|

Б.Баяржаргал: Багш бүр дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй байгаасай гэж хүсдэг

nomun 2021/06/30 400 0

 

Б.Баяржаргал: Багш бүр дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй байгаасай гэж хүсдэг

 

Орхон аймгийн 7 дугаар сургуулийн дохионы хэлний багш Б.Баяржаргалтай ярилцлаа. Тэрээр аймгийн Онцгой комисст мөн дохионы хэлний хэлмэрчээр ажиллаж байгаа юм.


- Аймгийн Онцгой комиссын цаг үеийн мэдээллийг та дохионы хэлээр хэлмэрчлээд бараг гурван сар болж байна. Хэл, сонсголын бэрхшээлтэй олон хүн мэдээлэл авч чадаж байгаа байх.

-Би өнгөрсөн оны 11 дүгээр сард Эрдэнэт хотод ирээд 7 дугаар сургуульд багшилж эхэлсэн. Ковидоос болж танилцах гэж байсан сурагчидтайгаа цахимаар хичээлээ орох болсон. Ингээд удалгүй аймгийн Онцгой комисст дохионы хэлний хэлмэрчээр давхар ажиллаж байна.

-Манай аймагт дохионы хэлний хэлмэрч дутагдалтай байдаг. Харин та залуу хүн байна. Эрдэнэтийг зорих болсон шалтгаан?

-Би өмнө нь Улаанбаатар хотод 29 дүгээр тусгай дунд сургуульд багшилж байсан. Дохионы хэлийг бие дааж сурсан. Одоо ч суралцсаар л байна. Монгол хэлээ сайн сураад дохионы хэлийг сурах ёстой гэж боддог. Тиймээс чармайж л байна. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд гадаад хэл дээрх дохионы хэлний орчуулагчаар ажиллах юмсан гэж мөрөөддөг. Харин Эрдэнэтэд ирэх болсон гол шалтгаан гэвэл, амьдралдаа нэгэн шинэчлэлт хийе гэж бодоод ирсэн. Эрдэнэт бол ажиллаж, амьдрахад маш сайхан хот. Ирээд л ажилд орсон. Одоо хэл, сонсголын бэрхшээлтэй 7-16 насны 10 хүүхдэд хичээл заадаг.

-Сургалтын үйл ажиллагаа танхимаас цахимд шилжихэд танд болон хүүхдүүдэд хүндрэлтэй байсан уу?

- Видео дуудлага хийгээд хүүхдүүдтэйгээ хичээлийнх нь талаар ярилцдаг байсан. Бас гэртээ хичээлээ хийх боломж нь хэр байна гэж гэрээр нь орж аав, ээжтэй нь танилцсан. Хүүхдүүд эцэг, эхтэйгээ ойлголцохын тулд яаж харилцаж байгааг ойлгож мэдрэх нь их чухал байлаа. Тэгээд ээж, аав нарт нь бас дохионы хэл давхар заахгүй бол хүүхдүүд өөрсдийгөө бүрэн ойлгуулж чадахгүй байгаа нь анзаарагдсан. Ингээд ойр зуурын дохионы хэл бас зааж өгсөн. Цахимаар хичээл орох үед хүүхдүүдийн зарим нь нэрээ бичиж, өөрийгөө танилцуулж сурсан. Бас ертөнцийн гурвыг хүртэл дохионы хэлээр ярьж сурсныг хараад маш их бахархсан. Өөртөө ч урам авсан.

Ер нь 7-16 насны 10 өөр насны хүүхдэд нэгдсэн хөтөлбөрөөр хичээл заах боломжгүй тул ганцаарчилсан хөтөлбөр болон түүнийг нь илэрхийлсэн видео хичээл давхар бэлдэж байсан. Зарим үед нэг цагт дөрвөн өөр хүүхдэд дөрвөн өөр хөтөлбөрөөр монгол хэлний хичээлийг заах жишээтэй. Манай ангид сонсголын бэрхшээлтэйгээс гадна оюуны бэрхшээлтэй, дауны синдромтой хүүхдүүд бас сурдаг. Тиймээс хүүхэд бүрийн боловсролын түвшинд нь тааруулж хичээлийг нь заана гэсэн үг.

