Хөрөнгө их зарцуулсан гэх шүүмжлэл дагуулсан улсын наадмын үеэр улаан шуурганд тохь алдсан заримынх нь тухтай наадах хүсэл, ирсэн зочдод бүтээгдэхүүнээ борлуулж орлого олох гэсэн үйлдвэрлэгчдийн хүлээлт, түүн дээр түүх соёлоо сурталчилж 2030 он гэхэд таван сая жуулчин татна хэмээн хотын удирдлагууд тоо бодож, ер нь юм юмтай Даншиг наадам боллоо.
Хүй долоон худгийн дэнж энэ өдрүүдэд ногоон зүлгээ дэвсч, монголчууд түүх соёлоороо бахархаж, өөрсдийн төдийгүй зорьж ирсэн жуулчдын нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж наадав.
"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр Монголын урлаг соёл, түүх уламжлалыг нэгэн дээвэр дор дархалж чадлаа хэмээн "Учиртай гурван толгой” дуурь, рок, попын тоглолт зэрэг олон зүйлээс энэ салбарын томчууд дүгнэж байсан. Тэгвэл Даншиг наадам түүний нэгэн давалгаа, бас нэг дархлаа болов. Зохион байгуулалт, найруулга, шашны төлөөлөл, лам хуврагдуудын хэлж буйгаар шүтэн барилдлага, наадамчин олны сэтгэлд хүрсэн байдал, цөөн гэж чамлалтгүй 600 гаруй жуулчныг Улаанбаатар руу чангаасан зэргээрээ яах аргагүй наадам дажгүй боллоо гэсэн дүгнэлтийг олон нийт өгч байна. Нөгөө талаар, 600 гаруй жуулчин ирснээр зардлаа нөхөж чадсан гэсэн үнэлгээг аялал жуулчлалын салбарынхан, эдийн засагчид хэллээ.
Даншиг наадмын эхэнд монголчуудыг даасан сахиус хэмээх Очирваань бурхныг залж мандал өргөв. Энэхүү бурхны сэрэг дүрийг анх Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед бүтээлгэн залжээ.
Үндэсний баяр наадам маань нэг хэсэг нь орон сууцны хороолол дундах зай талбай муутай Цэнгэлдэх хүрээлэнд, нөгөө хэсэг нь Хүй долоон худагт болдог байсан бол энэ Даншгаар эрийн гурван наадмыг урлагийн тоглолт, Монголд үйлдвэрлэгчдийн төрөлжсөн үзэсгэлэн худалдаа, бурхан урлал, түүнчлэн балин хийх, ном хурах, ном хаялцах зэрэг шашны зан заншилтай холбож үзүүлэх харуулах бүхий л зүйлийг нэг дор цогцоор нь зохион байгуулжээ. Бат оршил, бат орших гэдэг үгийнхээ утгаас өгсүүлээд монгол хүний, ард түмнийхээ сайн сайхны төлөө ном хурж мандал өргөсөн, монголчуудыг даасан их сахиус Очирваанийг залсан зэрэг өргөн олныг хамруулж зан заншлаа сэргээн дээдэлснээрээ онцлог болов.
Буддын шашин, түүний олон зан үйлийг шингээсэн даншиг наадам монголчуудыг, монгол туургатныг нэгтгэж, төр улс, ард олноороо бат орших, тусгаар тогтнолоо баталгаажуулахад хувь нэмрээ оруулж ирсэн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн. Тэгвэл өнөө цагт сэргээж, цаашид баяжуулан хөгжүүлснээр дэлхийн хөгжлийн нэгэн гол салбар болсон аялал жуулчлалыг татах, эдийн засгаа өсгөх, монгол туургатан, зүүн Ази, дэлхийн томоохон үйл явдлын нэг болох эхлэл хэмээж буй. Мөн энэ жилийнх зөвхөн эхлэл. Ирэх жилүүд цаашдын өнгийг тодорхойлно гэж хотын удирдлагууд ярьж байгаа. Ямартай ч энэ жилийн даншиг ийнхүү болж өнгөрлөө. Цаашид Монгол Улсад, монголчуудад юу авчирч, түүхэнд хэрхэн тэмдэглэгдэхийг харах л үлдлээ.
З.Санждорж: ТҮҮХ, СОЁЛОО СЭРГЭЭСЭН НЬ ХАМГИЙН ТОМ БАЯР
Даншиг наадамд Зая бандид гэгээн, Говийн ноён хутагт, Номун хан зэрэг хутагт, хувилгаадын хойчийн тодорсон дүрүүд хүндтэй зочид байлаа. Их хүрээ хийдийн тэргүүн, хамба лам, Номун хан З.Санждоржийн наадмын сэтгэгдлийг сонирхлоо.
