Хүчирхэг төр улс оршин байхын гол үндэс нь татвар юм. Татвар байхгүй бол төр байхгүй. Төр улс байгаа л бол татвар зайлшгүй. Төр улс хэр хүчирхэг болохыг татвараа хэр зэрэг хянаж байгаагаар нь хэмжинэ. Олон улсын жишгээс харахад, хяналт 90 орчим хувьтай бол маш сайн. 80 орчим хувь бол дунд зэрэг, 70, түүнээс бага хувийг хянаж байвал тааруу гэж тооцдог. Хянаж чадаж байгаа хувь нь төрийн хүчирхэг байдлын хэмжүүр юм. Харин алдсан хувь буюу далд эдийн засаг гэж тодорхойлж буй хэсэг нь төрийн чадамжгүй байдлыг илэрхийлдэг. Тэгвэл энэ зүй тогтлыг Монголын жишээн дээр авч үзээд далд эдийн засаг үүсгэн, төрийг чадваргүй болгож буй секторыг тодорхойлох гээд үзье.
СОНГУУЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК
Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд гаргасан судалгаанд Монгол Улсад далд эдийн засаг ДНБ-ий 9.2 хувьтай тэнцдэг гэжээ. 2010 онд 35 хувь байсантай харьцуулахад багассан мэт санагдаж магадгүй. Үнэндээ бол багасаагүй бөгөөд уул уурхайн экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор ДНБ-ий хэмжээ өссөн учраас л багассан мэт харагдаж байгаа юм. Далд эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгийн хэмжээ сүүлийн таван жил 3-3.5 их наяд төгрөгт хэлбэлзэж буй (2018 онд 2971.9 тэрбум төгрөг). Дээр нь сонгуулийн жилийн статистик гэдгийг нэмээд хэлчихэд илүүдэхгүй. 9.2 хувь гэдэг тоог гаргаж ирэхэд гаднын нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй гэсэн үг.
Манай улс бол хаанаас нь ч харсан хөгжиж буй орон. Олон улсад хийгдсэн судалгаануудаас харахад сүүдрийн эдийн засгийн хэмжээ хөгжиж буй орнуудад татварын системийн үр ашиггүй байдал, авлига болон орлогын доогуур түвшнээс шалтгаалан хөгжингүй орнуудаас харьцангуй өндөр байдаг.
Тухайлбал, Шнайдер (2010)-ийн судалгаагаар 1999-2007 оны хооронд далд эдийн засаг хөгжингүй орнуудад дунджаар ДНБ-ий 17.2 хувь, хөгжиж буй орнуудад 35.1 хувь, шилжилтийн эдийн засагтай орнуудад 36.3 хувьтай тэнцэж байна гэжээ. ҮСХ-ны судалгаагаар бол манай улсын далд эдийн засаг хөгжингүй улсуудын дунджаас ч бага байна. Гэсэн ч албан ёсны эх сурвалж яалт ч үгүй мөн учраас баримт болгохоос аргагүй.
Mанай улсын далд эдийн засаг 2018 онд ДНБ-ий 9.2 хувьтай тэнцжээ. Бүдүүн баргаар хэлэхэд 85 хувийн ажиллагаатай мотороор урагшилж байна гэсэн үг. Улс орны хөгжлийн хурдад далд эдийн засаг бүтээгчид буюу шимэгчдийн үзүүлж буй саад багагүй гэдэг нь эндээс ойлгогдох биз ээ.
Далд эдийн засаг нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд олон тодорхойлолт байдаг. Ерөнхийд нь авч үзвэл үйл ажиллагааны хувьд хуулийн дагуу боловч зах зээлийн бус зарчмаар явагдсан, эдийн засагт албан ёсоор бүртгэлгүй явагдаж байгаа үйл ажиллагаануудыг сүүдрийн эдийн засагт хамруулдаг.
Сүүдрийн эдийн засаг үүсэх гол шалтгаан нь татварын дарамт, нийгмийн даатгалын өндөр шимтгэл болон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой аливаа дүрэм журам юм.
Дээр дурдсан бэрхшээлээс зайлсхийхийн тулд иргэд, ААН эрхэлж буй үйл ажиллагаагаа үнэн бодитой мэдээлэлгүй, албан эдийн засгийн бүртгэлээс орхигдож далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг.Сүүдрийн эдийн засаг тэлэх нь татварын боломжит орлогыг бууруулах, албан статистик мэдээллүүдийн уялдаа холбоог алдагдуулах бөгөөд түүнд үндэслэсэн эдийн засгийн бодлогыг гажуудуулах, аливаа бодлогын арга хэмжээ үр ашиггүй болох сөрөг үр дагавартай юм. Иймд далд эдийн засгийн хэмжээг тодорхойлох, далд эдийн засгийг бүрдүүлэгч секторуудыг олох, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж ил гаргах нь чухал юм.
