|

Юанийн ханш хэрхэх бол

namuunaa 2015/09/07 847 0

Дэлхийн валютын нөөцийн сагсанд багтах амбицтай БНХАУ-ын юанийн албан ханш өнгөрөгч наймдугаар сард нэг өдрийн дотор 1.9 хувиар суларсан. Хятадын Ардын банкнаас сүүлийн 20 жилд анх удаа юанийн ханшийг ийнхүү сулруулсан явдал нь дэлхийн зах зээлийг цочиролд оруулж, зарим орны мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлсөн. Тухайлбал, Казакстаны тэнгэ нь чөлөөт хөвөгч ханшийн тогтолцоонд шилжих нэрээр нэг өдрийн дотор 20 гаруй хувиар суларсан юм. Харин Монгол төгрөг хоёр өдрийн дотор юанийн эсрэг 4 орчим хувиар чангарч, нэг юань 320.2 төгрөгөөс 308.7 төгрөгт хүрч байсан билээ.

 

 

Нэг талаас, дэлхийн хоёрдогч том эдийн засаг болох Хятад улсын ДНБ-ийн өсөлт сүүлийн жилүүдэд тогтмол буурч 2015 оны II дугаар улирлын байдлаар 7.0 хувийн өсөлт үзүүлээд байна. Мөн оны долдугаар сарын экспортын мэдээгээр 8.6 хувийн уналт үзүүлсэн, цаашлаад үйлдвэрлэл, үйлчилгээний салбар тогтмол уналтыг үзүүлсэн статистик мэдээнүүд гараад байна.Хятад бол дэлхийн хамгийн том экспортлогч, хоёрдогч том импортлогч орон. Хятадын гадаад худалдаа 2001-2013 оны хооронд жилд дунджаар 19.1%-иар өссөн бол юаниар хийгдэх төлбөр тооцоо 700 гаруй тэрбум ам.доллартай тэнцэж байна.

Нөгөө талаас, өнгөрсөн оны бүх Хятадын III дугаар Их Хурлаар эдийн засгийн өсөлт, зах зээлийн чөлөөт байдлыг нэмэгдүүлэх зорилгоор захиргааны хяналтыг урт хугацаанд бууруулахаа мэдэгдсэн нь юанийг олон улсын валют болгох сонирхолыг илтгэсэн юм. Тэр ч бүү хэл ОУВС-гийн зээлжих тусгай эрхийн багцад оруулж нөөцийн валют болгохоор хэлэлцэгдэж эхэлсэн нь нэгэнт хэтийн бодлого бус өнөө маргаашийн асуудал болоодбайсан билээ. Энэ хүрээнд Хятадын Ардын банкнаас юаниар нийт 24 улсын Төв банкны үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг байгуулсан нь 2.6 их наяд юань буюу 424 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрээд байгаа билээ.

Ийнхүү ханшаа сулруулсан нь экспортыг нэмэгдүүлэх, ханшийн бодлогыг зах зээлийн суурь нөхцөлд илүү ойртуулах зорилготой байсан. Юанийн ханшийг дахин сулруулах нөхцөл бүрдээгүй гэж Хятадын бодлого тодорхойлогчид мэдээлж байгаа.

Харин зарим санхүүгийн шинжээчид юанийн ханш дахин сулрахыг үгүйсгэхгүй байгаа юм. Учир нь Хятадын хөрөнгийн захад үүссэн хөөсрөл, өрийн дарамт нэмэгдсэн буюу улсын нийт өр ДНБ-ны 80%-д хүрсэн, худалдааны гол түнш орнуудын эдийн засгийн хямралт байдал нь Бээжингээс хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдэд томоохон сорилт учруулж байгаа. Уруудаж буй эдийн засаг гадаад хуралдааны тэнцлээ сайжруулахын тулд ямар ч арга хэмжээ авахаас буцахгүй гэж үзэж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top