Харин баасан гаригт прокурорын байгууллагын 85 жилийн ойд зориулсан баярын хурлын индэр дээрээс Монголын хамгийн шударгуу улстөрчийн шударгаар хэлсэн зарим үгс салхины чиг өөр олон зүгээс байж болохыг заагаад эхлэх шиг. Тэр хүн хууль баталсан УИХ-ын гишүүдийг нийтээр нь "хонины арьс нөмөрсөн чоно” хэмээн нэрлээд "Монголын хамгийн том авлигачаас хойч үеийн авлигачид нь суралцаж байна” гэв. Монголын "номер нэг” авлигачтай нэгийгээ үзэхээр шийдсэн "номер нэг” хүний "Тэгж их салхилмаар байвал төрсөн дүүгээ, хамсаатнуудаа авч ирээд хамт салхилахгүй юу. Төрийн ордон авлигачдын салхилдаг газар биш шүү” гэсэн мессежийг толгойтой болгон шейрлэж, сошиалаар бүхэл бүтэн давалгаа үүсчихлээ. Даргын цүнх барьдаг захын нэг пацаан, Засаг даргын орлогч өмнөө камер зоож байгаад "Би энэ хуулийг чинь хэрэгжүүлж чадахгүй” гэж мэдэгдэл хийгээд эхэлж байна. Энэ янзаараа удахгүй бослого гарах нь.
Н.Энхбаяр адгийн новш байж болно, авлигачин байж болно. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч хүн тэр авлигачаасаа толгой дээгүүр харах ёстой. Гэтэл нөгөө авлигач нь өршөөлийн хуульд багтах гэж яаж улайрсантай яг адилхан тоноор "Авлигачийг өршөөж болохгүй. Өршөөвөл та нартай нэгийгээ үзнэ шүү” гэж хашгирч байгаад л гайхах сэтгэл төрөөд байгаа юм. Хэтэрхий шунаад, улайраад ирэхээрээ хэн ч байсан хяналтаа алддаг. СТӨ-ний индэр дээрээс цаг гаруй ярьсан Ерөнхийлөгчийн илтгэл прокуроруудыг баярлуулах, гайхуулахын аль нь болсныг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л сайн талаас нь харвал түүний ачаар монголчууд нийтээрээ "прокурорын байгууллага ойгоо тэмдэглэж байгаа юм байна” гэдгийг лавтай мэдэж авсан билээ. Үүнээс илүү сурталчилгаа хаа байхав.
Үүнээс өмнө, Өршөөлийн хуулийг УИХ-аар
хаалттай хэлэлцэж байх үед АТГ-аас нэгэн мэдэгдэл хийснийг уншигчид
санаж байгаа нь лав. АТГ-ын шалгаж байгаа одоо 45 хэргийг өршөөлд
хамруулж, ялаас чөлөөлөх гэж байна. Төрд учирсан 12 тэрбум төгрөгийн
хохирол төлөгдөхгүй үлдэх нь ээ гэж. Тус газраас энэ мэдэгдлийг хийх
хүртэл аль ч мэдээллийн суваг энэ сэдвийг хөндөөгүй байв. Учир нь
УИХ-аар хаалттай хэлэлцэж байгаа асуудал төрийн нууцад хамаардаг. Хэрвээ
төрийн байгууллага, албан тушаалтан уг асуудлаар мэдээлэл задруулбал
"төрийн нууцад халдсан” хэргээр ялтай. Тийм ч учраас хууль батлагдаж
гарах хүртэл УИХ-ын гишүүд хүртэл хэлэлцэж байгаа асуудлаар зүрхэлж ам
нээгээгүй хэрэг. Харин АТГ бол УИХ-аас ч илүү эрх дархтай газар юм
гэдгийг энэ мэдэгдлээс нь харж болно.
Бүр 2006 онд УИХ-аар АТГ-ыг байгуулж байх үед л хуульч, судлаачдын
зүгээс "Наадах чинь Үндсэн хуулийн бус байгууллага боллоо шүү. Хууль
тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг нэг дор хэрэжүүлдэг болох нь
байна” гэж шүүмжлээд, сэрэмжлүүлээд байсан. Тухайн үеийн УИХ-ын олонхи
огт сонсоогүй. Тэгээд одоо АТГ-ын мөрдөгчид гүйцэтгэх эрх мэдлийн
байгууллагын хийдэг хэрэг мөрдөх, нотлох ажиллагаа ч явуулна, шүүхийн
зөвшөөрлөөр прокурорын байгууллагын хийдэг яллах ажиллагааг ч давхар
хийнэ. Зүй нь бол мөрдөн шалгах эрх бүхий байгууллага нь зөвхөн хэрэг
бүртгэл, мөрдөн байцаалтыг явуулж нотлох баримт бүрдүүлэх, хэргийг
нотлох үүрэгтэй. Харин энэ хэрэгт ямар зүйл ангиар ямар ял төлөвлөх вэ
гэдэг яллах ажиллагааг прокурор хийдэг. Гэтэл ийм олон эрх дархыг нэг
дор атгасан байгууллага Монголоос өөр улсад лав байхгүй. УИХ-аар
байгуулагдсан, дарга, дэд дарга нарыг нь УИХ-аас томилж, чөлөөлдөг
болохоор УИХ-ын хяналтын байгууллага ч юм шиг. Одоо дээр нь шүүх,
прокуроруудын хийсэн гэмт хэргийг шалгах эрхийг шилжүүлээд авчихсан
болохоор тэднийгээ ч гэсэн хурууныхаа үзүүрээр хөдөлгөдөг болсон гэлцэх
юм билээ.