ТЭТГЭВРИЙН САНД ҮҮРЛЭСЭН ШИМЭГЧИД
Манай улсын хэрэгжүүлдэг тэтгэврийн эв хамтын тогтолцоо нь хүн амын ихэнх хэсэг нь залуу байгаа тохиолдолд л ашигтай байдаг онцлогтой. Яг энэ утгаараа бол харьцангуй залуу хүн амтай манай улсад хамгийн тохирсон тогтолцоо. Гэсэн ч ажилтай иргэдийн тоо цөөн байгаагаас болж тэтгэврийн сан ачаалалтай байдаг. Гэтэл муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр төр ажлын байр бий болгож чадахгүй байж ажил хийгээгүй, шимтгэл төлөөгүй хүмүүст тэтгэвэр авах боломж гаргаж өгсөн.
1990-ээд оны хүнд хэцүү цаг үед хүмүүс ажилгүй байсан нь өөрсдийнх нь буруу биш гэсэн философи дээр үндэслэсэн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хууль баталж хэрэгжүүлснээр сангийн ачаалал эрс нэмэгдсэн.
Хэдхэн жилийн өмнө л хүн амын дундаж наслалт бусад үзүүлэлтийг тооцож үзсэн ч хамгийн муугаар бодоход 2030 оноос л хүндрэл ажиглагдана гэдэг байлаа. Гэтэл юу юугүй 400 гаруй мянган тэтгэвэр тэтгэмж авагчтай болж, алдагдалд орсон нь дээрх хуультай холбоотой. Нөхөн төлж тэтгэвэр тогтоолгосон хүмүүс бол үндсэндээ шимэгчид юм.
МАЛЧИД Ч ШИМЭГЧ
Монгол бол мал аж ахуйн орон. Монгол Улсын Үндсэн хуульд "Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт бий. Энэ дагуу төрөөс үүргээ биелүүлж малчдад өвс тэжээл хүргэх, ноос ноолуурын урамшуулал олгох зэргээр дэмжсээр ирсэн. Малын хөлийн татварыг цуцалж, өөр төрлийн ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсээс таван жилийн өмнө тэтгэвэрт гарах бололцоо олгосон.
Уг нь агаар бохирдож байна гээд жолооч нараас яндангийн татвар авч байгаа юм чинь малчдаас малын хөлийн татвар авах ёстой.
Малынхаа ашиг шимээс орлого олсон л бол орлогын албан татвар зайлшгүй. Гэтэл улс орны аж үйлдвэрийг тодорхойлох хэмжээний том сектор шимэгч үржих газар болсон нь харамсалтай.
ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧИД БОЛ НЭГЭН ТӨРЛИЙН ШИМЭГЧИД
Монголд хамгийн найдвартай ашиг өгдөг, эрсдэл багатай бизнес нь үр хөдлөх хөрөнгө түрээслүүлэх болжээ. Монголд ер нь өөрийн байрандаа үйл ажиллагаа явуулдаг ААН цөөхөн. Орон сууц болон ажлын байр түрээслүүлж байгаа хэсэг бүлэг бол орлогын татвар огт төлдөггүй шимэгчид мөн.
Хүн ам, орон сууцны 2015 оны тооллогод (завсрын тооллого)хамрагдсан 30.6 мянган өрх орон байраа түрээсэлж амьдарч байгаа гэсэн статистик гарсан.
Энэ жил ээлжит тооллого яг одоо орон даяар явагдаж байна. Ямар үр дүн гарахыг таашгүй ч орон сууцны зах зээлийн байдлаас харахад таван жилийн өмнөхөөс нэг их багасахгүй нь тодорхой. Энэ тоог түрээслэх мөнгөөр үржүүлээд үзээрэй. Багагүй хэмжээний тоо гарах вий.
МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД
Сүүлийн таван жилд Монголд хамгийн богино хугацаанд их хөрөнгө босгож, үнэлгээгээ өсгөж чадсан компани бол Lend.mn. Санхүүгийн зах зээл дээр асар богино хугацаанд амжилт олсон шалтгаан нь энэ салбарт мөнгө хүүлэгчид буюу шимэгчид ноёрхож байсантай холбоотой юм.
Мөнгө хүүлэгч иргэд, ААН-үүд сарын 20-30, жилийн 240-360 хувийн хүүтэйгээр мөнгө зээлдэг. Хүүнээсээ илүү торгууль нь аймшигтай бөгөөд өдөрт төлөх төлбөрөө хийгээгүй тохиолдолд цаг тутам 7-15 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг. Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй иргэд мөнгө хүүлэгчдийн гол үйлчлүүлэгчид байдаг.
