|

Дональд Трамп твиттерээс гарах бодолгүй гэдгээ зарлажээ

saikhnaa 2017/08/02 535 0

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийг нь шүүмжлэгчдэд хариу өгсөн мэдэгдэл гаргажээ.

Түүнийг твиттер сүлжээнд хэт донтож, түүгээр ажлаа явуулдагт нь зарим хүмүүс шүүмжлэлтэй ханддаг юм. Энэ нь Америкийн өмнөх ерөнхийлөгч нарын уламжлалыг эвдсэн хэрэг байв.

Трамп энэ тухай "Зөвхөн хуурамч мэдээллийг түгээгч хэвлэлүүд болон Трампын дайснууд л намайг сошиал сүлжээ ашиглахыг болиулах гэж оролдож байгаа. Үнэнийг хүргэх цорын ганц арга зам минь энэ болоод байна” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Цагаан ордны дотоод хямрал, хүн хүчний тогтворгүй байдлыг цэгцлүүлэхээр чөлөөндөө гарсан генерал Жон Кэллиг Трамп тамгын газрын даргаар энэ долоо хоногоос ажиллуулж эхэлсэн юм.

Кэлли Даваа гарагт ажилдаа оронгуутаа Цагаан ордны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны захирал Антони Скарамуччиг ажлаас нь халсан. Скарамуччи албан тушаалд томилогдоод дөнгөж 11 хонож байсан ч хэд хэдэн задгай үгтэй, дуулиантай мэдэгдэл хийж нийгмийг цочроогоод байв.

Энэ нь Цагаан ордны олон нийттэй харилцах ажил хэр их асуудалтай байгааг харуулж байна. Гэвч Трамп өөрийнхөө олон нийттэй шууд харилцдаг суваг болох твиттер сүлжээнээсээ холдох бодолгүй хэвээр байгаагаа ийнхүү илэрхийлжээ.

Эх сурвалж: Associated Press

Р.ТӨМӨР, IKON.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top