Санаандгүй сонссон нэг баримт дуулгахад саяхан хар тамхины хэрэгт
холбогдож саатуулагдаад байгаа Х.Тамир гэж прокурорын ах нь Х.Идэр гэж
шүүгч байдаг юм байна. Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан
Л.Гансүхийн хэрэг дээр Х.Идэр шүүгч ажиллаж байгаа. Гэтэл түүний ах
дээр АТГ-ынхан эрүүгийн хэрэг үүсгээд хорионд хийчихсэн. Тэгэхээр үүнд
ямар нэг шалтгаант холбоо байна уу?
Ерөнхийлөгч прокуроруудын өмнө үг хэлэхдээ "Авлигачид давраад "би
өршөөгдөхгүй, цагаатгагдана” гэж ярьж байна” гэсэн нь нэр цохоогүй
боловч Л.Гансүхийг дайруулсан бололтой. Өршөөлийн хууль батлагдсаны
дараа түүний өмгөөлөгч сэтгүүлчийн асуултанд хариулахдаа "Миний
үйлчлүүлэгч өршөөлд хамрагдах хэрэг хийгээгүй. Хийсэн хэрэггүй учраас
цагаатгагдах ёстой” гэж хэлсэн байдаг. Уг нь бол үүнд ойлгомжгүй зүйл
байхгүй л дээ. Н.Энхбаярын хувьд өршөөлд хамрагдвал "ялтайд тооцох
хугацаа”-наас чөлөөлөгдөж, сонгуульд нэр дэвших эрхтэй болно. Харин
Л.Гансүхийн хувьд зөвхөн "Би гэмт хэрэг хийсэн нь үнэн” гэж гэм
буруугаа хүлээн зөвшөөрч, төрд учруулсан хохирлоо баталгаа гаргасны
дараа л ялаас мултрах боломжтой. Нэг ёсондоо тэр өршөөлд хамрагдвал
гэмт хэрэгтэн болно гэсэн үг.
Нэг зүйлийг сануулахад хуулиар хүний үйлдсэн хэргийг өршөөдөггүй, тэр
тусмаа хэргийн улмаас учирсан хохирлыг төр өршөөдөггүй. Зөвхөн уг
хэрэгт нь хуулиар оноосон ялыг нь хэлтрүүлдэг. Төрийн өршөөл гэдэг нь
энэ. Тэгээд ч тэр хүн "Би хэрэг хүлээж өршөөлд хамрагдахгүй. Харин ч
хэрэг хийгээгүй гэдгээ шүүхээр тогтоолгож цагаатгуулна” л гэж байна.
Уг нь бол албан тушаал, авлигын хэргийг өршөөлд хамруулж байгаа нь
анхны тохиолдол энэ биш гэдгийг Ерөнхийлөгч ч хэлсэн үгээрээ өөрөө
хүлээн зөвшөөрсөн байна лээ. Би 2009 онд Өршөөлийн хууль санаачилж
батлуулахдаа бүгдийг чинь алагчлалгүй өршөөсөн шүү, битгий давраад
байгаарай... гэж. Тэгвэл Ерөнхийлөгч болохоор өршөөж болдог, УИХ нь
өршөөж болдоггүй ямар учир байна? Энд арай өөр зөрчил нуугдаад байгаа
юм биш биз?!
