|

Сангийн яаманд 178 тэрбум төгрөгийг гүйцээн шилжүүлбэл ногдол ашиг иргэдэд хүрнэ

nomun 2020/08/17 702 0
 

Сангийн яаманд 178 тэрбум төгрөгийг гүйцээн шилжүүлбэл ногдол ашиг иргэдэд хүрнэ

 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн иргэдийн эзэмшил 1072 хувьцааны ногдол ашиг хэзээ иргэдэд хүрэх талаар СЗХ-ны үнэт цаасны газрын дарга С.Цэрэндашаас тодрууллаа.

 

-"Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг хэзээнээс эхэлж тараах вэ?
-Компанийн тухай хуулийн хүрээнд ногдол ашиг тараах шийдвэр хэвээр байгаа. Удахгүй "Эрдэнэс Тавантолгой” ХК 178 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Гэрээний дагуу "Эрдэнэс Тавантолгой” үе шаттай мөнгөө шилжүүлж байгаа. 100 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийн төлбөрөө Сангийн яаман дахь холбогдох данс руу шилжүүлсэн. Үлдсэн 78 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой” ХК ойрын хугацаанд нөхөж шилжүүлснээр ногдол ашиг иргэдэд хүрнэ. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулж тараана. Уг төв ногдол ашгийг тараах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 

 

 

-2.5 сая иргэнд ногдол ашиг нэг дор тараахад урьдчилсан бэлтгэл чухал байх?
-Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Эхний ээлжинд үнэт цаасны данс нээлгэсэн иргэдийн дансаар ногдол ашгийг тараана. Үүнд нэг сая гаруй иргэний дансыг банктай тулган, баталгаажуулж, ногдол ашиг тараахад бэлэн болсон. Үлдсэн иргэдийн ногдол ашгийг "Е-баримт” авдаг дансаар дамжуулж олгоно. 

 

 

-0-18 настай хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийн мөнгийг хэрхэн олгох вэ?
-0-18 настай хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийн мөнгийг халамжийн мөнгө авдаг дансаар нь дамжуулан тараах бэлтгэл ажлыг хийж байна. ҮЦТХТ-өөс дээрх байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, программын хөгжүүлэлт хийгээд тараахад бэлэн болсон. Компанийн тухай хуулиар ногдол ашиг тараах шийдвэрийг тухайн компанийн ТУЗ-өөс гаргадаг. Харин хэрэгжүүлэхийг нь гүйцэтгэх удирдлага хариуцдаг. Ногдол ашиг тараах бэлтгэл ажлыг хангасан учраас ТУЗ-ийн шийдвэрийг хэзээ хэрэгжүүлэхийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх удирдлагаас тодруулах хэрэгтэй.

 

 

- Энэ оны эхний хагас жилийн хөрөнгийн зах зээлийн талаар яривал?
-Хөрөнгийн зах зээлд 304 хувьцаат компани бүртгэлтэй байна. Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй 53 үнэт цаасны компани үйл ажиллагаа явуудаг.  Арилжааны хоёр хувийг Засгийн газрын үнэт цаас, 17.2 хувийг компанийн бонд, 80.8 хувийг хувьцаа эзэлж байна. 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top