ХУУРАМЧ БАРАА ҮЙЛДВЭРЛЭГЧИД
Монголд хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид далд эдийн засгийн 4.9 хувийг бүрдүүлжээ. Олонд танигдсан брэнд бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг манайд байгаа нь нууц биш.
Хилийн чандад үйлдвэрлээд оруулж ирж зардаг сураг дуулддаг. Тэгвэл биеэ үнэлэлт, хар тамхи мансууруулах бодисын худалдааг ч мөн энэ хэсэгт хамруулсан байх бөгөөд энэ хоёр л гол жин даржээ.
Ялангуяа хар тамхины зах зээл таван жилийн өмнө 5.9 тэрбум төгрөг байснаа 113 тэрбум болж огцом өссөн гэж ҮСХ-ны судалгаанд өгүүлсэн байх юм.
ШИМЭГЧ ҮҮСЭХ ОРЧИН НӨХЦӨЛ
Хөгжингүй орнууд иргэддээ амьдрах цалин өгдөг. Идэж ууж, өмсөж зүүх, аялж зугаацахаас гадна хуримтлуулах хэмжээний хөлс олгодог.
Монголд хөдөлмөр эрхлэгчдийн 90 хувь нь идэж уухаасаа илүү гарахгүй буюу амь зуух хэмжээний цалингаар ажиллаж байна.
Идэш уушнынх нь мөнгийг өгөхгүй бол тухайн ажилчин өлсөж үхнэ. Тиймээс цаашид ажиллуулахын тулд арга буюу идэш уушинд нь хүрэлцэх төдий цалин өгч байгаа гэж ойлгож болох юм. Хөгжингүй орны иргэд бол яг ингэж ойлгоно. Ажил хийж байгаа нь өлсөж үхэх аюулаас дөнгөж хэлтэрч байхад ажилгүй нь тэгээд яах юм бэ. Өлсөж үхэх гэж байгаа амьтан хоол тэжээлийн төлөө амиа тавихаас буцдаггүй. Тэгвэл орлого нь хоол хүнсэндээ ч хүрдэггүй монгол хүн олсноо шингээхийн тулд татвараас бултах нь алга урвуулахын дайны асуудал.Зогсоолд байсан машиныг мөргөчихөөд зугтах, сохор хүний мөнгийг хулгайлах, дээрэмдэх гээд муу муухай бүхэн эдийн засгийн энэ тааламжгүй нөхцөлөөс болж гарч байна шүү дээ. Шимэгчид өөрсдөө хүссэндээ шимэгч болсон юм биш. Орлого хангалттай, амьдрал нь санаа зовох зүйлгүй бол хүн муу зүйл санаж сэдэхгүй л болов уу.
Баялгийн хуваарилалтын шударга бус байдал, амьжиргааны нөхцөл дорой байдал нь шимэгчдийг бий болгодог. Манай улсад ийм нөхцөл байдал байна.
Далд эдийн засгийн ДНБ-тэй харьцах хувь хэмжээ хэдий чинээ их байна, төдий чинээ улсын төсвийн орлого багасдаг. Үүнийг дагаад төрөөс авах татвар хураамж нэмэгдэж, иргэддээ үзүүлэх төрийн үйлчилгээ мууддаг. Харамсалтай нь, эхлээд далд эдийн засгийг ил болгож байж л төсвийн бааз нэмэгдэнэ, тэрний дараа татвар бууруулах боломжтой.
ШИМЭГЧДИЙН ПИРАМИДЫН ОРОЙД ЗАЛРАГСАД
"Хүмүүс бактеритай яг адилхан. Нэг тааламжтай газар олоод суурьшина. Тэгээд тэр газрынхаа шим шүүсийг шавхаж дуустлаа салдаггүй”.
Энэ үгийг хууль сахиулах, гүйцэтгэх дээд байгууллагын гишүүдэд зориулаад хэлчихсэн мэт санагдана. Ихэнх нь 20-иос дээш жил тэр дээр сууж шимэгчлэв. Зах дээр цай зардаг Дулмаа эмгэн 200 төгрөгөөр нэг аяга цай зарсан бол хүн амын орлогын албан татварт төлөх ёстой. Гэтэл дээр суусан цагаан захтнууд үзгээ хөдөлгөх төдийд хэдэн мянган Дулмаагийн шимэгчилсэнтэй тэнцэх хөрөнгийг шимж байна.
Тэдний хошуу хэтэрхий урт, дэндүү шунаг. Дарга нар нь Боловсролын зээлийн сангаас нэг хүүхдэдээ л 32, 34 мянган ам.доллар авч өгөөд эргүүлж төлөхгүй байх жишээтэй. Нэг удаа ингэж шимэгчилсэн мөнгөн дүн нь л хэдэн зуун шударга иргэдийн жилийн татвартай тэнцэнэ.
