Дэлхийн банкнаас гаргасан урьдчилсан судалгаагаар энэ онд таваарын болон металлын ханш сайнгүй байх төлөвтэй байна. Тэдний таамаглаж байгаагаар газрын тосны ханш ч тааруухан байх нь. Тодруулбал, газрын тос, нүүрсний ханш өмнөх онтой харьцуулахад 39 хувиар унах төлөвтэй байгаа бол металлын тухайд 10-12 хувиас багагүй хэмжээгээр үнэ ханш нь буурна гэж Дэлхийн банк тооцоолж байгаа юм.
Эдгээрт нийлүүлэлт голлох шалтгаан болж байна. Харин аж үйлдвэрийн
таваарын ханшид эрэлт багасч байгаа нь нөлөөлнө гэж үзсэн. Хятад,
Энэтхэг зэрэг дэлхийн том зах зээлтэй хөгжиж байгаа орнуудын эдийн
засгийн өсөлт буурснаар таваарын арилжаа сүүлийн 10-аад жилийн доод
цэгтээ хүрчээ.
Үүнээс гадна Хятад улс үйлчилгээ голлосон эдийн засагт шилжсэнээс нүүрс
болон металын хэрэгцээ багасч байгаа нь ийнхүү таваарын ханшид сөргөөр
нөлөөллөө гэж Дэлхийн банк үзжээ. Гэвч металл дотроос Хятадын зэсийн
хэрэглээ нэг хувиар өсөх магадлалтай юм байна.
"Голдман сакс”-ын урьдчилан тооцож бай- гаагаар сүүлийн зургаан жилийн
үзүүлэлтээр хамгийн доод цэгтээ хүрээд буй зэсийн ханш ирэх оны эхээр
дахин 16 хувиар унаж, 4500 ам.долларт хүрч болзошгүй гэнэ.
Харин Блүүмбергийн судал- гаанд оролцсон шинжээчид 6600 ам.доллар болно
гэж тооцож байгаатай харьцуулбал энэ нь маш зөрүүтэй таамаглал юм.
Хятадын эдийн засаг саарч байгаа нь үнэн боловч нөгөө талаар нийлүүлэлт
огцом өсч, ханшид сөргөөр нөлөөлж байгаа тал бий.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Лондоны металлын биржийн хянадаг
агуулахуудын нөөц хоёр дахин өссөнөөс гадна ам.долларын ханш чангарч
байгаа нь олборлодог үйлдвэрлэлийн зардлаа багасгаж, үнийг нам дор барих
таатай нөхцөлийг бүрдүүлж байна гэж "Голдман сакс” банкны зүгээс
мэдэгдэж байгаа юм.
Манай орны хувьд зэсийн ханш сүүлийн зургаан жилийн доод төвшнөөс
үргэлжлэн унасаар байна. Хятад болон хөгжиж буй улс орнуудад эрэлт
нэмэгдэх хүртэл иймэрхүү байдалтай байж магадгүй гэж шинжээчид таамаглаж
байгаа юм. Зэсийн ханш нь дэлхийн эдийн засгийн тэлэлт, хөгжлийн нөхцөл
байдлыг харуулдаг нэг гол үзүүлэлт гэж үздэг.
Нэг талаас эрэлт бага байгаа ч нөгөөтэйгүүр "Оюутолгой” зэрэг компанийн
олборлолт жигдэрч нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь ханшид нөлөөлж байна.
Энэ сарын 25-ны байдлаар зэсийн ханш 5280 төгрөг байгаа ч сарын дунд
үеэс хойш уналттай байна. Ойрын хугацаанд Хятадын үйлдвэрлэл ихэвчлэн
буурсан үзүүлэлттэй гарч байгаа нь цаашдаа зэсийн үнэ ханш унах
магадлалтайг баталж байгаа юм.
