Монгол Улсын Засгийн Газраас 2020.02.13-наас эхлэн улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжих шийдвэр гаргасны дагуу уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өндөржүүлэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа аж.
Өндөржүүлсэн байдлын үед үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабаас эмч, онцгой байдлын албан хаагч, үйлдвэрийн диспетчерийн бүрэлдэхүүнтэй 24 цагийн ажиллагаатай баг байгуулан үйлдвэрт нэвтэрч байгаа ажилчдын биеийн дулааныг хэмжих, ХАБЭА-н зааварчилгаа өгөх ажлуудыг хийж эхэлжээ. Түүнчлэн шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх үүднээс 10 сая төгрөгийн ариутгал, халдваргүйжүүлэх бодис нэмж нөөцөлсөн байна.
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 6600 ажилтантай бөгөөд ХАБЭА-н асуудал эрхэлсэн 60 гаруй мэргэжилтэнтэй ажиллаж байна. Үйлдвэрийн өндөржүүлсэн бэлэн байдлын үйл ажиллагааны талаар "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд "Манай ажилчид шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл сайтай байгаа. Бид Германы сүүлийн үеийн технологи ашиглаж зарлан мэдээлэх системийг ашигладаг. Дотоод сүлжээгээрээ дамжуулан 6600 хүний гар утсанд нэгэн зэрэг мэдээлэл хүргэж байгаа. Мөн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх аймгийн Онцгой комиссын гишүүн учраас цаг үеийн мэдээллээр хамт олноо шуурхай хангаж, нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг гаргаж ажиллаж байна” хэмээн мэдээлэл өглөө.
Дашрамд дурьдахад, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ХАБЭА-н чиглэлээр олон улсын стандартын ХАБЭА-н удирдлагын "ISO 45001:2018” тогтолцоонд шилжин ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд үйлдвэрийн ХАБЭА-н журмуудыг шинэчилж, бүтцийн нэгжүүдэд ХАБЭ-н манлайлал, оролцооны шинэ арга хэлбэрүүдийг амжилттай нэвтрүүлж ажиллаж байгаа юм байна. Ингэж ХАБАЭ-н дүрэм журмыг сайтар мөрдөж ажиллаж хэвшсэн нь ХАБЭА-н жишиг болох цуврал аянууд болон өглөөний ХАБЭА-н зааварчилгааг бүтцийн нэгжүүдэд амжилттай хэвшүүлсэнтэй холбоотой болохыг мэргэжлийн байгууллагаас үнэлдэг байна. Мөн ажилтнуудын ХАБЭА-н эргэх холбоог сайжруулах үүднээс ухаалаг гар утсанд суурилсан мэдээллийн аппликейшнийг ажиллуулж, ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр тогтмол аян өрнүүлж ажилладаг нь холбоотой аж.
Одоогийн байдлаар "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ХАБЭА-н зөвлөл, Үйлдвэлэлийн осол, хурц хордлогыг судлах байнгын комисс, Эрүүл мэндийн хяналтын байнгын ажлын хэсэг, Цацрагийн хяналт, аюулгүй байдлын байнгын ажлын хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын байнгын ажлын хэсгүүд тус тус ажиллаж байна.