Иерусалим, Иордан голын Баруун эрэг болон Газын зурваст Израилын цагдаа нартай мөргөлдөх үеэр Палестины дор хаяж 87 иргэн бэртсэн гэж Палестины Улаан хавирган сар нийгэмлэг мягмар гаргийн орой мэдээлжээ. "Манай бригадууд Палестины эзлэгдсэн газар нутагт гэмтэж бэртсэн 87 хүнийг хүлээж авсан" гэж тус байгууллагын фэйсбүүк хуудсанд нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна.Иерусалимд болсон мөргөлдөөний үеэр 50 хүн, Баруун эргийн Рамалла, Наблус сууринд 33 хүн, Газын зурвасын өмнөд хэсэгт орших Хан-Юнис хотод дөрвөн хүн бэртэж гэмтсэн байна. Палестины Улаан хавирган сар нийгэмлэгийнхэн мөн Израилын хүчнийхэн ажилд нь саад учруулсан талаар мэдээлэлдээ дурджээ.
Мягмар гарагт Иерусалимын Хуучин хотод Израилын туг далбааг барьсан барууны үзэлт еврей идэвхтнүүдийн жагсаал болжээ. Үүнтэй холбоотойгоор Израилын Батлан хамгаалах арми пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "Төмөр дээвэр” системийн батерейг орон даяар байрлуулж, Баруун эрэгт дэг журам сахиулахаар нэмж цэрэг илгээлээ гэж "The Times of Israel" сонин мэдээлсэн байна.
Газын зурвасыг хянадаг ХАМАС хөдөлгөөн өмнө нь Иерусалим дахь еврей идэвхтнүүдийн зургаадугаар сарын 15-нд төлөвлөсөн жагсаалыг эсэргүүцэх "бүх нийтийн дайчилгаа" явуулахыг палестинчуудад уриалсан бол Палестины эсэргүүцлийн бүлэглэлүүд 1948 оны дайнаас өмнөх хилийн доторх нутаг дэвсгэрт "Израилын түрэмгийллийг эсрэг” жагсаал цуглаанд арабуудыг турхиржээ.
Египет улсын зуучлалаар Израил, Палестины хооронд хүрсэн гал зогсоох тохиролцоо Газын зурваст тавдугаар сарын 21-нээс хойш хэрэгжиж байгаа юм. Үүнээс өмнө талууд 11 өдрийн турш харилцан пуужингийн цохилт өгсөн бөгөөд Газын зурваст 256 хүн амиа алдаж, 2000 орчим хүн шархаджээ. Израилын талаас 13 хүн амиа алдсан байна.