|

“Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналын журамд өөрчлөлт оржээ

nomun 2022/03/31 301 0

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шалгаруулах журмыг хэлэлцэж шинэчлэн баталлаа.
“Эрдэнэт хотын хүндэт иргэн”-ээр Орхон аймаг, Эрдэнэт хотын түүхэн хөгжил, бүтээн байгуулалтад онцгой хувь нэмэр оруулж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн болон онцгой гавьяа байгуулсан, нэр хүндтэй, Орхон аймаг, Эрдэнэт хотод 30-аас дээш жил ажиллаж, оршин суугаа иргэнийг шагнажурамшуулахаар шинэчилсэн журамд туссан байна.
Мөн шагналд нэр дэвшигчийн материалыг Баян-Өндөр, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар хүлээн авч, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөл, аймгийн Засаг даргын зөвлөлийн хамтарсан хурлаар нэр дэвшигч бүрийг нэг бүрчлэн хэлэлцэж хуралд оролцсон олонхын саналаар шийдвэрлэж байхаар шинэчиллээ.
Ингэхдээ хамгийн онол санал авсан дарааллын дагуу “Эрдэнэт хотын хүндэт иргэн"-ээр тооцон шагнаж байхаар боллоо.Мөн жилд гурав хүртэлх иргэнд уг шагналыг олгох юм.
Тус шагналыг анх 2006 онд Эрдэнэт хотын 30 жилийн ойгоор анх олгож эхэлсэн. Өдгөө 40 хүнийг шагнасан байна. Ташрамд дурдахад, “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналыг 1 сая төгрөг дагалддаг. Уг шагналаар шагнуулсан иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, эрүүл мэндийн үйлчилгээ авах тохиолдолд дараалал харгалзахгүй үйлчлүүлдэг. Мөн нас барахад түүний ар гэр, үр хүүхдэд нь нэг сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлдэг байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

top