Монгол Улсад сүүлийн арван жилд үйлдвэрлэлийн осол, хурц, хордлогын улмаас 3802 хүн өртөж 1055 хүн нас баржээ.
Өнгөрсөн онд л гэхэд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас 283 хүн бэртсэн байна. Нийт бүртгэгдсэн ослын 20 гаруй хувь нь уул уурхай, ашигт малтмалын олборлолтын салбарт гарсан тул Монгол Улсын Засгийн газраас үйлдвэрлэлийн ослыг бууруулахад онцгой анхаарч төсөл, хөтөлбөр, чуулган, зөвлөгөөн зохион байгуулсан аж. Үүний дагуу "Эрдэнэтийн ДЦС” ТӨХК ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, боловсрол, соёлыг дээшлүүлэх зорилгоор тэмцээн зохион байгуулжээ. "ХАБЭА-г эрхэмлэгч хамт олон-2019” тэмцээнд нийт найман цехийн ажилчид оролцож ХАБЭА-н зөрчлийг арилгахад тулгамдаж буй асуудал сэдвээр төсөл бичиж уралдсан байна. Мөн анхан шатны тусламж үзүүлэх чадвар, хууль, эрх зүйн чиглэлээр мэдлэгээ сорьжээ. Уг тэмцээнд Химийн цех тэргүүлжээ.