Энэ сарын 5-нд Орхон аймгийн Мэндцэцэн өрхийн эрүүл мэндийн төвд Булган аймгийн харъяат У халуурч байна гэсэн шалтгаанаар хандсан билээ. Тухайн хүн өөрийгөө БНХАУ-ын Ухань хотод тээвэрлэлт хийж байсан гэж мэдээлсний дагуу түүнийг аймгийн Халдвартын тасагт тусгаарлаж шинжилгээг ХӨСҮТ-д илгээсэн. Шинжилгээний хариу 24 цагийн дараа сөрөг буюу шинэ төрлийн коронавирусний халдваргүй гэж гарчээ. Тухайн үед иргэний халууныг хэмжихэд 36 хэмтэй байжээ.
Мөн түүнтэй зэрэгцэн нэг иргэн халуурч ирсэн бөгөөд түүнийг шинэ төрлийн коронавирусний халдварын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн шинжилгээг ХӨСҮТ-д илгээсэн байна. Ийнхүү Орхон аймгаас илгээсэн хоёр шинжилгээний хариу сөрөг гарчээ.