Гэвч "Голдман сакс” банкны таамагласан хэмжээнд хүрэхгүй байх гэж
найдах л үлдэж байна. Учир нь энэ оны улсын төсөвт зэсийн нэрлэсэн
ханшийг маш өндрөөр төлөвлөж, өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн
бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй болоод байна. Ингээд уул уурхайтай
холбоотой зарим нэгэн мэдээллийг хүргэж байна.
АЛТНЫ ХАНШ УНАЛТТАЙ БАЙНА
Дэлхийн зах зээлд алтны ханш сүүлийн хоёр долоо хоногийн турш уналттай
байлаа. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хамгийн доод цэгтээ хүрч
1052 ам.доллар болсон бол үүнтэй зэрэгцээд "Голдман сакс” банк цаашдаа
1000 ам.доллараас ч бууна гэж таамагласан нь ханшид сөргөөр нөлөөлж
эхэлжээ. Одоогийн байдлаар унц алт 1097 ам.доллар болоод байна.
КОКСЖИХ НҮҮРСНИЙ ШИНЭ БИЧИЛ УУРХАЙ ИЛРҮҮЛЖЭЭ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Guldford coal” компани нүүрсний
бичил уурхай олж илрүүлснээ мэдэгдлээ. Тус компани хайгуулын явцад 90
гаруй цэгт өрөмдлөг хийсэн бөгөөд цаашид ч ашиглалтын талбайг
нэмэгдүүлэхийн тулд өрөмдлөг хийх гэнэ. Түүнчлэн тус ордын ойролцоо 15
сая тонн нүүрсний таамаг нөөц бүхий ордын олборлолт ашиглалтын лиценз
эзэмшдэг "Энх тунх- Орчлон” компанийн тусгай зөвшөөрлийг 65 сая
ам.доллараар худалдаж авсан байна.
NSI ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦААГАА ХУДАЛДЛАА
Хонконгийн биржид бүртгэлтэй "Саусгоби ресурс” компанийн дийлэнх
хувьцааг эзэмшдэг Nawal Sunrise investment-ийн хувьцааг Хятадын компани
бүхэлд нь худалдаж авчээ. Худалдаж авах хөрөнгөө энэ оны дөрөвдүгээр
сард санхүүжилт хэлбэрээр олгосон байна. NSI нь "Саус гоби ресурс”-ийн
29 хувийг эзэмшиж байсан бөгөөд Хятадын зах зээл дэх борлуулалт буурсан,
зардал хэтэрсэн зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас ийнхүү хувьцаагаа
заржээ.
"ШАРЫН ГОЛ”-ЫН АЛДАГДАЛ ОГЦОМ БУУРЧ ЭХЭЛЛЭЭ
Нүүрсний олборлолт хийхийн зэрэгцээ баяжуулах үйлдвэрлэл явуулж эхэлсэн
"Шарын гол” компани 4.7 тэрбум төгрөгийн алдагдлаа огцом бууруулж, энэ
оны эхний хагаст 12.6 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Өнгөрсөн
зургадугаар сард тус компани жилд 600 мянган тонн нүүрс угаах хүчин
чадалтай баяжуулах үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулсан нь ийм үр дүнд
хүргэсэн байна.
Мөн эхний хагас жилд 12.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн төдийгүй
өмнөд Солонгост баяжуулсан нүүрс экспортлохоор яриа хэлэлцээ хийж,
туршилтын 25 мянган тонн нүүрсийг ачуулжээ. Шарын голын уурхайн
баяжуулах үйлдвэр ашиглалтад орсонтой зэрэгцэн Хөрөнгийн бирж дээрх
хувьцааны ханш эрс чангарч, 6300 төгрөгт хүрсэн байна. Дөрөвдүгээр сарын
сүүлчээр тэдний хувьцааны ханш ердөө 4300 төгрөг болж байлаа. Шарын
голын орд нийтдээ 473 сая тонн нүүрсний нөөцтэй юм.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин