "Одончимэд” сангаараа дамжуулан Дундговьд нэр дэвших бэлтгэлдээ хэдийн гарсан билээ.
Энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр эртнээс албаа хүлээлгэн өгч, Төрийн ордноор гүйлдэх болсон эмэгтэй горилогчдын нэрс задраад байна. Дараагийн горилогч нь Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг. Тэрбээр төрөлх нутаг Баянхонгор аймгаасаа нэр дэвшихээр шийджээ. Түүнийг тус яамны дэд сайдаар томилогдох үед нийгэм тийм ч таатай хүлээж аваагүй нь үнэн. Учир нь гадаад харилцаан дээр ямар ч туршлагагүй Б.Батцэцэг "Мөнхийн үсэг” гэх хувийн компаниараа гул барьж улстөрд орсон нэгэн. Өнгөрсөн оны хоёрдугаар сард ШХАБ-тай холбоотой асуудал нийгэмд нэлээд хүчтэй яригдах үед тэрбээр ямар том асуудлаар хамаа намаагүй ярьдаг гэдгээ харуулсан. "Хоёр хөрш биднийг эрхшээлдээ оруулъя гэвэл ШХАБ-аар дамжуулах хэрэггүй” гэх гарчигтай түүний ярилцлага хэн бэ, ямар боловсролтой нэгэн бэ гэдгийг нь батлан харуулсан гэж хүмүүс шүүмжилсэн. Тухайн үед олон нийтийн зүгээс түүнийг энэхүү хариуцлагагүй үгнийхээ төлөө дэд сайдынхаа албан тушаалаас огцрохыг шаардсан ч тэрбээр үл тоосон.
Дараагийн нэг горилогч нь Сөүл рестораны босс Д.Өнөрболор. МЭХ-ны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн тэргүүнээр ажиллаж буй хатагтай төрсөн нутаг Сэлэнгэ аймагт хүч үзэхээр нэг жилийн өмнөөс бэлтгэл ажилдаа орж, тойргоо услаад эхэлсэн. Сэлэнгийнхэн Өнөрболороос бүр залхатлаа тэнд суурьшиж хүмүүс түүнийг болиосой энэ гээд ад үзэх дээрээ тулсан гэнэ билээ. Харин түүнтэй өрсөлдөх магадлалтай бас нэгэн эмэгтэй бол МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам. Горилогч эмэгтэйчүүдийн жагсаалт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар олон жил ажилласан н.Лүндэгийн гэр бүлийн хүн Д.Уранбилэгээр хүрээгээ тэлж байна. Тэрбээр одоо Хүүхдийн урлан бүтээх төвийн захирлын албыг хашиж байгаа бөгөөд нийгэмд төдийлэн танигдаагүй нэгэн. Улс төрд мөр байтугай нэр нь ч тодроогүй тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр зэхэж байна. Үргэлжлээд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа. Тэрбээр мөн л МАН-ын шинэ кадруудын нэг. Улс төрд сонсогдоогүй нэр, үзээгүй зүс гэж хэлж болно. Үнэндээ нийгэм түүнийг танихгүй, Харин НАМЭХ-ныхон л мэдэх байх. Тэрбээр 2016 онд Баянгол дүүргийн ИТХ-ын 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж өвдөг шороодож байсан. Гэтэл одоо дүүргийн ИТХ-д ялалт байгуулаагүй хэрнээ ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд дахин Баянгол дүүргээс нэр дэвшихээр зэхэж буй аж. Түүнийг УИХ-ын гишүүн, "Оргил”-ын Ж.Ганбаатарын татаасны хүн гэдгийг намынх нь нөхөд маш сайн мэддэг. Ямартай ч олонд танигдаагүй эдгээр бүсгүйчүүдийн араас Аудитын газрын дэд дарга асан Ж.Оюунбилэг Хан-Уул дүүргээс нэр дэвшихээр зэхэж буйг эх сурвалж мэдээллээ.
Нэмж мэдээлэхэд, Сонгуулийн тухай хуулийн 26.6-д "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” хэмээн заасан билээ.
Гэхдээ зөвхөн төрийн жинхэнэ албан хаагч, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нараас гадна дэд сайд нар 2020 оны сонгуульд нэр дэвших магадлалтай байна. Гэвч дэд сайд гэдэг улс төрийн албан тушаал учраас наана нь ажлаа өгөх шаардлагагүй. Улстөрчдийн дээрх тойргийн таамаглал зөв болсон эсэхийг сонгуулийн тойрог хувааж, мандат хуваарилсны дараа тодорхой болно. Угтаа ажлаа өгөх хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болох ёстой ч 15-ныг хүртэл сунгасан гэх мэдээлэл байна. Тиймээс ажлаа өгч, сонгуульд нэр дэвших горилогчдын нэрс цааш хөврөх бололтой. Төрийн албанаас УИХ-д нэр дэвшихээр зэхэж ажлаа өгч буй эрхмүүдийг тольдоход ихэвчлэн асуудалд орж, төрийн албаа нэр төртэйгээр гүйцэтгэж чадаагүй хүмүүс байгаа нь гачлантай.
Б.БЯМБАСҮРЭН
ЭХ СУРВАЛЖ: ATIME.MN