|

Энхийг сахиулагчид эх орноосоо мордох гэж байна

namuunaa 2015/07/29 1003 0

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн эх орноосоо мордоход бэлэн болжээ.

Цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага,  Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ ,ТЕГ, ШШГЕГ-ын нийт 850 орчим цэргийн алба хаагч Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулиа бүрэн хангаад байгаа юм.

Тус ажиллагаанд оролцож буй онцгой байдлын ерөнхий газрын  25 албан хаагчийг  өнөөдөр  Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзаж, даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх, ариун их үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцож буй залуустаа онцгой байдлын ерөнхий газрын тугийг  хүлээлгэн өгч, үүрэгт ажилд нь амжилт хүслээ.

9X1A94421 9X1A9473 9X1A9481

 

 

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа аврах тусгай ангийн эрэн хайх, аврах салбарын аврагч,  дэд ахлагч С.Эрдэнэбилэг

Эх орноо төлөөлж энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоно гэдэг бол нэр төрийн хэрэг юм.

Бид өнөөдөр дарга нартайгаа уулзаж, төрийнхөө болон онцгой байдлынхаа тугийг хүлээн авч, албаа сайн хааж, Монголын зэвсэгт хүчин болоод Онцгой байдлынхаа нэр хүндийг өндөрт өргөж явна гэдгээ уламжилж, дарга нараасаа үнэ цэнэтэй зөвлөгөө, захиасыг нь сонслоо. Сэтгэл их өндөр байна.

 

Сонгинохайрхан дүүргийн аврах гал унтраах 29-р ангийн салааны захирагч, Онцгой байдлын  ахмад Ц.Оюундэлгэрэх  

Энхийг сахиулах үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газраас хоёрдугаар ээлж явахад бэлэн боллоо.  25 албан хаагч шат дараалсан олон шалгуурыг  давж бүгд тэнцсэн. Энэ бол Онцгой байдлын бие бүрэлдэхүүн ямар хэмжээнд бэлтгэгдэж, бэлэн байдлыг  хэрхэн хангаж ажиллаж байгаагийн илрэл гэж бодож байна. Бид олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд аврах, эрэн хайх, нүүлгэн шилжүүлэх, татан гаргах үүрэг чиглэлийн дагуу өөрсдийнхөө мэддэг чаддаг бүх зүйлээ дайчилж ажиллах болно. Ер нь манай бүрэлдэхүүний бие болоод сэтгэлзүйн бэлтгэл сайтар хангагдсан гэж  үзэж байгаа. Бид нэгэн зорилго дор нэгэн сэтгэлээр үүргээ амжилттай биелүүлээд ирэх болноо гэж хэлмээр байна.

9X1A9465

Санал болгох

Сэтгэгдэл

top