Монголчууд жилд 210 сая литр чихэрлэг ундаа худалдан авахад 522 тэрбум төгрөг зарцуулж байгаа ба энэ нь ЭМЯ-ны төсвийн 70%-тай тэнцэж байна. Энэ бол эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа нийт мөнгөний ⅓-тэй тэнцэх хэмжээний мөнгөөр иргэд нь "өвчин” худалдан авч буй дүр зургийг илэрхийлэх тоо аж.
Зөвхөн чихэрлэг ундаагаар зогсохгүй, чихэрлэг хүнс монголчуудын өвчлөлийг хэрхэн нэмэгдүүлж байгааг Төрийн ордонд өнгөрсөн Баасан гарагт болсон "Хийжүүлсэн ундааны хэрэглээ - Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” хэлэлцүүлгийн үеэр хөндөж, маш ноцтой тоо баримтуудыг танилцуулсан юм.
Бага болон бага-дунд орлоготой улс оронд илүүдэл жин, таргалалтын тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд хурдацтай нэмэгдэж байна хэмээн ДЭМБ гурван жилийн өмнө дүгнэжээ.
Манай улсын 2,052 хүүхдэд хийсэн судалгаагаар ундааны хэрэглээ бага насны хүүхдүүдийн дунд өндөр байгаа нь харагдаж байна.
Монгол Улсад өнөөдөр нэг хүнд хоногт 381 мл чихэрлэг ундаа ногдож байгаа бөгөөд нийт үйлдвэрлэлийн 88% нь дотоод, 12 хувь нь импортынх. Дотоодын ундаа импортынхоос хэд дахин хямд, олдоцтой байгаа нь хэрэглээг улам гааруулж байгааг АШУҮИС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхимийн доктор М.Ундрам дурдсан юм. Түүний хийсэн судалгаагаар гурван хүүхэд тутмын нэг нь хоногт нэг удаа ундаа уудаг гэжээ.
Харамсалтай нь 2-5 насны хүүхдүүд гэртээ буюу эцэг, эх нь авч өгснөөр энэ ундааг хэрэглэж байгаа бол 6-15 насныхан сургуулийн орчинд ууж байгаагаа хэлжээ. Тэгвэл чихэрлэг ундааны бага насны хүүхдүүдэд үзүүлж буй хамгийн эхний том уршиг нь амны хөндийн өвчлөл.
Шүдний өвчлөл ямар байгааг дараах графикаас харж болно.
Зураг 1. Шүдний өвчлөл, насны ангиллаар
Эх сурвалж: АШУҮИС
Энэ нь улсын хэмжээнд ноцтой түвшинд хүрч, өнгөрсөн жилд л гэхэд 6 орчим тэрбум төгрөг төсвөөс гарган хүүхдүүдийн шүдний эмчилгээнд зарцуулсан нь цаашид үр ашиггүй болж мэдэхийг харуулж байна.
Чихэрлэг ундаа уудаг хүүхдүүдэд амны өвчлөлөөс гадна ямар сөрөг үр дагавар гардаг тухайд:
- Шөнө нойрсох хугацаа богино
- Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх хам шинж, цаашлаад
- Артерийн даралт ихсэлт
- Цусны өөх тос буюу дотор өөхлөлт нэмэгддэг.
Эдгээр хүчин зүйлс нь цаашдаа хүүхэд том болсныхоо дараа буруу зуршилд амархан автан хөрсийг бий болгодог байна. Үүнд:
- Тамхи татах
- Нойргүйдэх
- Хөдөлгөөний идэвхгүй байдал
- Түргэн хоол идэх
- Жимсний хэрэглээ бага байх
- Дэлгэцийн донтолт гэх мэт.
Өөрөөр хэлбэл, эрүүл бус идэвхгүй иргэдийн үйлдвэрлэл явагдаж байгааг анзаарахгүй, харин ч эцэг, эхчүүд гэртээ, томчууд сургуулийн орчинд хийж буй журам зөрчсөн худалдаа наймаагаараа хөхиүлэн дэмжиж байгаагийн үр дүн юм.
Чихэрлэг хүнснээс болж бага насны хүүхдүүд төдийгүй томчуудын дунд таргалалт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгааг судлаачид анхааруулсаар байгаа.
Зураг 2. Илүүдэл жин, таргалалтын өнөөгийн байдал
Хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгаа, 2017
Хамгийн аюултай нь энэ таргалалт 10 төрлийн ХАВДАР, 7 төрлийн архаг өвчин үүсгэдэг байна.
