|

COVID-19: Испанид халдвар дахин тархаж, Билл Гейтс шинэ эм нас баралтыг бууруулна гэж мэдэгджээ

saikhnaa 2020/07/29 415 0

Европд вирусийн халдвар дахин дэгдэж, Герман, Бельги улс вирусийн тархалтаас сэргийлэн дахин хязгаарлалтын арга хэмжээ авч эхлэв. Билл Гейтс вирусийн халдварын улмаас нас барах хүний тоо багасна гэж мэдэгдсэн бол Испани жуулчдад үнэ төлбөргүйгээр вирусийн шинжилгээ хийх санал тавьжээ.  Өнгөрсөн хоногт коронавирустэй холбоотой ямар үйл явдал гарсан талаар тоймлон хүргэж байна. 

 

Гейтс: Хүмүүс вирусийн улмаас нас барах нь багасна

 

COVID-19-ийг эмчлэхэд ашиглаж буй вирусийн эсрэг эмний ачаар энэ өвчнөөс үүдсэн нас баралт оны сүүл гэхэд ихээхэн багасч, нийгэм хэвийн амьдралдаа эргэн орж болно хэмээн тэрбумтан Билл Гейтс мэдэгджээ.

 

"Урьдчилан сэргийлэх эмнээс илүүтэйгээр эмчилгээний эм бэлдмэл ач тусаа өгч байгааг та бүхэн тун ойрын хугацаанд харна. Тиймээс эдгээр шинэ бэлдмэлүүдийг хэрэглэснээр энэ оны сүүл гэхэд нас баралт эрс багасах боломж асар их гэж би бодож байна" хэмээн Билл Гейтс мэдэгдсэн байна.

 

"Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч Гейтсийн өгүүлснээр хамгийн үр дүнтэй эм бэлдмэлүүдийн нэг нь ремдесивир гэнэ. Gilead Sciences компанийн үйлдвэрлэдэг энэхүү бэлдмэл нь одоо ашиглаж буй бусад эмтэй харьцуулахад COVID-19 вирусийн халдвар хүндэрсэн хүмүүст хэрэглэхэд нас баралтын эрсдлийг бууруулдаг нь тогтоогдсон байна. 

 

Хоёр дахь давалгаа гарч болзошгүй гэсэн болгоомжлол 

 

Испанид вирус дахин дэгдсэнтэй холбоотойгоор Британи иргэддээ хандан энэ улс руу зорчихгүй байхыг сануулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн Испаниас ирж буй британийн жуулчид нутагтаа ирээд хоёр долоо хоногийн тусгаарлалтад байхаар болсон байна.

 

Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдэл хийхдээ Европ тив коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгааг туулж байж болзошгүй хэмээн онцолсон байна. Тиймдээ ч Испаниас ирж буй хүн бүрийг хоёр долоо хоногийн тусгаарлалтад зайлшгүй байх журмыг нэвтрүүлэх болсон хэмээн тайлбарлажээ.

 

"Европын зарим хэсэгт цар тахлын хоёр дахь давалгааны шинж тэмдгүүд ажиглагдаж эхэллээ. Харамсалтай нь, бид бусад орон дахь хоёр дахь давалгааны шинж тэмдгийг олж харж байгаа л бол энэ бүс нутгуудаас ирж буй хүмүүс Их Британи руу халдвар тээж ирэх нөхцөлийг бий болгохгүйн тулд шуурхай, шийдэмгий арга хэмжээ авах нь бидний зорилт төдийгүй үүрэг юм" хэмээн Борис Жонсон мэдэгджээ.

 

Харин энэ шийдвэрийг Испанийн тал ихээхэн таагүй хүлээн авсан бөгөөд коронавирусийн тохиолдол бараг бүртгэгдээгүй Балеар болон Канарын арлуудаас буцаж байгаа жуулчдыг ч хөл хорионд оруулахаар болсонд тааламжгүй хандаж байгаа юм. Дэлхий даяар цар тахал нүүрлэж, аялал жуулчлал тэг зогссон энэ үед жуулчдыг арлуудаараа ихээхэн татдаг Испанийн хувьд Британийн жуулчид алдаж боломгүй боломж байсан юм. Испанийн Зочид буудал, жуулчдын сууц эзэмшигчдийн холбооны тэргүүн Рамон Эсталлела ВВС агентлагт ярихдаа "Британийн хөл хорионы улмаас Испанийн аялал жуулчлалын салбар өдөр бүр хэдэн сая евро алдаж байна" гээд Испани руу ирж байгаа болон энэ улсаас буцах жуулчдад үнэ төлбөргүйгээр вирусийн шинжилгээ хийх санал тавьсан байна. "Ийм шинжилгээний зардал нь бидний алдаж буй мөнгөтэй харьцуулахад юу ч биш" хэмээн тэрбээр өгүүлжээ. 

Энд дуулгахад, цар тахлын улмаас бараг бүхий л орнууд хил хязгаараа хаасан энэ онд дэлхийн аялал жуулчлалын салбар ихээхэн уналтад орсон юм. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр цар тахлын улмаас дэлхийн аялал жуулчлалын салбар 320 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Гэхдээ энэ нь гагцхүү 2020 оны нэгээс тавдугаар сарын хоорондын хугацааны алдагдлыг тооцоолсон тоо юм. Жуулчдын тоо ч эрс буурч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 56 хувиар буурсан байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдэгдсэнээр 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын дараах үетэй харьцуулахад энэ удаагийн алдагдал гурав дахин их байгаа гэнэ. 

Испанийн нөхцөл байдал

Испанийн Каталони болон Арагонад халдварын тохиолдол өссөөр байгаа ч эрх баригчид нь нөхцөл байдал хяналтанд байгаа хэмээн мэдэгдсэн байна.

Мягмар гаригаас эхлэн Мадрид хотод амны хаалт зайлшгүй зүүх журам үйлчилж эхэлсний дээр нэг дор 10-аас дээш хүн цуглахгүй байхыг зөвлөжээ. Тус улсад шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлуудын 64 гаруй хувь нь дээрх хоёр бүс нутагт хамаарч байгаа бөгөөд Испанийн бусад дийлэнх нутагт халдвар маш бага хурдтайгаар тархаж байгаа гэж Испанийн Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

Европын тахал судлаачдын мэдээлснээр одоогийн байдлаар Испанийн 100 мянган оршин суугч тутамд COVID-19 -ийн 35,1 тохиолдол ноогдож байгаа бол Британид энэ үзүүлэлт 14,7 байгаа аж.

Ийнхүү Испанид нөхцөл байдал хүндэрсний улмаас энэ улс руу жуулчин илгээхээс татгалзсан өөр нэг улс нь Герман болсон байна. Германы Гадаад хэргийн яам иргэддээ хандан Каталони, Арагона, Наварре гэсэн гурван бүс нутаг руу зорчихгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн эрсдэл өндөртэй орнуудаас Герман руу ирж байгаа хүн бүрт зайлшгүй шинжилгээ хийнэ гэж Германы Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна.

Герман дахь халдварын нөхцөл байдлын тухайд, Роберт Кохын хүрээлэнгийн мэдэгдсэнээр мягмар гаригт 633 халдвар илэрсэн нь өмнөх өдөртэй харьцуулахад хоёр дахин их тоо юм. Энэ нь хайнга байдал, зай баримтлаагүй, хүмүүс хоорондоо ихээхэн харилцах болсонтой холбоотой гэж Роберт Кохын хүрээлэн мэдэгджээ.

Г.Бямбасүрэн

Эх сурвалж: Shuud.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top