|

₮5 их наядын свопийг хөнгөлөлттэй зээл болгох ТОХИРОО хийх үү?

zulaa 2023/04/13 2278 0
 

₮5 их наядын свопийг хөнгөлөлттэй зээл болгох ТОХИРОО хийх үү?

 

Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 5 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хугацаа 2023 оны долдугаар сарын 1-нд дуусахаар байгаа юм. Монголбанкнаас өгч буй мэдээллээр, манай талаас своп хэлэлцээний хугацааг дахин сунгах хүсэлтээ  өгч, яриа хэлэлцээ хийж байгаа аж.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2011 онд анх  10 тэрбум юаниар байгуулж байсан уг своп хэлцлийн дүн өнгөрсөн жилүүдэд өсөж, хэд хэдэн ч удаа хугацаа нь сунгагдсан.

2011 онд  10 тэрбум юаниар байгуулж байсан бол  2014 онд нэмж 5 тэрбум юаниар байгуулан,  3 жилээр сунгаж байв. Ийнхүү хэмжээг нь нэмэгдүүлснээр 15 тэрбум юань буюу 5 их наяд төгрөгтэй тэнцэх болсон своп хэлцлийн гэрээний хугацааг   2017 онд  мөн  3 жилээр сунгасан.

2017 онд гурван жилээр сунгасан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн  хүрээнд давхар шийдвэрлэгдэж байв. Тодруулбал, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2017 онд эхлүүлж, доноруудын санхүүжилт болох 5.5 тэрбум ам.доллар шийдвэрлэгдэхэд дээрх своп хэлцлийн хүрээнд авч ашигласан дүн нэг хэсэг болж дотор нь багтсан байдаг.  Түүнчлэн своп хэлцлийн хугацааг 2017 онд гурван жилээр сунгасан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн  хүрээнд давхар шийдвэрлэгдэж байсан юм.

Дараа нь  2020 оны долоодугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатайгаар сунгасан билээ.

Своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах саналыг 2019 онд манай талаас тавьж,  хэлэлцээ хийсний үр дүнд хугацааг дахин сунгасан байдаг.

Тэгэхээр одоо своп хэлцлийн гэрээний хугацаа дуусахад гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Манай улс  энэ хугацаанд нэг дор 5 их наяд төгрөгтэй тэнцэх төлбөр төлөх боломжгүй учраас хэлцлийн хугацааг сунгах тохиролцоог хийхээс өөр аргагүй юм. Хугацаа сунгахгүй бол Төв банк валютын нөөцөөсөө төлөх эрсдэлд орно.

Ер нь бол дахин хугацаа сунгах асуудал нь хоёр орны төв банкуудын асуудал гэхээсээ улс төрийн түвшний харилцан тохиролцоо, ойлголцол дээр суурилах нь ойлгомжтой юм.

Өнгөрсөн 2022 онд Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр свопийн хугацааг дахин гурван жилээр сунгах асуудал хөндөгдөж байсан. Хоёр орны Ерѳнхий сайд нарын уулзалтын үеэр тѳгрѳг-юанийн своп хэлцэл, түүний хугацааг 2026 он хүртэл 3 жилээр сунгах асуудал яригдсаныг засгаас мэдээлж байсан билээ.

БНХАУ-ын талаас энэ асуудлыг дэмжиж, хоёр орны тѳв банкууд уулзалт хийн хэлцлийн гэрээг сунгахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн болохоо илэрхийлсэн. БНХАУ-ын Ерѳнхий сайд Монголын талаас тавьж байгаа санал хүсэлтэд дэмжлэг үзүүлж ажиллах чиглэлийг холбогдох яам, тѳрийн байгууллагууддаа ѳгнѳ гэдгээ уулзалтын үеэр мэдэгдсэн байдаг.

Мөн сануулахад, УИХ-ын дарга Г.Занданшатар  БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын  Байнгын хорооны дарга Ли Жаньшу-тай 2021 оны дөрөвдүгээр сард цахим уулзалт хийх үеэрээ дээрх своп хэлцлийн ерөнхий гэрээний нөхцөлийг өөрчилж, хоёр улсын Засгийн газар хоорондын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл болгон шилжүүлэх талаар ярилцсан гэж байсан билээ.

https://news.zindaa.mn/4kgt

Санал болгох

Сэтгэгдэл

top