АТГ газар улстөрчдийг намнадаг газар
болжээ, улс төрийн бүлэглэлүүдийн өрсөлдөөний зэвсэг болсон байна гэж
дээр, дооргүй л ярьж бичицгээдэг. Н.Алтанхуяг тэгж хэлээд огцорсон,
Л.Гансүх, Г.Дэнзэн ч тэгж ярьж байна. Одоохондоо үгүй гээд нотолчихсон
зүйл алга. Улсыг 3,6 тэрбум төгрөгөөр хохироосон нь баримтаар
нотлогдсон гэж хэлчихээд Л.Гансүхийг шүүхээр оруулалгүй бүтэн жил
хатааж байгаа. Г.Дэнзэн ч ялгаагүй. Гадаадад гараад зугтчихаагүй, хил
дамнууулаад мөнгө угаачихаагүй, ердөө төрийн өмчит нэг компани нь
хувийн компанитай байгуулсан гэрээний асуудлыг энэ их эрх мэдэлтэй
байгууллага хугацаанд нь шалгаад шийдчихэж яагаад чаддаггүй юм. Энэ бол
зүгээр ил харагдаж байгаа жишээ.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгч маань өөрөө "шүүхээр гэм буруутай нь
тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй” гэдэг Үндсэн
хуулийн зарчмаасаа ухарсан мэдэгдлийг хэтэрхий олон удаа хийчихлээ.
Одоохондоо Л.Гансүх, Г.Дэнзэн нарын хэн нь ч шүүхээр шийтгэгдээгүй
байгаа. /Дахиад л ойрхон байгаа жишээг татчихлаа/ Монголд
мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрхтэй олон байгууллага бий. АТГ,
тагнуул, цагдаа гээд. Гэтэл АТГ л ганцаараа "Манай шалгаж, шийдвэрлэсэн
200 гаруй хэргийг өршөөлд хамруулах гэж байна” гэж яарч сандран
мэдэгдэл хийсэн. АТГ-ын хийсэн мэдээлэл, Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэл
хоёр хэтэрхий сайн уялдаад байгаа юм биш үү. Ер нь бол хүний эрхийг
дээдэлдэг ардчилсан улс оронд "Нэг хүнийг хилсээр ялласнаас 100 хүнийг
ял завшуулсан нь дээр” гэдэг зарчим үйлчилдэг. Манайх ч тэр түвшинд
очтолоо өдий биз.
Гэхдээ л УИХ-ын 76 гишүүний талаас илүү хувь нь авлига, албан тушаалын
хэргийг өршөөлд хамруулах нь зөв гэж үзсэнд ямар нэг учир холбогдол
байж таарна. Магадгүй тэдний тал хувь нь намынхаа авлигачин, найз
нөхдөө ялаас мултлахыг бодсон байхад үлдсэн тал хувь нь "АТГ арай л биш
ажиллаад байна” гэж үзсэн байхыг үгүйсгэхгүй. Ардчилсан Ерөнхийлөгч
маань өөрөө ч хэлсэн байна лээ. Миний хамгийн их итгэж найдаж явсан
УИХ-ын гишүүн энэ хуулийг батлахад оролцсон байна... гэж.
Эцэст нь хэлэхэд Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй.
Гэхдээ хориг тавьж байгаа үндэслэл болон зорилго нь ойлгомжтой байх
ёстой. Үнэхээр л хуульд хориг тавьснаар нийгэмд шударга ёсыг тогтоож
чадах уу? Эсвэл угаасаа улстөрчид төдийгүй нийгэм даяар айдас хүйдэс
хуруулаад байгаа АТГ-ын эрх дархыг өмнөхөөсөө илүү өөгшүүлсэн явдал
болох уу?
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин сүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна
лээ. АТГ олон нийтийн дэмжлэгийг авч ажиллахын тулд хуулийн хүрээнд орж
ирж ажиллах ёстой. Хууль тогтоомжийг нь сайжруулах ёстой. Авлигатай
тэмцэх нэрээр бүлэглэлүүдийн хоорондын өрсөлдөөний зэвсэг болоод байж
болохгүй ээ... гэж. Магадгүй, Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлсний дараа
энэ байгууллагын хууль тогтомжид ч гэсэн өөрчлөлт оруулж, арай илүү
хяналттай, хуулийн зохицуулалттай ажиллах боломжийг эрэлхийлэх ёстой
байх. Уг нь бол АТГ гэдэг мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг нэг л
байгууллага шүү дээ. Цагдаатайгаа, тагнуултайгаа яг адилхан. Ганцхан
харьяалуулж шалгаж байгаа гэмт хэрэг нь л өөр.
Прокуроруудын өмнө Ерөнхийлөгч хэлэхдээ "Авлигачид биднээс айж байна”
гэсэн. Хууль батлахад оролцсон бүх гишүүдийг дайруулж хэлнэ лээ. Хэрвээ
АТГ-ынхан хуулийн хүрээнд, хэн нэгний захиалгыг гүйцэлдүүлэхгүйгээр,
хараат бусаар ажилладаг гэсэн итгэл үнэмшил байхгүй цагт хууль
тогтоогчид ч гэсэн болгоомжлох нь зүй ёсны л юм.