Үүнийгээ ч эцэг хүн ухаарч, сэхээрсэн байдаг. Тэр гэр бүлийнхээ төлөө амиа өгөхөөс ч буцахааргүй их сэтгэлийн тэнхээтэй оршдог. Үлдэх үр минь байгаа хойно гэсэн өег бодол нь түүнийг цатгачихдаг хэрэг. Энэ бодол хийгээд үр хүүхэд, хань ижлийнх нь өөрийг нь гэх сэтгэл түүний бахархал юм. Эцэг хүний бахархал, энэ үнэт зүйлийг нийгэм даяар үгүйсгэж, гутаан доромжлох явдал олонтаа харагдах болжээ. Эр хүн ийм зүйлд их эмзэг байдаг юм.
Саяхан болсон нэг эмгэнэлт явдал үүний тод жишээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын арын аманд мод тайрч байсан иргэдийг шийтгэж байгаа нэрийдлээр Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн асан П.Шинжээравдан модоор балбасан. Түүнийгээ бахтай нь аргагүй цахим орчинд тарааж, зодуулж байгаа аав гэр бүлийнхээ өмнө ичгэвтэр байдалд орлоо. Энэ явдлын дараахан мод бэлтгэж байсан иргэдийн нэг нь амиа хорлолоо. Үр хүүхэд, хань ижлийнхээ өмнө ичгэвтэр байдалд орсон тэр тэссэнгүй бололтой.
Ер нь ч сүүлийн үед цахим орчинд хувь хүмүүстэй холбоотой янз бүрийн бичлэг цацагдах болжээ. Хамгийн сүүлд л гэхэд хар тамхинд мансуурсан жүжигчин залуу ээжийгээ зодож, танхайрч байгаа бичлэг цацагдлаа. Ээж нь хүүхдэдээ зодуулах шиг гутамшиг байдаггүй. Гэхдээ амьдралд ийм зүйл мэр сэр болдог. Үүнийгээ бусдад ярьж, харуулдаггүй ёстой юм шүү дээ. Эх хүний хамгийн эмзэг зүйл энэ. Гэтэл тэр бичлэгийг нийтэд цацаж эх хүний эрхэмсэг оршихуйг гутаан доромжилж байгаа нь яаж байгаа юм бэ. Эх болгон гэртээ Өүлэн эх байдаг юм шүү дээ.
Үүгээр зогсохгүй Н.Номтойбаярын зодооны бичлэг цацагдаж танхай, балмад буриадаараа дуудуулав даа. Тэрээр "Ядаж яс, үндсээр минь битгий доромжил, буриад хүн бүр балмад байдаггүй юм шүү” хэмээн учирлаж ч харагдана лээ. Оймсондоо мөнгө нуусан залуугийн бичлэг ч цахим орчинд шуугиан дэгдээж, түүнийг нийгэм даяар хараан зүхсэн. Түүний айж сандарсан, гэм буруугаа ухаарсан, өнөөхөө нуухчаа аядаж байгаа бичлэгийг АТГ-ынхан цацсан. Бодох нь ээ түүнд эцэг, эх, хань ижил, үр хүүхэд байдаг л байх даа.
Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг салаавч гаргаж орилж буй бичлэг задарч, Монгол Улсын төрийн тэргүүн байсан шүү дээ гэх халаглалыг гадна, дотны олон мянган хүнд төрүүлсэн. Энэ хүн Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн. Ерөнхийлөгч байж улс удирдаж явсан хүний эго ямар байх билээ. Энэ хүн ямар байсныг бид ч мэднэ. Монгол Улсын хаан гэгдэж байсан хүн шүү дээ. Энэ бүгдийг нь гутаан доромжилж, төрийн хүнд суртал, дарангуйллын хатуу улаар нуга дэвсэлж, өөрийн ухаанаа алдсан үед нь бичлэг хийж, тэд тараасан.
Ингэж бичлэг задалж хэн нэгнийг гутаан доромжлох нь буруу. Бичлэгийг задалж тараагаад байгаа хүмүүс хүний эрхэмсэг оршихуйг хөндөж байгаагаа мэддэггүй хэрэг үү. Хүн гээч угаас өөрийнхөө сүүдэртэй талыг бусдаас нуухыг хүсдэг. Хүнд муугаа харуулах дургүй. Тэгвэл хүн ямар үед ичмээр муухай ааш араншин гаргаж, нууж байсан төрх байдлаа илтгэдэг вэ. Хүн маш ихээр айж, ичиж, өөрийн ухаангүй сандарч, тэвдэж байх үедээ муу муухай бүхнээ ил гаргадаг. Учир нь энэ үед хүний амьтнаас ялгардаг ухамсар гээч зүйл нь алга болж, адгууслаг зөн нь бий болдог юм. Энэ бол хүн төрөлхтний жам.
Айсан, ичсэн, хүчинд автсан энэ үед нь санаатай байдлаар бичлэг хийж олон нийтэд тараах нь хүн гээч амьтны эрхэмсэг оршихуйг гутаан доромжилж буй хэрэг. Хүний хамгийн их нуудаг ааш авираа ил гаргасан тэр бичлэг хүмүүст мартагддаггүй. Ямар ч үед хүмүүс түүнийг үүгээр нь л шоолдог.
Миний дээр дурдсан бүх тохиолдолд төр, цагдаа хүчний байгууллага хийсэн бичлэг байсан. Харин тэдгээрийг АТГ, цагдаа, прокурорын байгууллагаас зориудаар, бодлоготойгоор тарааж байна. Ингэж тэд иргэдийг дээрэлхдэгээ харуулж "Бид ийм хүчтэй шүү” гэж ард түмнийг сүрдүүлж, "Бидний үгэнд орохгүй бол та нарыг ч энэ мэтээр шившиглэх болно” гэж анхааруулж, бас өөрсдийгөө ажил хийсэн гэж зөвтгөж байгаа байх.
Тэртэй тэргүй хууль шүүхээр шийдэгдэх нь ойлгомжтой байхад мөрдөн байцаалтын явцад олсон энэ бичлэгүүдийг задалж, цахим орчноор тараах нь нөгөө хүнийг давхар яллаж байгаа хэрэг. Энэ бол гэмт хэрэг юм. Одоо биш юм аа гэхэд зургаан сарын дараа энэ мөрдөн байцаалтын нууц задруулсан гэх гэмт хэрэг болно. Угтаа одоогийн эрх баригчид тэр дундаа Галшар чигээс угшилтай нөхөд АТГ, цагдаа, прокурорт өөрдсийнхөө хүмүүсийг тавьчихаад дуртай бичлэгээ сугалж, нийгэмд цацаж байгаа юм. Энэ удаан үргэлжлэхгүй ээ. Сонгуулийн дараа бүгд солигдоход хийсэн үйлдэл тань гэмт хэрэг болох болно гэдгийг дахин хэлье.
Өдрийн сонин