|

Өнгөрсөн онд Орхон аймагт зам тээврийн ослын улмаас 9 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтжээ

nomun 2022/04/20 4284 0


ЦЕГ-аас бага насны хүүхдийг авто зам болон гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх“Зөвийг хэвшүүлье”аяныг хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор  аймгийн ИТХ, ЗДТГ, Цагдаа, Эрүүл мэнд, ОБГ, ГБХЗГ зэрэг байгууллагууд хамтран нэг сарын аяныг эхүүллээ. Аяны хүрээнд“Сурагчийн аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо” арга хэмжээг зохион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд хүүхдүүд байгалийн давагдашгүй хүчин зүйлс болох гал, усны аюулд өртөх, ахуйн осолд орох, өндрөөс унах, тогонд цохиулах, амиа хорлох, зам тээврийн осолд орох зэргээр амиа алдах тохиолдлын тоо нэмэгджээ. Түүнчлэн гэртээ тогонд цохиулах, унаж бэртэх, халуун тогоонд түлэгдэх, тоглоомын талбай дээр тоглож байгаад өндрөөс унах зэргээр хамгийн аюулгүй байх ёстой бүсэд аюулд өртөж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.Мөн хүүхдийн осол гэмтлийн ихэнх хувийг зам тээврийн осол эзэлж байна. 
Тухайлбал, 2021 онд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 51 хүүхэд амиа алдсан бол Орхон аймагт зам тээврийн ослын улмаас 9 хүүхэд хүнд, хөнгөн зэргээр бэртэж, гэмтсэн талаар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Х.Одбаяр мэдээллээ. 

2020 онд 30 хүүхэд усанд осолдож амиа алдсан бол 2021 онд 31 хүүхэд энджээ
Түүнчлэн Монгол Улсад сүүлийн 10 жилд тохиолдсон аюулт үзэгдэл ослын улмаас 494 хүүхэд амиа алдсаны, 49 хувийг усны осол, 40 хувийг объектын гал түймэр эзэлж байна. Тодруулбал, 2020 онд 30 хүүхэд усанд осолдож амиа алдсан бол 2021 онд 31 хүүхэд эндсэн талаарх мэдээллийг Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч н.Болорцэцэг өглөө.
Мөн сүүлийн 14 хоногт хүүхэд өндрөөс унаж гэмтсэн хоёр тохиолдол бүртгэгдсэнийг БОЭТ-ийн орлогч дарга М.Алтанбек онцоллоо. Тэрээр "Ахуйн осол нэмэгдэж гэртээ байх хугацаандаа хүүхэд аюулд өртөх нь их байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэлээ. 
Мөн бага насны хүүхдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж, хамгаалж чадвал дэлхий дахинаа өдөрт 2000 хүүхдийн амийг хамгаалж чадна гэх судалгааг НҮБ-аас гаргажээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top