-Та сайхан наадаж байна уу. Олон жилийн дараа сэргээж байгаа даншиг наадмын ач холбогдлын талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
-Монголчуудын өөрсдийн бүтээсэн түүх соёл бол эрийн гурван наадам. Богд хаандаа хүндэтгэл үзүүлж бат оршил өргөхдөө нарийн зохион байгуулалттай, утга учиртай найр наадам хийж ирсэн нь 380-аад жилийн дараа дахин сэргэж байгаа нь том хувь тавилан, ерөөл буян. Наадмыг сүм хийдүүд, шашныхан санаачилж, хотын удирдлагууд дэмжиж зохион байгууллаа. Ардчилсан нийгэм, нээлттэй цаг үед тухайн үед ямар байсан, түүхэнд хэрхэн тэмдэглэгдэж уламжлагдсан тэр хэвээр сэргээж, цаашид хадгалж баяжуулан хөгжүүлэх нь түүхэн ач холбогдолтой. Даншиг наадмын үеэр хангай дэлхий ч сайхан, нарны илч тогтуун, хүн болгон баяр баясгалантай дэлгэр сайхан наадаж байна. Наадмын өнгөөр шинжвэл монголчууд алзахгүй.
-Даншгийн эхэнд лам хуврагууд олон ном хурлаа. Хурал, номын ач тус, утга учрын талаар тодруулахгүй ву?
-Улс орон, ард түмэн, сүсэгтэн олныхоо сайн сайхны тухайтад олон ном хурлаа. Гэхдээ нэлээд товчилсон. Даншиг наадам бол Богдод бат оршил өргөх гэсэн утгатай. Тиймээс наадмын эхэнд Богдын суудал арслан ширээг залсан. Дараа нь Өндөр гэгээний сэрэг дүрийг заллаа. Өмнө нь бол амьд дүрээр залдаг байсан юм. Цаашид Х Богд тодорсноор бодит биеэр нь залах байх. Өөрөөр хэлбэл, дараагийн наадмуудад Богдыгоо бодитоор нь залж, Богд маань өөрөө биеэрээ адис өгч, ерөөлөө хүртээгээд явна гэсэн үг. Дараа нь Монголыг даасан их сахиус Очирваань бурхнаа залдаг. Энэ даншгаар бүгдийг ёс журмаар нь, түүхэн уламжлалаар нь хийсэн. Наадмыг Хүй долоон худагт хийснээр ногоон байгальдаа цагаан гэрээ барьж, агаар салхиндаа, зүлэг ногоо нь жигд, бүх зүйл цогц бүрдсэнээр бүр ч сайхан боллоо. Х Богд тодрохын өмнөтгөл болж бат оршил өргөж ирсэн Даншиг наадам сэргэж байгаа нь шүтэн барилдлагын асар том ач холбогдолтой юм. Наадам болгон өөр өөрийн онцлогтой, Богдууд маань ч янз бүрийн үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Тухайлбал, II Богд бол манжийн дарлалыг эсэргүүцэгч байсан гээд яривал урт түүх бий.
-Шашны баяр уу, ард түмний наадам уу гэж асуух хүн байна. Энэ талаар?
Даншиг наадмаар шашныхан баярлах нэг өөр, хамгийн гол нь ард түмэн баярладаг байсан. Богддоо хүндэтгэл үзүүлж, авшиг хүртэхийн зэрэгцээ, хошуу ноёд мэнд усаа мэдэлцэж, нутаг нутгийн байдал, дараа дараагийн хийх ажлаа товлож, ард олныхоо эрүүл энх, бат оршил, нутаг орныхоо амгалан тайван байдал, хошууны ард олноо яаж аз жаргалтай, амар амгалан амьдруулах вэ, улс орноо яаж хөгжүүлэх вэ, тусгаар тогтнолоо хэрхэн баталгаажуулж хамгаалах вэ, хүнд бэрхшээлийг хэрхэн туулж хэрхэн дарлал, зовлонгоос ангид байх вэ гэдэгт санаа бодлоо уралдуулдаг байсан. Тэр байтугай тусгаар тогтнолын асуудлаа Даншиг наадмаараа хэлэлцэж байсан уламжлалтай. Энэ уламжлал сэргэж байгаад талархаж байна. Үүнд оролцож байгаа ерөөл буяндаа баярлаж байна. Хотол олноороо эвтэй, аз жаргалтай, эрүүл энх сайхан байж, Монгол Улсын маань үйлс цааш цаашид бүтэн дэлгэрэх болтугай. Мөн Богд хааны тамган дээр байдаг хамгийн гол захиас болох шашин тунгалаг, төр бат байх болтугай.
