|

Хэлмэгдэгсдийн ар гэрт сар бүр тэтгэмж олгох тогтоолын төсөл өргөн барив

namuunaa 2015/09/11 792 14
 
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, М.Энхболд, УИХ-ын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн "Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-аас баталсан хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 20 дахь удаагаа тэмдэглэж байгаа бөгөөд Цагаатгах ажиллагаа эхэлснээс хойш 2015 оны эхний долоон сарын байдлаар 31.1 мянга гаруй хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болохыг албан ёсоор тогтоон, цагаатган нэр төр нь сэргээгдээд байгаа юм байна.

Мөн өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Д.Арвин нарын санаачилсан "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. Төсөлд дурдсанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, буудан алах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, хүүхэд буюу "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувьтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг төрөөс сар бүр олгох талаар холбогдох судалгааг хийж, хуулийн төслийг нэн даруй боловсруулан УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалган, чиглэл болгожээ.
Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top