Хэрэв хүүхэд өдөр бүр 330 гр ба түүнээс дээш хэмжээгээр чихэрлэг ундаа уувал таргалалтыг 5 дахин нэмэгдүүлж, чихрийн жишингээр өвчлөх эрсдлийг 3.9 дахин ихэсгэдэг болохыг Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор С.Өнөрсайхан илтгэлдээ дурдсан.
Чихэрлэг ундаа болон гаазтай ундаанд хүний биед хэрэгтэй шим тэжээл ширхэг ч байхгүй судлаачид сануулсаар байна. Харин ч дотор нь агуулагдаж буй үнэр, амт оруулагч, нөөшлөгч, гаазтай ундааны хувьд гол орц нь болох CO2 буюу нүүрсхүчлийн хий зэрэг нь өвчин үүсгэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг олон төрлийн бодис багтдаг талаар өмнө нь мэдээлж байсан.
Хамгийн энгийн жишээ хэлэхэд, ундаан дахь сахар орлуулагч энгийн сахарнаас 250-350 дахин илүү чихэрлэг. Ганцхан стаканд ундаа уухад 10 халбага сахар идсэнтэй дүйх аж.
Ийм их өвчний шалтгаан болдог чихэрлэг ундааг яагаад хүмүүс хэрэглээд байна вэ?
АҮШУИС-аас хийсэн судалгаагаар хүүхдүүддээ ундаа авч өгдөг эцэг, эхчүүдийн 90% нь буруу гэдгийг мэддэг болохоо хэлжээ. Харин мэддэг хэрнээ яагаад авч өгсөөр, хэрэглэсээр байдгийг нь асуухад 83% нь зар сурталчилгаанаас шалтгаалдаг тухайгаа учирлажээ.
Судалгааг үргэлжлүүлж, Олон нийтийн телевизийн 60 сувгийн гурван цагийн нэвтрүүлгийг судалсан байна. 2018 оны дөрөвдүгээр сард нийт 6,088 чихэрлэг ус, ундааны сурталчилгаа цацагджээ. Сурталчилгааны
- 47% - бүх төрлийн ундаа, жүүс
- 29% - хийжүүлсэн ундаа байжээ.
Тэгвэл хор уршгийг нь аль эрт мэдсэн улс орнууд ядаж хүүхдийн сувгаар хүүхдэд чиглэсэн эрүүл бус хүнсний сурталчилгааг хориглосон байдаг байна. Тухайлбал,
Австрали, Өмнөд солонгос, Тайвань, Чил, Мексик, Их Британи, Ирланд, Швед, Канад, Шинэ Зеланд зэрэг орон хүүхдэд чиглэсэн зар сурталчилгаагаа 81-100 хувиар бууруулжээ.
Өмнөд Солонгос, Хятад л гэхэд хүүхдийн нэвтрүүлгээр хүүхдэд чиглэсэн хүнсний нэг ч сурталчилгаа гаргадаггүй, хүүхдийг хөгжүүлэх контент явуулдаг байна.
Эндээс харахад зар сурталчилгаа, татварын бодлогоор нийгмийн хэрэглээг зохицуулахгүй бол зөвхөн өнгөрсөн жилд шүдийг нь эрүүлжүүлсэн 93 мянган хүүхэд дахиад л өвчилж, төсвийн мөнгө үр ашиггүй салхинд хийссэнтэй ижил болох нь.
Өнөөдрийн байдлар 18,000 хүн чихрийн шижин өвчний улмаас хяналтад байна. Энэ тоо цаашид тасралтгй өсөх суурь нь тавигдчихад багааг дээрх судалгаанууд харуулж байна. 2030 он гэхэд чихэрлэг хүнснээс үүдэлтэй эрүүл мэндийн салбарт учрах хохирол 1.7 тэрбум долларт хүрэх тооцоотой байгааг АУШУҮИС-ийн захирал, профессор Ж.Цолмон танилцуулсан юм.
Эцэст нь, өвдсөн хойно нь зардал гаргаж эмчлэх бус урьдчилан сэргийлж, хүн бүрт бага наснаас нь хоол, хүнсний зөв хэрэглээний тухай мэдлэг олгож, хүүхдэд чиглэсэн зар сурталчилгааг хуулиар зохицуулах шаардлагатай гэдэг саналаа ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор, дэд профессор, хоолзүйч М.Пүрэвжав хэлэв.
ЭХ СУРВАЛЖ: Р.ОЮУНЦЭЦЭГ, IKON.MN