"ХҮМҮҮСТ ӨГДӨГ МИНИЙ БЭЛЭГ БАЯР БАЯСГАЛАН”
Монголын их хүрээ хийдийн соёлын ажилтан, Цамын цагаан өвгөн буюу энэ дүрийг амирлуулагч Д.Бямбажавтай ярилцлаа.
-Цагаан өвгөн зөвхөн монгол цамд л байдаг. Бурхны шашинтай цам гаргадаг бусад оронд цагаан өвгөн байдаггүй. Яагаад гэвэл, монголчууд өөрсдийн амьдрал, цаг уур, амьдарч байгаа нөхцөл байдалдаа тохируулж цамдаа цагаан өвгөнийг оруулсан уламжлалтай. Цагаан өвгөн буюу Цэрэндэв бурхан ямар учиртай вэ гэвэл, нас уртасгаж, аз жаргал бэлэглэдэг гэсэн утгатай лусын сахиус, бурхан юм. Тэгэхээр цагаан өвгөн бол ард түмнээ баясгаж насыг уртасгах гол үүрэгтэй. Цамын талбайд цам гарч байхад цагаан өвгөнд тогтсон хөдөлгөөн гэж байх боловч яг шашны үйл хэрэг, тухайлбал сор залахад хэрэглэгдэх хөдөлгөөн нь бага. Хүмүүсийг баяслууж, инээд хөөр бэлэглээд байж байх үүрэгтэй.
-Бусад цамын дүр, дор бүрдээ үүрэгтэй юу?
-Тийм. Тухайлбал, Арван хангал, Улаан Жамсран, Дамдин чойжоо буюу Эрлэг номун хан нь ширүүн дүр төрхтэй. Муу зүйлийг цаашлуулж, номхруулж байна гэсэн утгатай. Харин цагаан өвгөн бол хүмүүсийг өөртөө татсан сайхан дүр. Монголчууд өвөө, эмээгээ хүндэлж ирсэн тэр уламжлалтай их ойр. Цагаан өвгөнтэй уулзахаараа нас уртаслаа, бид аз жаргалтай боллоо гэж бэлэгддэг.
-Та өөрийнхөө тухай танилцуулахгүй юу?
-Би 2000-2004 онд "Харцага” кино урлагийн дээд сургуулийн кино драмын ангийг төгссөн, жүжигчин мэргэжилтэй. Цам сурч, зөв сайхан зүйлийг бодож дөнгөж хийх гэж эхэлж байгаа. Ард түмэн цамын цагаан өвгөнд их хайртай, хүндэлдэг. Манай хийд 50 гаруй ламтай, Гандангийн дэнжид байгуулагдаад 20 жил болж байна. Энэ сайхан хамт олны буянд сайн сайхан зүйл сурч, ард түмнээ баясгаж, баярлуулаад явж байна даа.
-Та цагаан өвгөний дүрийг бүтээгээд хэр удаж байна?
-Их хүрээ цам гэж түүхэндээ Монгол орны хамгийн том цам байсан. Манай хийд Их хүрээ нэртэй. Тиймээс бид тэр сайхан уламжлал, хийдийн нэрнээсээ улбаалж цамтай болоод хоёр жил өнгөрч байна. Лам нараас тайлбарыг нь сонсч, судалж, дээр үед гарч байсан цамын баримтат кинонуудаас ихээхэн зүйлүүдийг мэдэж сурч авч байж цамын цагаан өвгөнийг гаргаж байна. Хүнд чихэр өгөхдөө хүртэл цагаан өвгөн бол дотроо сайн сайхныг бодож байх ёстой. Хүн миний өмнө залбираад өгсөн чихэрийг авч байхад тэр хүнийг баярлуулахсан гэж бодож, сайн сайхныг хүсч өгдөг. Бид лам хуврагуудтай хамт ажилладаг болохоор шашны өв соёлд суралцаж байна. Шашны өв соёлыг бодитоор бүтээж хийж байгаа учраас сэтгэл санаагаа хүртэл ариун байлгахыг хичээдэг. Муу муухай юм бодох, ууртай уцаартай үедээ тэр том сахиус, цамын хувцсыг биедээ хүргэхээс болгоомжилж, их хичээдэг. Гэхдээ цам харын тэнгэр эрхшээсэн үе буюу тодорхой цаг үед гардаг учраас тэр болгон өмсдөггүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин