|

ГУУРСТ ХҮЛГИЙН ДУУЛЬ

tonshuul 2015/07/28 2325 229

ГУУРСТ ХҮЛГИЙН ДУУЛЬ

 



(Дорноговь аймгийн Их Хэт сумын адуучин Гэлэггунгаагийн нэгдэлд өгсөн хоёр сугандаа гуурстай хул хонгор соёолонд зориулав)

Жараад оны төгсгөл үед
Жаргалтайн дэлгэр Дорнын говьд
Жавартай, салхитай аль ч улиралд
Жавхлантай нь аргагүй дүүхэлздэг

Онгон зэрлэг авираараа
Омголон эрсийг огшоодог
Олуулаа сэлгэж хөөсөн ч
Ороолж зугтаад залхаадаг

Барьж, сургах гэсэн хэнбугайд ч
Байдгаараа догширч цанхаалдаг
Баргийн өндөр хашаан дээгүүр
Барс шиг дүүлээд нисчихдэг

Дэл, сүүлээ намируулаад
Дэгтэрсэн шуурга шиг хийсчихдэг
Дэндүү хурд, хүчтэй
Дийлдэшгүй хүлэг мэндэлжээ

Ясархаг том толгойтой, ярдаг хул соёолон
Янгууч улсыг ингэж л, яая даа гэтэл залхааснаар
Ялтаны хүнсэнд заяагдсан
Ялгааны хэдэн адуутай цуг
Хажуу-Улааны бой руу "шидэгдсэн” юм гэнэ лээ
Хайран сайхан амьтан "шийтгүүлсэн” юм гэнэ лээ

Таанын үнэрээс холдоод бойны үнэрт эвгүйцсэн
Тарган цатгалан агт талаар нэг бутрахуй...
Тас няс хийсэн ташуур бугуйлын исэгрээнд
Танхай харгалзагчийн цөс нь хөөрч оволзоод
"Гэгэлзэж цойлоод байгаа тэр хул үрээ
Гэгээ тасрмагц нутаг дамнан гүйнэ
Яршиг төвөг цаашаа
Яг одоо нугасла!” гэж тушаахуй

Бойны ялтанууд тал талаас нь бугуйлдаж
Бохироож унагаад дөрвөн хөлийг нь тэлүүрдэж
Хонзонтой юм шиг ар шил рүү нь нугаслаад
Хорлонтой нь аргагүй аюулхай цээжийг нь ярхуйяа…

Амьсгал тасраад удаагүй агшсан зүрхний нь хажууханд
Атгасан гарын дайтай үнхэлцгэн загалмай ургасан байв
Үнхэлцгэн тэр загалмайнаас өргөн суга руу нь салаалсан
Өнчирсөн хоёр гуурс үгссэн юм шиг лугшин байв

"Ээ, бүү үзэгд. Гуурст хүлэг алчихлаа
Эз нь хатгасан нүгэлт биднийг тэнгэр ниргэг” хэмээн
Яахаас ч буцахгүй ялтан ч гэлээ тэд халаглажээ
Янзын жигтэй юм үзсэн болохоор тэд хашгирчээ
Гуринхатсан чоно шиг өлсгөлөн ялтанууд ингэж л
Гурван зуун жилд ганц удаа төрдөг
Гуурст хүлгийн маань гүрээг тасалж орхижээ

Унах хүн нь төрөөгүй байхад
Унуулах хүлэг нь төрчихдөг
Эмээллэх эзэн нь төрчихөөд байхад
Эмнэг хангал нь төрдөггүй
Ийм гачлан байдаг юм гэнэ лээ

Их түүхийн нугачаанд харин
Эзэн Чингисийг хаан болоход
Эр хоёр загал нь төрсөн юм гэнэ лээ
Их Монгол улс бадарсан юм гэнэ лээ

Энэ цагаас хойш живаад ганц тохиох
Эрэмгий баатар, шандаст хүлэг хоёр
Ихэр заяанд төрөлгүй өмнө хойноо зөрөлдсөөр
Эзэнт улс маань алгуур задран бутарсаар
Эзэрхэг Манжийн гарт эзлэгдсэн юм гэнэ лээ

Удаж удаж тэгээд хоёр зуун жил тарчлаад
Удамт хүний үр, сүүт гүүний унага
Угшил юу нь таарахгүй, учрах тавилангүй дуншсаар
Ухаант жанжин Сүхийг хувьсгал хийх үед
Ухаа хонгор морь нь төрсөн юм гэнэ лээ
Улс Монгол хэсэгхээн зуур сэргэсэн юм гэнэ лээ

Унах хүн нь төрөөгүй байхад
Унуулах хүлэг нь төрчихдөг
Эмээллэх эзэн нь төрчихөөд байхад
Эмнэг хангал нь төрдөггүй
Ийм гачлан байдаг юм гэнэ лээ!

Б.ОЙДОВ

Санал болгох

Сэтгэгдэл

top