|

“Солиорол” хэвийн болох нь

namuunaa 2015/03/23 1494 105
 
оржид 100 төгрөг зээлчихээд, буцаагаад 90 төгрөг авахыг монголчилбол юу гэх вэ? Хулгайч, дээрэмчин, тонуулчин, луйварчин. Ер нь л эвтэйхэн үгээр бид нэрлэж чадахгүй. Хүү төлдөггүй юм гэхэд үндсэн мөнгөө өгдөггүй увайгүй амьтан гэж цоллоно. Ямартай ч сайн зүйл сонсохгүй. Гэтэл, Швейцарьт энэхүү үзэгдлийг луйврын тоонд оруулахгүй байна.
Тус улсын Засгийн газрын арван жилийн хугацаатай бондын өгөөж өнөөдрийн байдлаар хасах 0.17 хувьтай тэнцжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү бондыг эзэмшигч хүүгийн төлбөр авахгүй нь. Ер нь мөнгө нь хахаж цацсан нөхөр л энэхүү бондыг худалдаж авсан юмдаг уу.
 Нэлээд урт хугацаанд мөнгө зээлчихээд, эргүүлээд хүү ч авахгүй гэхээр инээдтэй. Юу ч гэмээр юм, "солиорол” гэж л нэрлэе. Тэгвэл энэхүү "солиорлын” талаар учир мэдэх эдийн засагчид юу гэж тайлбарласныг сонирхъё.

 

ГАЗРЫН ТОСНЫ ДАЙН ШВЕЙЦАРЬТ "ХЭТ АШИГТАЙГААР” НӨЛӨӨЛӨВ

 

"Солиорлын” үндсэн шалтгаан нь нефть юм. Өнгөрсөн оноос хойш дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 50 гаруй хувиар уналаа. Америкийн занарын хувьсгалын эсрэг ОПЕК-ийн орнууд нэгдэн тэмцэж, нийлүүлэлтээ бууруулаагүйн улмаас үнэ огцом унаж байгаа. Зах зээлийн зарчим ёсоор нийлүүлэлт өсөхөд хэрэглэгчид хожиж, нийлүүлэгчид сөхөрч байна. Сөхөрсөн орны нэг нь Венесуэл. Тэд ОПЕК-ийн хөлд чирэгдэж явна. Өнөөдрийн байдлаар тус улсын инфляцын төвшин 70 хувьд хүрээд байна. Сарынх гэдгийг онцолъё. Энэ нь эдийн засагчдын нэрлэдгээр "гипер” инфляцын төвшин билээ.

Тэгвэл, хожиж буй орнуудын жагсаалтыг гаргахад түвэггүй. Бид ч тэдний нэг. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ өсөхөд, маргааш нь манай талх, махны үнэ өсдөг байсан өдрүүд саяхан. Тэгэхээр бидэнд ашигтай л тусч байна. Харин Швейцарь мэтийн орнуудад "хэт ашигтай”-гаар нөлөөлсний үр дүнд дээрх "солиорол” бий болжээ.

Учир нь Швейцарь, Япон зэрэг орон дефляцитай тулалдаад завгүй байхад нэрмээс болоод газрын тосны үнэ буурчихав. Нефтийн үнэ дэлхийн ямар ч орны инфляцад нөлөөлдөг зарчим ёсоор тэдний өргөн хэрэглээний үнийн өсөлтийн хэмжээ хасах тоотой дүйдэг боллоо. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Швейцарийн инфляц хасах 0.8 хувьтай тэнцэж байгаа юм. Үүнээс үүдэн, Швейцарийн Засгийн газрын бондын хүү хоёр дахь зах зээл дээр хасах хувьтай арилжаалагдаж байна. Гэхдээ богино хугацаанд "солиорно” гэдгийг эдийн засагчид онцолсон. Учир нь нефтийн зах зээлийн дайн урт хугацаанд үргэлжлэх боломжгүй билээ.

 

ЕВРОПЫН ТӨВ БАНКНЫ БОДЛОГО ХААШАА ЧИГЛЭНЭ ВЭ?

 

Ирэх жилийн есдүгээр сар хүртэл Европын Төв банк сар бүр 60 тэрбум еврогоор бонд худалдан авахаар болсон. Тэд еврог талх шиг үйлдвэрлэж, инфляцаа хоёр хувьд барих зорилго өвөртөлж яваа. Тиймээс ч мөнгөний зөөлөн бодлогыг ийн явуулж эхэлсэн юм. Тэдний үйлдвэрлэсэн мөнгө Швейцарийн эдийн засаг руу цутган орж ирж байна. Үр ашиггүй байхад бонд худалдаж аваад байгаа "тэнэг” нөхрийн сонгомол жишээ нь Европын Төв банк. Тэднээс болж Германы бондын хүү тэг рүү тэмүүлсээр байна. Бусад Европын орнуудын Засгийн газрын үнэт цаасны хүү ч адил. Данийн Засгийн газрын үнэт цаасны хүү 0.35 хувьтай тэнцэж байгаа бол Германых 0.28 хувь болжээ.

 

"СОЛИОРОЛ” ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ?

 

Үргэлжлэх төлөв ажиглагдаж байгааг Австралийн Төв банкны ерөнхийлөгчийн зөвлөх Гай Деббеле (Guy Debelle) онцолсон. Швейцариас гадна Японы Засгийн газрын үнэт цаасны хүү хасах хувьтай тэнцэх болжээ. Бараг "хэвийн” үзэгдэл болж байгааг харуулж байна.

"Хэвийн” гэх үг үнэхээр "моодонд” оржээ. Хятадын эдийн засаг саарч, өсөлт нь сүүлийн 25 жилийн доод төвшиндээ тулсан. Энэ бас л "хэвийн” юм гэнэ билээ. Тэдний эдийн засаг энэ онд долоон хувиар өсөх төлөвтэй. Гэхдээ саад их байна гэж тус улсын Ерөнхий сайд Ли Көцян өнгөрсөн долоо хоногт онцолсон. Түүнчлэн, дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ 50 хувиар унах нь ч "хэвийн” сонсогддог боллоо. Төмрийн хүдэр, нүүрс, нефть гээд л явж өгнө. Санхүүгийн зах зээлд ч ялгаагүй. Ам.долларын ханш чангарч, үүний эсрэг валютуудын ханш сулрах нь "хэвийн” болж ирэв. Рубль, төгрөг, иен гэх мэтээр хэвийн, "солиотой” үзэгдлүүд үргэлжилсээр л байна.

 

Э.Хулан

 

Санал болгох

Сэтгэгдэл

top