|

Трампын бие муудаж, дэмжигчид нь түүний төлөө залбирал үйлдэв

nomun 2020/10/05 50 0

 

 

Трампын бие муудаж, дэмжигчид нь түүний төлөө залбирал үйлдэв

 

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай  коронавирусийн халдвар авсан талаар Трамп мэдэгдсэн. Тэднийг Цагаан ордонд тусгаарлагдан эмчлүүлж байгаа гэж байсан бол бямба гаригт тэргүүн хатагтайг ордонд нь үлдээж харин 74 настай Ерөнхийлөгч Трампыг цэргийн эмнэлэгт хүргэн, эмчилж эхэлсэн талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байв. 

Ням гаригт Дональд Трампыг хэрхэн эмчилж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гарчээ. NBC агентлагийн мэдээлснээр, Дональд Трампад дексаметазон эм өгч эхэлснийг эмчлэгч эмч Шон Конли мэдээлсэн байна. Энэ эмийг амьсгал тасалдуулахгүйн тулд хүнд шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд өгдөг байна. Сүүлийн хоёр өдөр Ерөнхийлөгчийн цусан дахь хүчилтөрөгчийн түвшин хоёронтоо унасан тул энэ эмийг өгчээ.

Мөн Ерөнхийлөгч Трампад нэмэлт хүчилтөрөгч өгөхийг зөвлөсөн байна. Хэдийгээр Трампын биеийн байдал муудсан ч даваа гаригт түүнийг эмнэлгээс гаргаж, Цагаан ордонд эмчилгээг нь үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. 

Трампын өвчний тухай 

Бямба гаригт Трампын эмч мэдэгдэл хийхдээ "одоогоор өвчтөний бие аюулаас ангид байна гэж хэлэх боломжгүй" хэмээн мэдэгдэж байлаа. Үүний дараа Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Марк Мэдоуз Трампын биеийн байдал сүүлийн 24 цагт "ихээхэн санаа зовоосон" гээд дараагийн 48 цаг "шийдвэрлэх мөч байна" хэмээж байв. Харин ням гаригт Трамп өөрөө дүрст бичлэг хийж, биеийн байдал нь харьцангуй дээрдэж байгааг өгүүлж байлаа. 

 

Цар тахал дэгдсэнээс хойш Дональд Трамп болон түүний хүрээллийнхэн огт амны хаалт хэрэглэдэггүй, цар тахал байхгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг байв. Вирусийн талаар Ерөнхийлөгч төдийгүй түүний туслах, зөвлөхүүд үл ойшоосон мэдэгдэл хэдэнтээ хийж байсны дээр хүмүүс хоорондын зай баримталдаггүй, Цагаан ордны Баруун жигүүр дэх оффист байхдаа амны хаалт зүүдэггүй, хоолны үеэр зай баримталдаггүй, Цагаан ордны талбайд арга хэмжээ зохион байгуулж, олон зуун хүн урьдаг байсныг ВВС эргэн сануулжээ. 

 

Дональд Трамп хэвлэлийн бага хурал зохион байгуулах үед энэ хурал руу орох сэтгүүлчдийг бүгдийг нь тестэд хамруулж, Ерөнхийлөгчийн захиргаа Ерөнхийлөгчтэй харьцсан хэн бүхнийг түргэвчилсэн оношлуураар шалгаж байгаа нь найдвартай арга хэмжээ гэж үзэж байлаа. Гэсэн ч түргэвчилсэн оношлуур төдийлөн найдвартай байж чадахгүйг шинжээчид удаа дараа анхааруулж байв.

 

Залбирал, жагсаал 

Дональд Трампыг дэмжигчид бямба гаригийн орой Трамп хэвтэн эмчлүүлж буй Уолтер Ридийн Үндэсний цэргийн эмнэлгийн төвийн гадна зурагт хуудас, цэцэг барин цуглажээ. Трампад эрүүл энхийг хүссэн энэ төрлийн арга хэмжээ АНУ даяар болж өнгөрсөн байна.

 

Трампыг дэмжигчид "COVID, чи халагдлаа", "Трамп-2020. Америкийг агуу хэвээр нь үлдээе" зэрэг бичиг бүхий хуудас барин зогсоцгоон, Ерөнхийлөгч Трампын эрүүл мэндийн төлөө залбирцгаажээ.

 

Мөн "Трампын төлөө" машины цуваа Калифорнид болсон байна. Флорида мужид завь, далбаат завь эзэмшигчид Ерөнхийлөгчөө дэмжин далайн усанд жагсаал хийсэн бол усан онгоц эзэмшигч нэгэн эр Дональд Трампыг дэмжин, түүний Ерөнхийлөгчийн кампанит ажлын билэгдлээр онгоцоо чимсэн бөгөөд үүний тулд багагүй мөнгө зарцуулсан байна. 

 

Трамп халдвар авсан мэдээ газрын тосны үнэд нөлөөлөв

Г.Бямбасүрэн


Санал болгох

Сэтгэгдэл

top