|

Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг ингэж нэмэгдүүлэхээр төлөвлөжээ

saikhnaa 2020/03/24 430 0

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Энэхүү өөрчлөлтөд шүүх засаглалын бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх зорилгоор гурван заалт оруулсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн шүүх засаглалтай холбоотой хоёр заалтыг өөрчилсөн бол нэг заалтыг нэмж оруулсан юм. Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Уг хуулийн төслийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг төслөө боловсруулж дуусжээ.

Үндсэн хуульд шүүх засаглалтай холбоотой ямар өөрчлөлт орсон, түүний дагуу Монгол Улсын шүүхийн тухай хууль хэрхэн өөрчлөгдөж байгааг танилцуулъя.

Сүүлийн таван жил улс төрийн намд удирдах алба хашсан хүнийг ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэхгүй

Өмнөх хувилбар: Үндсэн хуулийн 49.5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Шинэ хувилбар: Үндсэн хуулийн 49.5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.

Энэхүү өөрчлөлтийн дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь бүрдсэнээр бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр тусгажээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах шүүгч гишүүдэд нь шүүгчээр таваас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй гэсэн шаардлага тавих юм байна. Харин бусад гишүүний тухайд хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн намд удирдах албан тушаал хашиж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн шаардлага тавигдах аж.

Шүүгчээр 10-аас дээш ажил ажилласан хүнийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилно

Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчдийг сонгон шалгаруулах үүрэгтэй байгууллага. Тус байгууллагаас шүүгчдийг сонгон шалгаруулахдаа ямар шаардлага тавихыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төсөлд тодорхой тусгажээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үед шүүгчээр томилогдох хүмүүст насны босго тавих санал гарч байсан "Мэргэшсэн байдалд нь өндөр шалгуур тавих нь зөв. Тиймээс насны босго тавих шаардлагагүй” гэж үзсэн юм. Үүнийхээ дагуу шат шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдэд тавих шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлжээ.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч анхан шатны шүүхийн шүүгчээр зургаагаас дээс жил, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч анхан шатны шүүхийн шүүгчээр 10, эсвэл давж заалдах шатны шүүхийн шүүгчээр таваас доошгүй жил ажилласан байх шаардлага тавихаар болсон байна. Мөн хяналтын шатны шүүгчид нэр дэвшигчид өмгөөлөгч, прокуророор 10-аас доошгүй жил ажилласан байх одоогийн шаардлагыг хэвээр үлдээжээ. Ерөнхий шүүгчийн тухайд анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч тухайн шатныхаа шүүхэд таваас доошгүй ажил ажилласан байх бол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч шүүгчээр 10-аас дээж жил ажилласан байх шаардлагатай хэмээн тусгасан байна. Улсын дээд шүүхээс бусад шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг тухайн шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлөөс гурван жилийн хугацаатай сонгож, нэг удаа улираан сонгож болох ажээ.

Шүүгчийн туслахаар эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хүн ажиллана. Шүүгчийн туслахаар гурваас доошгүй жил ажилласан бол анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болно хэмээн заажээ.

ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчид хариуцлага тооцох заалтыг хасжээ

Үндсэн хуулийн +49.6 (шинээр нэмсэн заалт). Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.

Үндсэн хуульд оруулсан энэхүү заалтын дагуу Шүүхийн сахилгын хороо хэмээх байгууллага шинээр байгуулагдах ёстой. Энэхүү байгууллага нь улсын хэмжээг нэг байх юм. Өөрөөр хэлбэл, орон нутагт салбаргүй ажиллана гэсэн үг. Сахилгын хороо нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Шүүгчдийн зөвлөл тав, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хоёр, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хоёр хүнийг сонгож, томилно. Дээрх гурван субъект тус бүрийн сонгож томилсон гишүүний нэг нь орон тооных, бусад нь орон тооны бус байх юм.

Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигчдэд хууль зүйн өндөр мэргэшилтэй, шүүн таслах ажиллагааны туршлагатай, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч, хуульч гэсэн шаардлага тавихаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгажээ. Тэдний бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байх бөгөөд нэг удаа улираан сонгож болох юм.

Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа зургаан сар хүртэлх хугацаанд цалингийнх нь 30 хүртэлх хувиар торгох шийтгэлийг хассан байна. Харин тодорхой хугацаанд шүүгчийн ёс зүйн сургалтад хамрагдахыг даалгах, зэрэг дэвийг нь зургаан сараас нэг жилийн хугацаанд бууруулах шийтгэлийг нэмж тусгажээ.

Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлээс ҮБАЗ-ийн зөвлөмж гарсан гэдэг үндэслэлийг хасжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил ҮАБЗ-ийн санал санаачилгаар бий болгосон энэхүү зохицуулалтыг цаашид ашиглахгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна.

Огцорсон, тэтгэвэртээ гарсан шүүгч өмгөөлөгчөөр ажиллахыг хориглоно

Мөн шүүгч гурван сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх, зургаан сараас дээш хугацаагаар суралцах, эрдэм шинжилгээний ажил хийхээр болсон тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлдэг байсныг больжээ. Энэ тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид чөлөө олгох юм байна.

Шүүгч өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд түүнээс хойш хоёр жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор хуулийн төсөлдөө тусгажээ. Мөн шүүгч албан тушаалаасаа огцорсон, эсвэл тэтгэвэртээ гарсан тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглох юм байна.

Өмнөх хувилбар: Үндсэн хуулийн 48.1. Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

Шинэ хувилбар: Үндсэн хуулийн 48.1. Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

Энэхүү өөрчлөлтийн дагуу шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Тойргийн зарчмаар байгуулахгүй ч байсан болно гэсэн үг. Гэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа шүүхийг тойргийн зарчмаар байгуулсан тохиолдолд шүүгчдийг хэрхэн томилж ажиллах тухай заажээ. Аль нэг шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн өөрийнх нь саналыг үндэслэн орон тоо дутуу байгаа адил шатны шүүхэд шилжүүлэн ажиллуулахаар тусгасан байна. Харин адил шатны шүүхэд нь орон тоо байхгүй тохиолдолд доод шатны шүүхэд нь шилжүүлэх томилуулах ажээ. Мөн шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсантай холбоотойгоор шүүгчийг өөр шүүхэд шилжүүлэн томилохоос Ерөнхийлөгч татгалзах эрхгүй байхаар заасан байна.   \

С.Шийлэгтөмөр

ЕАGLE.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top