|

С.Ганбаатар хандивын байгууллагыг өөрөө урьсан мэт PR хийв

tonshuul 2015/09/04 605 1

С.Ганбаатар хандивын байгууллагыг өөрөө урьсан мэт PR хийв

 

Өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачлагаар "Эрүүл хүн үндэсний баялаг” уриан дор гурав дахь жилдээ Япон улсаас 32 хүний бүрэлдэхүүнтэй шүдний эмч нарын багийг урьж, нийт Дархан хотын 1500 гаруй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийлээ гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарсан юм.

Энэ мэдээллийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн цахим хуудастаа ч нийтэлсэн байдаг.

Харин наймдугаар сарын 19-ний өдөр Шүдний эмч нарын олон улсын холбооны ерөнхийлөгч, Айчи мужийн анагаах ухааны сургуулийн шүдний танхимын профессор Акира Сенда өөрийн цахим хуудастаа"Бид өвчтөнүүддээ үзлэг, эмчилгээ хийхээр шаргуу ажиллаж байгаа ч Япон улсаас биднийг урьж авчирсан гэж бичсэн нэгэн улс төрчийн сурталчилгааны хуудсыг хараад их цочирдлоо. Үнэндээ тэд бидэнд мөнгө төлөөгүй, бид өөрсдийн байгууллагын журмаар, өөрсдийн хүслээр ирдэг” гэсэн утга бүхий бичвэр үлдээжээ.

-ТЭД ДЭЛХИЙН 100 ГАРУЙ ОРОНД САЛБАРТАЙ ХҮМҮҮНЛЭГИЙН 
БАЙГУУЛЛАГЫН ЭМЧ НАР-

Дэлхийн 100 гаруй оронд салбартай "International College of Dentist” нь хүмүүнлэгийн үйлсээрээ алдартай. Тэд дэлхийн өөр өөр оронд суралцаж байгаа бүх оюутнаа нэгэн үндэстэн хэмээн хэлдэг бөгөөд олон улсад шүдний эмнэлгийн салбарыг нэгэн түвшинд хөгжүүлэх зорилготой аж.

Энэхүү байгууллага нь дэлхийн маш олон оронд салбартай бөгөөд салбар бүр итгэмжлэгдсэн Ерөнхийлөгчтэй юм байна. Манай улсын хувьд "Global Project” гэсэн хэсэгт багтжээ. Төслийн нэрсийн жагсаалт (http://www.icd.org/projects/ )-д Монгол эмч нарыг мэргэшүүлэх сургалт, Монголын төсөл гэсэн хоёр төсөл багтсан байна. 2011 оноос хойш ийнхүү үйл ажиллагаа явуулж байгаа ICD эрхэм зорилгоо "Мэргэжлийн шүдний эмч, эмнэлгийн үйлчилгээг өргөжүүлэн, бүх хүн төрөлхтөний ашиг тусын тулд үйлчилнэ” хэмээн тодотгожээ.

Тус бичвэрийг бичиж олон нийтийн анхаарлыг татаад байгаа Акира Сенда хэмээх энэ эрхэм бол Олон улсын шүдний эмч нарын холбооны гишүүн, Шүдний эрүүл ахуй ба тархац судлаач, шүдний мэс засалч, Япон улсын Айчи мужийн "International College of Dentist” сургуулийн префессор. Энэхүү коллежийн оюутнууд баг болон дэлхийн улс орнуудаар явж, Дархан-Уул аймагт үзүүлсэн үйлчилгээгээ үзүүлдэг юм байна.

Тухайлбал, доорх зурагт Филиппин, Хятад, Шри-Ланк, Их Британи болон Канад улсуудад ажиллаж байгаа багийн бүрэлдэхүүн харагдаж байна.

-ЭМЧИЛГЭЭ ХИЙХ ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ ГЭВ-

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа, тэр дундаа эмчлэх үйл ажиллагаа явуулахдаа заавал Эрүүл мэндийн хөгжлийн төвд хандаж зөвшөөрөл авах ёстой байдаг. Зөвшөөрөл хүссэн өргөдөл ирүүлсэн тохиолдол Эрүүл мэндийн хөгжлийн төв энэхүү өргөдлийг хүлээн авч, Эрүүл мэнд спортын яам, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар зэрэг хэд хэдэн байгууллага хуралдаж лиценз олгоно.

Учир нь хүн ардын эрүүл мэндийн асуудлыг хариуцаж байгаа яам, тамгын газар эмчилгээ явуулах гэж байгаа эмч нарын түүх, намтар, боловсролтой танилцаж, манай улсад эдгээр эмч нарын хэрэгцээ шаардлага үнэхээр бий юу, ямар зорилготой, ямар эм бэлдмэл хэрэглэх зэргийг шалгаж байж зөвшөөрөл олгож, хяналт тавьдаг. Манай улсад Засгийн газрын гэрээгээр маш олон гадаад эмч ирж, Монголд хийх боломжгүй хагалгаануудыг хийж байсан тохиол цөөнгүй.

Гурав дахь жилдээ ирж байгаа эдгээр баг бүрэлдэхүүний тухайд зөвшөөрөл аваагүй, архиваа шүүж үзэхэд өнгөрөгч наймдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан баримт, сэлт олдсонгүй гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс бидэнд мэдээллээ.

Уг нь Монгол Улсад эрүүл мэндийн чиглэлээр эмчилгээ, үйлчилгээ явуулж байгаа л бол заавал Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зөвшөөрөл авч, хурлаар оруулах ёстой. Ингэснээр ЭМСС-ын тушаал дараах жишгээр гарна. /http://www.chd.mohs.mn/edict/edictfiles/edict176.pdf / Үгүй бол хэн дуртай нь ирээд, эмчилгээ үзүүлнэ гэсэн нэрийн дор чанарын шаардлага хангаагүй ямар эм бэлдмэл, ариун цэврийн шаардлага хангахгүй техник технологиор үзлэг хийдгийг бид мэдэхгүй билээ. Хэрэв зөвшөөрөл авсан бол Дархан-Уул аймагт эмчилгээ үзлэг хийсэн 32 эмчийн боловсролын намтар бүхий 32 материал Эрүүл мэндийн хөгжлийн төвийн архивт үлдсэн байх ёстой юм байна.

-МОНГОЛЫГ МИНЬ АУГАА БОЛГОХ ШИНЭ УДИРДАГЧ АЙСУЙ-

С.Ганбаатар гишүүний "санаачилсан” гэх сайхан санаа, "Эрүүл хүн үндэсний баялаг” уриатай үзлэг эмчилгээний тухай цухас дурьдахад ийм байна.

Саяхан түүнийг Монголыг минь аугаа болгох шинэ удирдагч хэмээн цахим хуудсаар шуугисан юм. Тодруулбал, түүний туслах Б.Өлзийбат саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар Сочи хот дахь засгийн газрын эзэмшлийн сууцанд хамтдаа өглөөний дасгал хийж байгааг харуулсан зургуудыг "Аугаа Путинлизм... Монголыг минь аугаа болгох шинэ удирдагч тун удахгүй. ‪#‎Монгол  босно” гэсэн тайлбартайгаар олон нийтэд цацжээ.

Б.ГЭРЭЛ

http://www.medee.mn/main.php?eid=67880

Санал болгох

Сэтгэгдэл

top