|

УИХ-ын гишүүн Д.Батлутын тушаалаар томилогдсон МАН-ын дунд шатны албан тушаалтнууд Орхон аймагт “тонгочиж” байна

zulaa 2023/05/19 10471 0

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийн гэрт АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийхэд 700 гаруй сая төгрөг гарсан гэх мэдээлэл өчигдөр сошиал орчинд тархсан. Тэгвэл тус мэдээллийг “ergelt.mn” сайтаас нягтлан тодорхой эх сурвалжуудаас тодруулан “Орхон аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийн гэрээс 700 сая төгрөг хураан авч, шалгаж байна” гэх гарчигтай нийтэлсэн байна.
Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалын хэлснээр Н.Бямбацэцэгийг хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэнэ.
Энэхүү хэргийн тухайд 2023 оны хоёрдугаар сард болсон бөгөөд одоогоор хааш эргэсэн нь тодорхойгүй ажин түжин байгаа учраас эргэн тодруулсан аж.
Төрийн албан тасралтгүй зүтгэсэн гэр бүлийн хоёр өөрийн болон гэр бүлийн орлого, банкны хадгаламжаа ч 2 дахин өсгөжээ
Эх сурвалжаас авсан мэдээллээр хоёрдугаар сард Орхон аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийг үнэхээр цагдан хориод, суллажээ. Түүний нөхөр Д.Бүүвэйбаатар нь Орхон аймгийн “Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн захирлаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, эхнэр нь Орхон аймгийн төсвийг, нөхөр нь дулааныг нь хариуцдаг байсан аж. “Эхнэр тань ажлаа хийж байгаа юу” гэх сэтгүүлчийн асуултад “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өгсөн Д.Бүүвэйбаатар нь хамт олныхоо дунд нэр хүнд муутай нэгэн аж. Ажилчдынх нь зүгээс түүнийг эсэргүүцэн хамтран ажиллах боломжгүй хүн хэмээн дээшээ гомдол мэдүүлж байсан гэх мэдээлэл ч байна.
Харин Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал Н.Бямбацэцэгийг чөлөөлсөн гэж байгаа ч Тамгын газрын албан ёсны сайт дээр Санхүү төрийн сангийн хэлтсийн бүтцээс Н.Бямбацэцэг даргын нэрийг өнөөдрийг хүртэл хасаагүй л байгаа юм.
Чухам яагаад Н.Бямбацэцэгийн мэдээлэл олон нийтэд төдийлэн ил болоогүй вэ гэвэл МАН-ын дунд шатны  албан тушаалтнуудын авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэх нэг жишээ болох учраас аль аль талдаа төдийлэн олон нийтэд мэдээлэхийг хүсээгүй бололтой.
Гол нь энэ хүнийг УИХ-ын гишүүн Д.Батлут 2016 онд Орхон аймгийн Засаг даргаар томилогдон ирэхдээ ерөнхий санхүүчээр авчээ. Түүний нөхөр Д.Бүүвэйбаатарыг ч Д.Батлут гишүүн Засаг даргаар ажиллаж байхдаа 2016 оны Б/47 тоот захирамжаар “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-ийн захирлаар томилсон байдаг.  Учир нь, Д.Бүүвэйбаатар нь 2000-2001 онд аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан, 2013-2015 онд намын хорооны хүний нөөцийн хэлтсийн дарга, 2016 оноос Ажлын албаны дарга зэрэг албан хашиж байжээ.
Д.Бүүвэйбаатарын АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал 2016 онд анх томилогдохдоо өөрийн орлого 31 сая 836 мянга гэж мэдүүлж байсан бол 2021 онд 65 сая 135 мянга болж өсчээ. Харин гэр бүлийн орлого нь 20 саяас 50 сая болж өссөн байна. Мөн 238 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 150 сая төгрөгийн машин, 27 саяар үнэлэгдэх мал, 25 сая төгрөгний үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.
Хадгаламж дахь мөнгө нь 2016 онд 0 байсан бол 2021 онд 209 сая болж, мөн л өссөн байна. Хачирхалтай нь, ямар нэгэн компанигүй, хувьцаагүй бөгөөд хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдээлэл алга.
