Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн бөгөөд үүнийг дэмжиж манай улс 2012 оноос хойш Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг уламжлал болгон зохион байгуулж байна. Хөдөлмөрийн яамнаас ХАБЭА-н дэлхийн өдрийг угтан "Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” уриа дэвшүүлж, үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг сайжруулах олон хэлбэрийн арга хэмжээг сарын аяны үеэр зохион байгуулахаар аймаг бүрт ажлын чиглэл хүргүүлсэн байна.
ХАБЭА-н сарын аяны хүрээнд Орхон аймгийн ХАБЭА-н салбар хорооноос зохион байгуулсан " Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, эрхзүйн шинэчлэл” сэдэвт сургалтанд оролцож "Хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ " сэдвээр оролцогчдод мэдээлэл хийж, Монгол улсад мөрдөгдөж байгаа ХАБЭА-н холбогдолтой стандартууд түүний дотроос Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ. MNS 5080 : 2001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага. MNS 4990 : 2015 стандартын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэлээ.
Сургалтанд тус аймгийн 35 аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н зөвлөлийн дарга нар, 25 аж ахуйн нэгж байгууллагын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын дарга нар хамрагдсан байна.