ЖДҮХС, ХЭДС-гийн хөрөнгийг хэдхэн шимэгч тэрбум, тэрбумаар нь авч, олон мянган Дорж, Дулмаагийн боломжийг ганцхан шимэлтээр сорж буй. Эрх баригч хоёр намын шимэгчдэд улсаа хөгжүүлэх төлөвлөгөө байхгүй. "Сонгуулиар сөрөг хүчин гарч ирлээ гэхэд өмнө нь эрх барьж байсан намынхаа үйлдсэн гэмт хэргийг хэлэлцэхгүй байя” гэсэн тохироо л бий. Тийм ч учраас өндөрт байгаа дээрээ аль болох шунаглаж, ихийг шимэхээс өөрийг боддоггүй.
Монгол Улс маргааш яах нь тэдэнд огт падгүй. Яагаад гэвэл, авлига хээл хахуульд идэгдсэн, шат шатандаа шимэгчдээр дүүрсэн өнөөгийн Монгол Улсыг өөр хэн ч биш, дээд албан тушаалд халаагүй сууж байгаа тэр шимэгчид л бий болгосон.
Үнэндээ өнөөдөр Монголд далд эдийн засаг байх уу, үгүй юу гэдгийг шийддэг хүмүүс нь эд нар. Дорж, Дулмаа мэтийн шимэгчид бол дээр суусан цагаан захтай шимэгчдийн хажууд ариухан амьтад.
Дээрх шимэгчдийг тоочихдоо "Тэтгэврийн санд үүрлэсэн”, "Малчид”, "Мөнгө хүүлэгчид” гэхчлэн тодорхойлсон. Тэднийг бий болгох ажлыг дээр суудаг том шимэгчид хийсэн гэхэд буруудахгүй. Оройд заларсан шимэгчид дараах шимэгчдийг хэрхэн бий болгосон бэ гэдгийг танилцуулъя.
Тэтгэврийн санд үүрлэсэн шимэгчид
УИХ-ын чуулганаар 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн үйлчлэх хугацаа нэг жил. Өөрөөр хэлбэл, 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэрэгжих юм. Ингэснээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэж байгаа юм.
Малчид ч шимэгч
2015 онд ХХААХҮЯ малчдаас бэлчээр ашигласны төлбөр авах талаар санал боловсруулж, Сангийн яаманд хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хууль эрх зүйн орчин нь бүрдсэнгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан. Хууль хэрэгжсэнээр энэ онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 44.6 тэрбум төгрөг зарцуулна.
Түрээслүүлэгчид бол нэгэн төрлийн шимэгчид юм
Түрээслүүлэгчдээс татвар авах талаар бодитой арга хэмжээ аваагүй. Хууль эрхзүйн зохицуулалт байхгүй. Дэлхийн хотуудын татварын ихэнх хувь нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогоос бүрддэг бол манай нийслэлийнх цалин, хүн амын хувийн орлогоос бүрддэг. Түрээслүүлэгчдээс татвар авахаар 2013 онд орон даяар тооллого хийсэн ч мөнгө үрсэн ажил болоод дууссан.
Мөнгө хүүлэгчид
Нэр бүхий гишүүд зээлийн хүүг бууруулах хууль санаачилсан ч батлагдаагүй. Банк бус санхүүгийн байгууллагуудын эрх ашгийг хөндсөн учраас УИХ-ын зарим гишүүн хувийн бизнесийнхээ эсрэг хууль гаргахыг хүсэхгүй. Уг нь жилд 60 хувиас дээш байж болохгүй гэчихсэн л бол өдрийн зээл гэх мэт бусармаг ажиллагаа эрхэлдэг хүмүүсийн хөл тушигдаж, иргэдийн нуруун дээрээс их ачаа хөнгөлөх байв.
Хуурамч бараа үйлдвэрлэгчид
Хуурамч бараа үйлдвэрлэл гэх секторт хар тамхины худалдаа багтдаг. Зах зээл нь 113 тэрбум төгрөг буюу 40 гаруй сая ам.доллар болж огцом өссөн. Ийм их хэмжээний хар тамхийг Монголд хэн оруулж ирж борлуулж чадах вэ. Үүнд мэдээж баталгаатай хариулт байхгүй. Дипломатууд гэсэн хардлага бий. Монголын дипломатчид ямар ажил эрхэлдэг вэ гэдгийг өнгөрсөн он дэлхийд таниулсан. Энэ бол баримт. Төрийн өндөр албан тушаалтны хүү БНХАУ руу хар тамхи оруулахаар завдаад баригдахад ялтан шилжүүлэх гэрээгээр Монголд авчирч, удалгүй сулласан нь баримт. Түүнээс болоод БНХАУ-тай дахин ялтан солилцоход хүндрэл учраад байгаа нь баримт.
Х.БАТСАЙХАН
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN