|

"Байгаль хамгаалал-2024" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна

khulan 2024/06/21 0
Цагдаагийн байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн байгаль орчны газар, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтран иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, аялал жуулчлалаас үүдэлтэй хүрээлэн байгаа орчинд үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл, ахуйн болон аюултай хог хаягдал, бусад төрлийн бохирдол /нүхэн жорлон/-оос сэргийлэх, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, дээрх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн арга хэмжээг “ОРЧНОО БҮҮ БОХИРДУУЛ”, “ЦЭВЭРЧ ИРГЭН-ЦЭМЦГЭР ХОТ” уриатайгаар зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллага, иргэдтэй хамтран хяналт шалгалт зохион байгуулж, нийслэлийн ногоон бүс болон хөдөө орон нутгийн аялал жуулчлалын бүсүүдэд ил задгай хог хаягдал хаясан, гудамж талбай олон нийтийн газарт тамхи болон нус цэрээ хаясан, ачаа тээвэрлэх журмыг зөрчин зам талбайд шороо, бетон зуурмаг асгаж бохирдуулсан зэрэг нийт 411 зөрчлийг илрүүлж, арилгах чиглэлээр 13 аймаг, нийслэлийн 5 дүүргийн Засаг дарга, холбогдох төр, захиргааны байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл, шаардлага хүргүүлж, зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр ажиллаж байна.
Хяналт шалгалтаар илэрч байгаа зөрчлийн дийлэнх нь сум орон нутгийн угтах цэг /аймаг, сумын хаалга/-үүдэд хог хаягдал ихээр үүссэн, аялал жуулчлалын бүсүүдэд зориулалтын бусаар ил задгай хог хаягдлыг хаясан, Монгол Улсын стандарт МNS 5924:2015 “Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага” хангаагүй, Нийслэл хотын дүүрэг, хороодод цаг хугацаандаа ачаагүйн улмаас хур хог хаягдал үүссэн зэрэг зөрчлүүд эзэлж байна.
Иймд хог хаягдал болон стандартын бус нүхэн жорлонгоос үүдэлтэй хүрээлэн байгаа орчинд үүсч болзошгүй сөрөг нөлөөлөл, ахуйн болон аюултай хог хаягдлыг бууруулах ажилд бүх нийтээр хариуцлагатай хандаж, эх үүсвэр дээр нь бууруулах, байгаль орчиндоо ээлтэй хариуцлагатай байхыг Экологийн цагдаагийн албанаас уриалж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top