-Хэл, сонсголын бэрхшээлтэй хүүхдэд заах хичээлийн хөтөлбөр, арга зүй нь мэдээж өөр байх.

-Тэгэлгүй яахав. Гэхдээ багш бүр дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй байгаасай гэж би хүсдэг. Ангид нь ийм хүүхэд ирэхэд ядаж ойлголцчихдог байвал зүгээр. Тэгж байж бид тэгш, хүртээмжтэй боловсролыг олгож чадна. Ер нь дохионы хэл, бичгийн хэл хоёр хоорондоо их ялгаатай. Бичгийн хэлэнд хөдөө явсан, явлаа, явчихлаа гээд найман тийн ялгалаар бичигддэг бол дохионы хэлэнд хөдөө яв гэсэн ганцхан янзаар л хэлэгддэг. Тиймээс сонсголын бэрхшээлтэй хүний бичгийн хэл нь өөр байдгийг зарим хүн мэддэггүй.

Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зургаар ихэвчлэн тайлбарладаг. Зургийг харж байж харааны чадвараа ашиглаж байж илүү сайн ойлгодог гэсэн үг. Тэдний харааны чадвар энгийн хүнийхээс гурав дахин илүү хөгжсөн байдаг. Иймд зургийг маш их ашигладаг. Жишээ нь гутал гэдэг үгийг 40 минут тайлбарлана. Гутал гэдэгт пүүз, сандал, углааш гээд өөр, өөр төрөлтэй байдаг гэж хэлж ойлгуулах гэж их л юм болно.

-Манай Эрдэнэтийн 7 дугаар сургууль хэл, сонсголын бэрхшээлтэй хүүхдийг 9 дүгээр анги л төгсгөдөг. 29 дүгээр сургуульд үргэжлүүлэн сурч чаддаг болов уу ?

- Энэ харин маш хүнд асуудал байдаг юм билээ. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ 11 дүгээр анги төгсгөхийн тулд заавал Улаанбаатар хотод 29 дүгээр сургуульд сургах ёстой. Монголд өөр ийм сургууль байхгүй. Гэхдээ Эрдэнэтэд хэл, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог сургууль, анги, багш байна гэдэг маш том давуу тал. Хүүхдүүд ямар ч гэсэн боловсрол эзэмшээд байх боломжтой.

Ер нь Монголд тусгай хэрэгцээт боловсролын багшийг 2016 оноос МУБИС бэлтгэдэг болсон. Гэхдээ яг дохионы хэлний хэлмэрч бэлтгэдэг албан ёсны сургууль байхгүй. Тэгэхээр энд сурч байгаа хүүхдүүд 11 дүгээр ангиа 29 дүгээр сургуульд сурч төгсөөд ЭЕШ өгч их, дээд сургуульд сурах бүрэн боломжтой.

-Эрдэнэтэд хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй хүн бий. Үүний 300 гаруй нь хэл, сонсголын бэрхшээлтэй. Та энэ олон хүнд хэлмэрч нь болж байна. Тэднийг нийгмийн харилцаанд ороход нь тулгамддаг гол асуудал нь юу байдаг вэ?

- Хамгийн чухал нь хэл, сонсголын бэрхшээлтэй хүнийг ойлгодог нь маш цөөн. Нэгдүгээрт тэд нийгмийн харилцаанд ороход банк, томоохон дэлгүүр, төрийн байгууллагын ажилтнууд харилцаж чаддаггүй учраас үйлчилгээ авч чаддаггүй. Заавал хэн нэгэн дагаж явах шаардлага гардаг. Бие даах боломжгүй болчихдог. Тиймээс томоохон үйлчилгээний байгууллагууд дохионы хэлний хэлмэрч ажиллуулаасай гэж хүсдэг. Заримдаа хүүхдүүд дэггүйтэж байгаад цагдаад баригдчихна. Хэлмэрч байхгүй. Би дуудагдана. Гэх мэтчилэн ядаж төрийн байгууллагууд дохионы хэлний хэлмэрч бэлдээсэй гэж боддог. Энэ л тэндний өмнө тулгамдаж байгаа гол бэрхшээлийнх нь нэг байдаг.


Санал болгох

Сэтгэгдэл

top