|

УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа

namuunaa 2015/07/31 1119 0
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.07.30/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны гишүүн, Хөдөө, аж ахуй, орон нутгийн хорооны дарга Чэнь Зеньгуо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Хөдөө, аж ахуй, орон нутгийн хорооны дарга ноён Чэнь Зеньгуо тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ.



БХАТИХ-ын Хөдөө, аж ахуй, орон нутгийн хорооны дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Чэнь Зеньгуо УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд, хоёр улсын харилцааны хүрсэн өнөөдрийн түвшинг бид өндрөөр үнэлдэг бөгөөд үүнд иргэд хоорондын харилцаа чухал болохыг онцлов. 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн манай хоёр орны харилцааны түвшинг улам бататгаж өгсөн билээ. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой нягт хамтран ажилладаг. 1.3 тэрбум хүн амтай БНХАУ-ын хувьд  хүнсний асуудал тулгамдсан асуудлын нэг байсаар ирсэн. БНХАУ-ын Коммунист намын зүгээс эдийн засгийн үндэс суурь нь хөдөө аж ахуйн салбар мөн гэж тодорхойлсон. Иймээс БНХАУ болон Монгол Улсын харилцааг хөдөө аж ахуй болон мал аж ахуйн салбарт эрчимжүүлэх сонирхол байна. БНХАУ-ын Засгийн газрын зүгээс хөрш орнуудтай харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгсөөр ирснийг онцлох тэмдэглэх хэрэгтэй хэмээн БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын Хөдөө, аж ахуй, орон нутгийн хорооны дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Чэнь Зеньгуо уулзалтын үеэр хэллээ.



Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улс хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаандаа онцгой ач холбогдол өгдөг. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг бүхий л салбарт эрх тэгш, тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Хоёр улсын хооронд өндөр дээд түвшний харилцан айлчлал, уулзалт яриа тогтмолжиж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч, ард иргэдийн харилцан ойлголцол улам бэхжиж, хоёр орны харилцаа шинэ утга агуулгаар баяжиж байгаад баяртай байна. БНХАУ хөрш орнуудтайгаа хамтран хөгжих, хөгжлийнхөө үр шимийг хуваалцах бодлогыг баримталж, хөрш орнууддаа илүү дотно, нээлттэй, хүртээлтэйгээр хандах шинэ үзэл санаагаар хандаж буй нь Монгол Улс зэрэг хөрш зэргэлдээ орнуудын хөгжилд таатай орчин бүрдүүлж, хоёр талын харилцаа болон бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү их боломж, нөхцөлийг олгож байна гэлээ.

Мөн тэрээр, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын харилцаанд хамтын ажиллагааны гурван талт механизм бий болж, үйл ажиллагаа нь тогтмолжиж байгаа нь гурван улсын харилцааг шинэ агуулгаар баяжуулж байгааг уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга онцолж байлаа.

Түүнчлэн хууль тогтоох байгууллагуудын харилцаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улс ихээхэн ач холбогдол өгч байгаагаа хэлэв.  2014 оны 10 дугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай хэлэлцээ хийж, "Монгол Улсын Их Хурал, БХАТИХ-ын хооронд байнгын уулзалтын механизм байгуулах тухай санамж бичиг"-т гарын үсэг зурсан. Тус санамж бичгийн хүрээнд парламент хоорондын байнгын уулзалтын механизмын анхны уулзалтыг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар зарчмын хувьд тохиролцоод байгаа. Монголын тал энэхүү уулзалтын товыг тохирч хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн.

Уулзалтын үеэр талууд хоёр орны хөдөө аж ахуйн салбар, худалдааны салбарын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

top