Эхнэр Н.Бямбацэцэгийн хувьд 2016 онд томилогдохдоо өөрийн орлогыг 19 сая гэж мэдүүлж байсан бол 2021 онд 42 сая болж өссөн, гэр бүлийнх нь орлого 33 саяас 73 сая болж өсчээ. Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, мал гээд бусад мэдээллийн хувьд Д.Бүүвэйбаатартай ижил мэдүүлсэн байна. Мөн л ямар нэгэн компанид хувь эзэмшил алга.
Ингээд харвал хоёул 2016 оноос хойш төрийн албанд зүтгэжээ. Гэхдээ, тэдний орлого 2 дахин өссөн байна. 2016 оноос хойш төрийн албаны цалин хэдэн хувиар өссөн бэ гээд асуувал энэ хэмжээнд хүрэх эсэх нь эргэлзээтэй.
Д.Бүүвэйбаатарын захирлаар нь ажиллах болсон “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК нь 2022 онд 24.5 тэрбум төгрөгийн орлого, 24.8 тэрбум төгрөгийн зарлагатай ажилласныг санхүүгийн тайлангаас нь харж болно.
Орхон аймгийн санхүүгийн эрх мэдлийг атгаж, төрийн гол худалдан авалт дээр “томилогдсон” гэр бүл учраас тэдний ажиллаж буй байгууллагуудын аудитын тайланг орж сонирхлоо.
Д.Бүүвэйбаатарт аудитаас 7 албан шаардлага хүргүүлсэн байна 
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн аудитын тайлан одоогоор open.audit.mn  сайт руу баталгаажиж ороогүй ч Засаг даргын тамгын газрын сайтад эхний хоёр хуудсыг нь байршуулжээ. Орхон аймаг дахь Төрийн аудитын газраас 2023.04.24-ний өдрийн албан тоотоор ЗДТГ-т хүргүүлсэн байгаа юм.
“Өөрчлөлтгүй дүгнэлт” гэсэн ч аудитын гол асуудлаар “Аймгийн Засаг даргын төсөл хөтөлбөр, Эрдэнэт сангийн зардлаас орон нутгийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааны санхүүжилтэд 2 тэрбум 498 сая төгрөгийг зарцуулж байгаа нь төсвийг үр ашигтай удирдаж, санхүүгийн сахилга батыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах бодлогыг баримтлаагүйтэй холбоотой гэсэн өгүүлбэр л харагдана.
Харин Д.Бүүвэйбаатарын захирлаар нь ажилладаг “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-ийн  2022 оны санхүүд хийсэн аудитын тайлан open.audit.mn сайтад байршжээ.  Аудитын шалгалтаар “Өөрчлөлтгүй дүгнэлт” гэж үзсэн ч нийт 373 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлж,  10.2 сая төгрөгийн алдааг залруулж, 363,6 сая төгрөгийн алдааг дахин давтан гаргахгүй байхыг зөвлөжээ. Ингээд 320,9 сая төгрөгийн зөрчилд 7 албан шаардлага хүргүүлсэн байна.
Үүнд, шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаарт багтаан гэрэлтүүлгийн толгойг 10 удаагийн ууд худалдан авалтаар хийж, тендерийн хууль зөрчсөн. Төлөвлөгөөнд тусгаагүй 37 сая төгрөгийн 183 нэр төрлийн материал худалдан авсан нь төсвийн тухай хууль зөрчсөн. 6 сая төгрөгийн үнэтэй хүний нөөцийн программ биетээр байхгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нийцэхгүй. 267 нэр төрлийн 115 сая төгрөгийн бараа, материал үлдэгдэлтэй байхад дахин худалдан авалтаар 22 нэр төрлийн материал авсан нь Төсвийн тухай болон Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн. Хөдөлмөрийн чадвар алдалттай ажиллагсдын цалингаас 10 сая төгрөгийн хувь хүний орлогын албан татвар суутган тооцсон, Хөдөлмөрийн тухай хууль хэвлүүлэхэд 3 сая төгрөг зарцуулсан, байгууллагын үйл ажиллагаа сурталчлуулах нэрээр 2 аж ахун нэгжтэй 9 сая төгрөгийн гэрээ байгуулсан зэрэг нь холбогдох хуулиуд зөрчсөн учраас албан шаардлага түүнд хаяглан хүргүүлсэн байна.
Эндээс харвал, УИХ-ын гишүүн Д.Батлут Засаг дарга байхдаа Орхон аймгийн санхүү, мөнгөн дээр үлдээсэн энэ гэр бүлийн зөвхөн эхнэр Н. Бямбацэцэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдах бус нөхөр Д.Бүүвэйбаатарыг ч шалгах шаардлагатай болж. МАН-ын нэрээр орон нутагт томилогдсон дунд шатны албан тушаалтнууддаа эрхэм гишүүд анхаарал хандуулахгүй бол УИХ-д дахин суух байтугай унаган нутагтаа ч очих нүүргүй болж байна.

http://hardnews.mn/64999/

Санал болгох

Сэтгэгдэл

top