|

Орхон аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийн гэрээс 700 сая төгрөг хураан авч, шалгаж байна

zulaa 2023/05/16 10122 0

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийг дахин цагдан хорьж болзошүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Н.Бямбацэцэгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Орхон аймагт ажиллаж, тус аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийн гэрт нэгжлэг хийж, санхүүгийн ноцтой баримт болон их хэмжээний бэлэн мөнгө хураан авчээ. Уг хэрэгтэй холбоотойгоор шалгаж, 48 цагийн хугацаатай цагдан холрьж сулласан байна. Харин хууль хяналтын байгууллагаас дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, эд мөрийн баримтыг устгаж, гэрчтэй тохиролцож болзошгүй үндэслэлээр дахин цагдан хорих хүсэлт гаргаад байгаа гэнэ.

        Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр "Эрдэнэт-Ус” дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит үйлдвэрийн захирал Д.Бүүвэйбаатар, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг нар гэр бүлийн хүмүүс. Тэдний гэрт мөрдөгчид ажиллаж, 700 сая төгрөг хураан авсан гэх мэдээлэл бий. Мөнгөний эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй учраас Н.Бямбацэцэгийг цагдан хорьсон юм байна лээ. Уг мөнгө нь Н.Бямбацэцэгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсаас шамшигдуулсан болон хахууль авсан байж болзошгүй мөнгө гэнэ лээ. Түүний нөхөр болох "Эрдэнэт-Ус” дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит үйлдвэрийн захирал Д.Бүүвэйбаатар мөнгөнд холбогдоогүй учраас хууль хяналтын байгууллагаас шалгаагүй гэсэн” гэв.

Н.БЯМБАЦЭЦЭГИЙН НӨХӨР, "ЭРДЭНЭТ-УС” ОНӨҮ-ИЙН ЗАХИРАЛ  Д.БҮҮВЭЙБААТАР: ЭХНЭРИЙГ МИНЬ ЦАГДАН ХОРЬЖ, СУЛЛАЛСАН. ГЭХДЭЭ ТИЙМ ИХ МӨНГӨ ЮУ ГЭЖ ОЛДОХ ВЭ ДЭЭ

      Н.Бямбацэцэг, Д.Бүүвэйбаатар нарын гэрээс 700 сая төгрөг хураан авсан байж болзошгүй мэдээллийг эх сурвалж өгөв. Тэгвэл бид Н.Бямбацэцэгийн нөхөр Д.Бүүвэйбаатартай холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.

-Таны эхнэрийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулж болох уу?

     -Манай эхнэр Бямбацэцэгийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ хэдийнэ шалгаад, цагдан хориод суллачихсан. Дахиж цагдан хорих шаардлагагүй. Шалгагдаж байгаа хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Мэдээлэл өгөхгүй гээд гарын үсэг зурчихсан.

-Гадуур шалгаж байгаа гэсэн үг үү?

    -Ямартай ч эхнэрийг маань сулласан байгаа. Гадуур шалгах ч гэж дээ. Бараг л дуудаж мэдүүлэг, байцаалт авахгүй байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, шалгалтын ажиллагаа дууссан юм шиг байна лээ. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа байлгүй дээ.

-Гэрээс тань 700 сая төгрөг олдсон гэдэг нь үнэн үү. Ямар учиртай мөнгө байсан юм бэ. Эх үүсвэрээ тайлбарлаж чадаж байгаа юу?

     -Шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ тийм их хэмжээний мөнгө юу гэж олдох билээ дээ. Энэ бол худлаа мэдээлэл шүү. Хууль хяналтын байгууллагаас анхааруулсан учраас нарийн, тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Эхнэр тань ажлаа хийж байгаа юу. Хэдэн оноос Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа вэ?

      -Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна гэх тайлбарыг өглөө.

Харин бид Н.Бямбацэцэгтэй холбогдож, энэ асуудлаар тодруулах гэсэн боловч утсаа салгасан байлаа.

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТЖАРГАЛ: Н.БЯМБАЦЭЦЭГИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН

        Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийг хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйд үүрэгт ажлаас нь түр хугацаанд түдгэлзүүлжээ. Тэрбээр Орхон аймгийн ЗДТГ-т долоон жил ажилласан байна. Бид энэ талаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалтай холбогдож, тодрууллаа.

С.Батжаргал "Гэрээс нь их хэмжээний мөнгө хураан авсан гэх Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Шүүхийн шийдвэр гартал буюу гэм буруутай эсэх нь тогтоогдох хүртэл чөлөөлсөн. Хэрэв тэр хүн буруугүй нь тогтоогдвол буцаад ажилдаа орох боломжтой. Гэрээс нь 700 сая төгрөг хураан авсан эсэхийг мэдэхгүй байна. Хууль хяналтын байгууллагаас яг ямар үндэслэлээр шалгаж байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөгүй. Нууцын зэрэглэлтэй юм шиг байна лээ. Н.Бямбацэцэг нь ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар 2016 оноос хойш ажиллаж байсан” гэлээ.

Н.БЯМБАЦЭЦЭГ УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЛУТЫН ОЙРЫН ХҮН ГЭВ

        Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга асан Н.Бямбацэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг УИХ-ын гишүүн Д.Батлуттай ойрхон ажилладаг, түүнийг Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхад нь санхүүг нь гол баздаг хүн нь байсан гэх мэдээлэл ч бий. Өөрөөр хэлбэл, Д.Батлут 2016 онд Орхон аймгийн Засаг даргаар томилогдсоныхоо дараа Н.Бямбацэцэгийг ерөнхий санхүүчээрээ томилж байжээ.

       Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ "УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн Засаг даргаар 2016 онд томилогдсон байдаг. Тэр үед Н.Бямбацэцэгийг санхүүгийн хэлтсийн даргаар томилж байсан. Харин түүний нөхөр Д.Бүүвэйбаатарыг Эрдэнэт-Ус” дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит үйлдвэрийн захирлаар томилж байсан. Яах аргагүй Д.Батлутын үед албан тушаалд очсон хүмүүс. Сонгуульт ажилд нь хүртэл оролцож байсан юм билээ. Санхүүгийнх нь гол асуудлыг барьдаг байсан” гэлээ.

ХОМ: ГЭРЭЭС НЬ 700 САЯ ТӨГРӨГ ОЛДСОН ГЭХ САНХҮҮЧ Н.БЯМБАЦЭЦЭГ 209 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

    Гэрээс нь 700 сая төгрөг олдсон гэх Орхон аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга асан Н.Бямбацэцэгийн хөрөнгийг танилцуулъя. Тэрбээр 2021 онд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ гэр бүлийн жилийн орлого нь 73.5 сая төгрөг, өөрийнх нь жилийн орлого 42.3 сая төгрөг гэжээ.

Харин Н.Бямбацэцэг нь 238 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг хашаа байшинтай. Мөн 150 сая төгрөгөөр үнэлэгдэх "Ланд-200" автомашинтай гэж бүртгүүлжээ. Тэрбээр 27 сая төгрөгөөр үнэлэгдэх адуу-8, ямаа-20, хонь-30, үхэр-21-тэй. Өмчлөх эрхийн нэг газартай. Газрын үнэлгээ 10 сая төгрөг, 25 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. 16 сая төгрөгийн авлагатай, 55 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна. 

https://ergelt.mn/news/59/single/33115



Санал болгох

Сэтгэгдэл

top